2022 онд дэлхийн хэмжээнд цаазаар авхуулсан хүмүүсийн тоо 883-аас давжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Эмнэсти интернэшнл байгууллага мэдээллээ.
Цаазаар авах ялтай холбоотой мэдээ баримтуудаа ил нийтлүүлдэг улсууд болон хүний эрхийн байгууллагуудын мэдээлэлд тулгуурлаж Эмнэсти интернэшнл байгууллага энэ талын 2022 оны тайланг гаргаснаа өчигдөр танилцуулжээ.
Эндээс үзвэл, Иранд наанадаж 576 хүн цаазлуулсан дүн гарсан бол, Саудын Арабд 196, Египетэд 24 хүн ийм ял авсан байна. Энэ гурван улс хамтдаа, дэлхийн хэмжээнд гүйцэтгэсэн нийт цаазын ялын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Ираны энэ үзүүлэлт өмнөх жилийнхээсээ 83 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Тайланд өгүүлэхдээ, “Ираны эрх баригчид цаазаар авах ялыг улс төрийн хавчлага шахалтын хэрэгсэл болгон ашиглаж, үндэсний цөөнхийн гишүүдийг ялгамжгүйгээр хороосоор” байна. Энэ нь “тухайн үндэсний цөөнхүүдийн эсрэг урт удаан хугацааны туршид үргэлжилж байгаа, хэзээнээс тогтсон ялгаварлан гадуурхал, залхаан цээрлүүлэлтийн нэг хэсэг болж байна” гэж илтгэлд тэмдэглэжээ.
АНУ-ын тухайд, зургаан муж улсад 18 хүнийг цаазаар авсан бол, Японд нэг хүнд цаазын ял оноосон байна. Хятад улс энэ талын тоо баримтаа нийтлүүлдэггүй боловч нээлттэй мэдээ баримтуудаас үзэхэд жил бүр хэдэн мянган хүн цаазлуулдаг байна. Улмаар “Эмнэсти интернэшнл” байгууллага цаазаар авах ял хэрэглэсэн байдлын талаарх мэдээллээ ил болгохыг хятадын эрх баригчдад дахин уриалжээ.