Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Бид “Залуус” булангаар дамжуулан тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг уншигчидтайгаа хуваалцахыг зорьж байгаа билээ. Энэ удаад "Ноорог" креатив студиогийн контентын зохиолч, сэтгүүлч, “Phoenix Tsotan’s diary” цахим хуудсын админ О.Пагмыг урьж ярилцлаа.
-Жинхэнэ нэр тань Пагма боловч олны дунд Цотан нэрээрээ илүү танигджээ. Энэ нэрийнхээ тухай тайлбарлавал?
-Пагмаа гэж дуудуулснаас Цотан гэж дуудуулах нь хүмүүст илүү хурдан цээжлэгддэг. Бага байхад янз бүрийн нэрээр фейсбүүк хаягаа нэрлэдэг байсны нэг жишээ нь, миний хаяг Цотан гэдэг нэртэй. Тэгээд өөрийн цахим хуудсаа энэ нэрээрээ нэрлэсэн юм. Монголын Нууц Товчоо дээр гардаг нэр шүү дээ.
-Та улс төр судлаач мэргэжилтэй. Гэтэл залуус таныг сэтгүүлч, кино шүүмжлэгч гэдгээр нь илүү мэдэх юм. Улс төрийн ангийг яагаад сонгож, улс төрөөс урлагийн салбар луу хэрхэн холбогдсон бэ?
-Би 2020 онд МУИС-ийн улс төр судлалын ангийг төгссөн. Утга зохиол, яруу найрагт багаасаа дуртай байсан. Аав маань ер нь үргэлж ном уншдаг хүн бий. Ялангуяа “Тунгалаг Тамир” романыг байнга уншдаг. Аавын тэр уншдаг байдал, мөн аавын яруу найрагч найз нарын ном гээд эдгээр зүйлтэй холбоотой гэх юм уу. Утга зохиол, уран зохиолд хайртай. Улс төр судлаач мэргэжлийг бол өөрөө сонгосон. Яагаад гэвэл философи үзэхийг хүсдэг. Яг философийн ангийг сонгоно гэхээр сонин байсан учраас философи түлхүү ордог ангийг сонгож орсон нь улс төр судлалын анги байсан. Дотор нь бас сэтгэл судлал болон сэтгүүл зүйн хичээлүүд ч байсан.
Би ер нь урсгалаараа хүн шүү дээ. Зарим зүйл болох ёстой болохоороо л болдог гэдэгт итгэдэг. Өнгөрсөн хугацаанд энэ бүхэн зүгээр л миний хийх ёстой зүйлс байж, болох ёстой юм болдгоороо л болсон байж. Түүнээс биш ингэж сонгоод тэгж сонгоод гэдэг зүйл огт байхгүй. Солиотой сонсогдож магадгүй ч би хувь тавиланд итгэдэг/инээв/.
-Та Японд нэг хэсэг амьдарсан. Цахим хуудсандаа бичсэн зүйлсийг тань харахад Японтой яалт ч үгүй холбоотой байдаг. Ер нь тэнд очих болсон шалтгаан, очоод хэр байсан талаараа дурсвал?
-Японд коронагийн үеэр очиж байсан. Уг нь бол би есөн сард явах ёстой байсан. Гэтэл ковидоос болж хойшлоод явахаа болихоор шийдчихсэн байсан. Тэгсэн 12 дугаар сарын 3-ны өдөр над руу холбогдоод тикет гарчихлаа, хэрэв явахаар бол мөнгөө төлөөрэй гэсэн. Тэгээд би бүр шоконд орчихсон. Хоёрхон хоногийн дараа явах болоод бүх юм тулчихсан байдаг. Дээрээс нь гадуур коронатай, би Төв аймагт гэртээ байсан. Тэнд иен ч солих банк байгаагүй. Нисэх буудал руу явахад хүртэл зөвшөөрөл авдаг ч юм уу ер нь бөөн асуудал болж байж Японд очсон. Очиход бас л коронагаас болж хөл хорионд орчхож байгаа юм. Сар гаруй ганцаархнаа хөл хорионд байсан. Тэр хугацаандаа би яг өөр улсад ирчихсэн гэдэг мэдрэмжийг авахад ч маш хэцүү байсан. Би Монголд байхдаа сэтгэл гутралтай байсан юм. Түүнээс болоод ч юм уу Японд очоод бүр их хэцүүдсэн. Хэл мэдэхгүй, таньдаг хүн байхгүй, мөнгө байхгүй гээд маш олон асуудалтай. Энэ бүгдээс яаж гарахаа сайн мэдэхгүй байсан. Тэгээд 12 дугаар сарын 25-нд цахим хуудсаа нээж байсан. Тэр өдөр би Саташи Кон найруулагчийн “Токиогийн загалмайлсан эцгүүд” анимэг үзэж, надад маш гайхалтай мэдрэмж төрүүлсэн.
Би ер нь энд ганцаараа байх юм чинь ямар нэгэн ханьтай, сэтгэлээ уудалдаг нэг зүйлтэй байх ёстой юм байна гэж бодоод пэйжээ нээсэн. Хэдий гэр бүлийнхэн, найзууд маань санаа тавьж байгаа ч хүний газарт очоод яг ганцаараа байгаа тохиолдолд бүх асуудлыг ганцаараа даван туулж, шийддэг. Ялангуяа сэтгэл зүйн асуудлуудыг. Сэтгэл гутралтай үед хүний нутагт түүнийгээ даван туулахын тулд чи өөрөө л хичээх ёстой гэсэн тийм байдалд орчхож байгаа юм.
-Цахим хуудсаа яагаад ингэж нэрлэсэн бэ?
-Пэйж дээрээ хамгийн анх хийж байсан пост маань “Галт шувуу шиг өөрийгөө шатаамаар, үнсэн дундаасаа эргэн төрмөөр” гэдэг нэртэй. Тэр нь бол нэлээн их сэтгэл гутралтай, тэгсэн хэр нь цаанаа бага зэргийн гал цог байгаа. Сэтгэл гутрал, энэ бүхнийг хуулж авч байгаад би шинэ хүн болохыг хүсэж байна гэсэн санаа.
-Цахим хуудас дээрээ та киноноос гадна сэтгэл мэдрэмжээ их бичдэг. Тэгэхээр энэ пэйж таны хувьд нэг бодлын сэтгэл зүйн мэдрэмжээ илэрхийлэх талбар гэмээр санагддаг. Энэ тухайд?
-Сэтгэл зүйн мэдрэмжээ илэрхийлэхээс гадна өөрийгөө анагаах газар гэх юм уу. Дээрээс нь олон хүнд, битгий санаа зовоорой, чамтай яг ижилхэн мэдэрч байгаа хүмүүс байгаа шүү, чиний бүх зүйл болж байсан ч чи таагүй, тухгүй байгаад байж болно. Сэтгэл гутрал гэдэг зүйлийг мэдэрч байгаа хүмүүс энэ хорвоо ертөнцөд өчнөөн байгаа шүү. Битгий ганцаараа юм шиг өөрийгөө бодоорой. Зүгээр, нэг өдөр л бүх зүйл сайн сайхан болно гэдгийг хуваалцахыг хүсдэг. Пэйжийн чат руу бас олон хүн бичдэг л дээ. "Яг ингээд эморч байтал таны бичсэнийг уншаад ядаж л би ганцаараа биш юм байна гэж боддог шүү" гэж.
Миний хувьд ер нь их хичээх ч юм уу амжилттай байх гэдэг зүйлс их тэнэг санагддаг. Ялангуяа залуусыг тиймэрхүү байдал руу уриалан дуудаад тэгэх ёстой, ингэх ёстой гээд заагаад байдаг нь надад үнэхээр галзуу сонсогддог. Хүмүүс ямар ч сэтгэл зүйтэй байж болно. Хүн болгоны тэр бүх зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг, ойлгодог байх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, киноны ревьюгээ ворд дээр бичихэд ойролцоогоор 4-8 хуудас байдаг. Гэтэл хүмүүс утсаараа гүйлгээд харахад богинохон юм шиг санагддаг. Тэгэхээр хүмүүсийн анхаарлыг жаахан удаан хугацаанд төвлөрүүлдэг байгаасай гэсэндээ аль болох урт зүйлс бичихийг хичээдэг. Яагаад гэвэл бид нар ер нь гуравхан секундын ой тогтоолттой, анхаарал төвлөрөлтэй болчхоод байна шүү дээ. Ийм хурдацтай, солиотой нийгэмд зүгээр л тайван суугаад аяга цай уугаад, хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлээд, үгүй гэхэд тайван байх боломжийг хүмүүст аль болох түгээхийг хичээдэг.
-Та хүмүүст бас кино үзүүлж, кинотой холбоотой үйл ажиллагаа зохион байгуулаад эхэлсэн шүү дээ. Энэ талаараа тодруулбал?
-Кино ивент хийгээд удаагүй байна. Нэг удаа л зохион байгуулсан. Тэр нь Пак Чан Вук найруулагчийн “Decision to leave” киногоор хийсэн. Хамгийн гол нь энэ уран бүтээл өмнө нь Монголд гарч байсан боловч долоо ч хонолгүй театрын дэлгэцээс буучихсан. Сайн уран бүтээлийг хүмүүс үздэг байх ёстой гэж би боддог. Тийм учраас аль болох сайн, чанартай уран бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр нь хүмүүст хүргэх, хамгийн гол нь үзсэнийхээ дараа ярилцах нь чухал. Гэхдээ би ганцаараа үүнийг хийдэггүй. Манай найзууд надад тусалдаг. Нэг найз маань орчуулгыг нь хийж байгаа. Мөн дээрээс нь ийм кино ивент хийж байгаа өөр хүмүүс байдаг. Кафе 4450 гэхэд л хагас сайнд долоо хоног бүр маш сайн уран бүтээлүүдийг гаргаж, тэнд үзэгчдийг бэлдэж байна. Хүмүүс тухайн өдрийг хүлээгээд цагаа зориулж очиж байна гэдэг нь ирээдүйн сайн үзэгчдийг бэлтгэхэд чухал нөлөөтэй. Бас сайн уран бүтээлүүд цөөхөн хоноод буухаа болино л гэсэн үг.
-Кинотой холбоотой үйл ажиллагаанууд болон кино шүүмж бичиж, санал сэтгэгдлээ хуваалцдаг хүмүүс тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. Энэ хэрээрээ үзэгчдийн боловсролд хэр нөлөөлж байна гэж хардаг вэ?
-Тэр талаар айхавтар сайн мэдэхгүй байна. Гэхдээ үүнээс болж найзуудтайгаа ч тэр, танилуудтайгаа ч тэр маргалдаж, зөвшилцөх тал их байдаг. Ер нь сайн ч бай муу ч бай бүх зүйл хөгжлийнхөө шатанд аль аль нь байх ёстой гэж би боддог. Сайн кино ч гарч байх хэрэгтэй, муу кино ч гарч байх хэрэгтэй. Харин түүнийг үзэж байгаа үзэгчид ялгаж салгадаг байх. Магадгүй тэр найруулагчийн л бүтээл гарахыг хүлээдэг ч юм уу. Эсвэл тэр продюсерын л киног гэж үздэг иймэрхүү чиглэл рүү явах юм бол монгол кино бүр сайн, гайхалтай болох байх. Бид их сайн нөлөөлөөд байгаа гэж бодохгүй байв чиг кино уран бүтээлчдэд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс пэйжүүдээр дамжуулаад хүмүүст бас нөлөөлж байгаа. Тийм учраас киноныхоо нээлтэнд урьдаг эсвэл киноныхоо өмнө тусгай үзвэр хийх гэхчлэн санал бодол, сэтгэгдлүүдийг тусгаж авах, зүгээр сонсож, ярилцах гэх мэт чиглэл рүү ямар ч байсан ирсэн байна. Гурван жилийн өмнө бол ийм байгаагүй.
Мэргэжлийн шүүмж чухал ч түүнийг кино сонирхогчид битгий хэл кино уран бүтээлчид ч олж уншиж чаддаггүй. Учир юу гэвэл, тэр шүүмжүүд нь нэг номонд ороод хав дарагдчихдаг. Тэгээд дараагийн дипломын ажил юм уу, эрдэм шинжилгээний өгүүлэл л болдог. Тэрнээс биш нийтэд хүртээмжтэй биш. Урлаг хүртээмжтэй байх хэрэгтэй. Гэтэл мэргэжлийн шүүмжийг хүн бүр уншиж, ойлгож, хүрч тэмтэрч чаддаггүй энэ байдал нь хөдөлбөргүй үнэн.
Урлагийг цөөнхийн мэт аашилдаг хүмүүс олон. Киночид дундаас арт чиглэлийнхэн ч тэгж аяглана. Гэтэл хэн хэзээ ч үзэж, харж, мэдэрч болох зүйл өөрөө урлаг, тэр дундаа кино урлаг. Тиймээс л олон нийтэд зориулсан, интернэт орчинд хөрвөх кино уран бүтээлийн тухай бичвэрүүд заавал байх ёстой гэж боддог.
-Японд очоод энэ пэйжээ нээхээс өмнөх Цотан болон нээсний дараах Цотан хоёр юугаараа ялгаатай байна?
-Пэйж нээсэнтэй холбоотой гэж нэг их бодохгүй байна. Энэ бол орчноо сольсон, Япон руу явсан болоод мэдрэмжээ чимээлдэг болсонтой л холбоотой. Ялангуяа ганцаараа байгаад, өөрийнхөө ганцаараа байгааг бас өвдөж байгаа бол өвдөж байгаагаа хүлээн зөвшөөрөх, жаргалтай байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх, санаа зовоож байгаа зүйл байвал түүнийг орхих гэдэг ч юм уу эдгээр зүйлс. Тэгээд мэдээж хүн ганцаараа байгаад ирэхээр ямар нэгэн зүйл хийхийг хүснэ шүү дээ. Ном унших эсвэл кино үзэх, бичих, хэн нэгэн хүнтэй гадуур гарах гэхчлэн эдгээр зүйлс нь хүнийг давхар хөгжүүлж, төлөвшүүлдэг иймэрхүү процессууд бий болж байгаа юм шиг санагддаг. Нэг ёсондоо чи нэгэн хэвийн, тогтсон хэв маяг бүхий амьдралтай байснаа гэв гэнэт гадагшаа яваад чиний амьдрал нэг бүтэн эргээд өглөө нь хичээлдээ яваад, өдөр нь ажиллаад, шөнө нь ажиллаад жаахан унтаад буцаад өглөө нь хичээлдээ яваад тэгээд шөнөжин амьдралын тухай эргэцүүлээд бодоод ирэхээр аандаа бүх юм өөрчлөгдөж байгаа юм шиг санагддаг гэх юм уу. Токио руу явж ирээд манай найзууд намайг их өөрчлөгдсөн гэдэг. Нэлээн дуугүй болчихсон гээд. Би их галзуутай хүн байсан шүү дээ. Одоо ч гэсэн тэр зүйлс надад байгаа. Гэсэн ч тэр байдал нь арай багасчихсан гэж хэлдэг. Гэтэл тэр байдал маань надад их таалагдсан.
Яг ганцаараа амьдраад үзсэн чинь би их дуугүй, чимээгүй, дотогшоо хүн байжээ. Үүнийгээ мэдээгүй зөндөө олон жил болчихсон байж. Тэгээд энэ бүхнийг мэдэх боломж олдсон нь гадагш явах, тэнд байсан зүйлс нөлөөлжээ.
Зарим хүмүүсийн хувьд би галзуу, эрч хүчтэй ч юм уу тийм байж болох. Заримынх нь хувьд авралгүй эмо ч юм уу. Тэгтэл аль аль нь надад бий. Өөртөө байгаа аль аль зан чанарыг хайрлах ёстой. Эмо байлаа гээд чи эмо өөрийгөө хайрлахгүй байж болохгүй шүү дээ. Үхмээр санагддаг өөрийгөө ч хайрлахгүй байж болохгүй юм л даа. Үхмээр санагддаг тэр байдалтайгаа, эрх чөлөөтэй байдалтайгаа, хүлцэнгүй, нунж дорой байдалтайгаа эсвэл цоглог, өөртөө итгэлтэй байгаа гэдэг ч юм уу энэ бүхэн бүгдээрээ нийлээд "би" болоод "чи", энэ хүмүүс, энэ нийгмийг цогцлоодог гэж боддог. Өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрөх, өөртөө байгаа дотоод хүмүүсийг хайрлах нь чухал гэж боддог болсон. Энэ байдал нь Япон явахын өмнөх би болон яваад ирсний дараах миний ялгаа. Өмнө нь би сэтгэлээр ингэж унах хүн биш, цоглог, амьдралыг өнгөтөөр, өөдтэйгээр хардаг хүн гэдэг байсан бол одоо өөрийгөө няцааж, нухчин дарах шаардлагагүй болсон.
-Японд нэг жил амьдраад ирэхэд Монголдоо энэ л зүйлийг өөрчлөх юм сан гэж бодсон зүйл юу байна?
-Би Японд анх очихдоо япон хэлний ямар ч мэдлэггүй байсан. Гэтэл ямар ч асуудалгүйгээр төөрөлгүйгээр гэртээ харьж чаддаг тийм хэмжээний зам талбай, тээврийн асуудал, холбоо харилцааны тал дээр маш сайн байдаг. Тэгээд хамгийн түрүүнд ийм зүйлийг Монголд байгаасай гэж хүсдэг. Саяхан манай Төрийн ордны хашааг будсан даа. Би яг Төрийн ордны хажуугаар алхаж байтал хашчихсан байсан. Явган хүний зам тэнд байдаг байсан учраас будаж байгааг нь мэдэлгүй тэндүүр алхсан юм л даа. Тэгээд би бүр машинд дайруулан алдаад явж байгаа юм. Гэтэл Японд бол жижигхээн, алга дарамхан газрыг будахын тулд хэдэн хүн зогсчихсон "танд төвөг удаж байгаад уучлаарай. Та тойроод гарчих, энэ зам маргааш гэхэд л зүгээр болчихно" гэдэг ч юм уу. Монголд харин тоож байгаа ч юм байхгүй. Бүхэл бүтэн 200, 300 метр газрыг хашаагаар хаачихсан хэр нь уучлаарай энд зам байхгүй шүү, та нөгөө талын явган хүний замаар гараарай гэсэн тэмдэглэгээ ч байхгүй. Энэ бол хүнээ бодохгүй байгаагийн нэг илрэл мөн.
-Тэгвэл япон болоод монгол залуусын ялгааг хэрхэн мэдэрч, яаж хардаг вэ?
-Сайн мэдэхгүй байна. Монголд залуучууд амьдрах гэж маш их тэмцэж байхад япон залуучууд амьдрах гэж тэмцэхээ бараг больсон. Яагаад гэвэл тэнд бүх зүйл хэтэрхий үнэтэй. Байр, газар гээд л, бас хүүхэдтэй болбол хүүхдээ тэжээх нь хүртэл маш үнэтэй. Тиймээс залуучууд ихэвчлэн ганцаараа амьдрах сонголтыг хийдэг болсон. Тэр нь арай илүү амар амьдрал гэж. Гэтэл Монголд залуучууд амьдрах гэж үнэхээр хэцүү байна. Учир нь, авч байгаа цалингийнх нь талаас дээш хувь нь түрээсийн мөнгөндөө явчихдаг. Өдөрт дунджаар 10 мянган төгрөгийн хоол идлээ гэж бодоод ажлын хорин хоногтой гэж үзэхэд хоёр зуун мянган төгрөг нь хоолондоо орчихдог. Ингээд байрны мөнгөн дээр хоолны мөнгө нийлээд цалин нь дуусчихвал яах вэ? Тэр хүн аль мөнгөөрөө өөрийгөө хөгжүүлж, аль мөнгөөр нь жүжиг үзэх вэ? Аль мөнгөөр нь ээж аавыгаа ачилж, аль мөнгөө хадгалж, аль мөнгөөраа аялж, аль мөнгөө тэтгэвэртээ цааш нь зарцуулах вэ гэдэг асуудал. Харин ч Монголд амьдарч байгаа бүх залуусаар бахархах хэрэгтэй гэж боддог.
-Киноны ревью бичихээс гадна та кино уран бүтээлд бас ажиллаж байсан. Энэ туршлагаасаа ярьвал?
-Монголд ирээд кино хийхийг маш их хүсэж байсан учраас тэр үеэр “Цэнхэр тэнгэрийн цаана” кино фестиваль болж байсан. Тэр фестивальд “Мөчлөг” гээд богино хэмжээний кино хийж оролцож байсан. Түүнээс хойш одоогоор кино зохиол бичсэнээс биш кино хийгээгүй байна.
-Одоо бичиж байгаа кино зохиол бий юу? Нууц биш бол ямар сэдвээр бичиж байна вэ?
-Бичиж байгаа. Жирэмслэлтээс айх айдастай эмэгтэйн тухай зохиол.
-Ер нь дандаа нийгэмд тулгамдаж байгаа асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн тал дээр түлхүү бичээд байна уу?
-Арай илүү мэддэг, сайн мэдэрдэг зүйлээ гаргаж байгаа гэх юм уу. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгаж байгаа юм биш. Гэвч, байгалиас шалтгаалаад хүмүүст ирж байгаа өөр өөр асуудлууд байна. Жишээлбэл, өмнө нь хийж байсан “Мөчлөг” кино маань трансжендер эрэгтэй хүний тухай. Буй биеэ эрэгтэйгээр мэдэрдэг, найз охинтой боловч сар болгон өөрийг нь эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлж байгаа юм шиг, егөөтэй юм шиг сарын тэмдэг ирээд байдаг гэхчлэн. Хүмүүс зүгээр л сар болгон эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал, тэр зүйлийг сонин байдлаар хүлээж аваад байдаг нь надад их сонирхолтой санагддаг. Тийм учраас энэ талаар мэдлэг ойлголт өгөх зүйлс хийхийг хүсдэг. Сая бас нэг жүжиг бичсэн. Сэдэв нь мөн л үүнтэй холбоотой.
-Тэгэхээр нийгэм тэр чигтээ буй зүйлсийг байгаагаар нь хүлээж авахгүй байгаа тэр асуудлыг голчилж хөнддөг гэсэн үг үү?
-Тийм. Заавал нэг чамин ганган байх ёстой юм шиг ойлголт бий. Зүгээр л хүн шүү дээ. Заавал цэцэг шиг, заавал ганган чамин, гоё байх албагүй. Хүмүүсээс битгий тийм зүйл нэхээсэй. Эрэгтэй хүнээс жишээ нь заавал хүчтэй, амжилттай, гэр бүлээ авч явдаг байх шаардлага байхгүй. Эмэгтэй хүмүүс ч гэсэн заавал гоё ганга, үснээс нь цэцэг үнэртээд явах шаардлагагүй шүү дээ. Зүгээр л хүмүүс нэгэнтэйгээ хүн шиг харьцдаг байхад л болно. Түүнээс биш ямар нэгэн гоо сайхан, эдийн засгийн хэмжүүр тавьчхаад түүндээ хүрэхгүй байгаа эрчүүд, эмэгтэйчүүдийг ялгаад байж болохгүй гэж боддог.
-Пэйж дээрээ хамгийн дуртай кино бол “Old boy”, хамгийн дуртай найруулагч Ким ким Дук гээд бичсэн байсан. Тэгвэл танд монголоос хамгийн дуртай найруулагч хэн бэ? Хамгийн дуртай кино юу вэ?
-Миний хамгийн дуртай монгол найруулагч бол Бэгзийн Балжинням. Энэ хүний уран бүтээлүүдэд би маш их дуртай. Яагаад гэвэл киног кино чигээр нь хийсэн хүн шиг санагддаг. Яг дүрсний хэлээр нь тэр кинонуудыг гаргаж чадсан. Кинонуудын метафор, дүрийн хөгжүүлэлт, дүрүүд болон кино нь одоо хэр амьд байгаа байдал гээд бүх зүйл нь гайхалтай. Бүх цаг үеийн шилдэг кинонуудыг нэрлэ гэвэл түүний кинонууд эхний байруудад орохоор хэмжээний тийм найруулагч. Монголын хамгийн шилдэг найруулагч гэвэл би энэ хүнийг нэрлэнэ. Харин хамгийн дуртай кино бол “Би чамд хайртай”. Үзэх болгонд зүгээр ч нэг хайрын тухай гэхээс илүү тэнд бас нийгмийн асуудлуудыг шүүмжилсэн байдаг. Залуучууд ангиараа гутлын үйлдвэрт очоод гуталчин болчихсон байна шүү дээ. Бүгд өөр өөрийн чадвартай байхад хүмүүсийг бүгдийнх нь толгойг зэрэгцүүлж байгаад гутлын үйлдвэрт ажиллуулдаг байдал бол социалист нийгмийг унагасан гол зүйл. Түүнийг хүртэл харуулж, гаргаж ирж чадсан байна шүү дээ. Тийм учраас би Б.Балжинням найруулагчид хайртай.
-Одоогийн кинонууд хуучны киногоо гүйцэж гарахаар бүтээл алга гэж хүмүүс шүүмжилж, өнөө цагийн монгол киноны үнэлэмж үзэгчдийн дунд нэлээн буурчихсан шүү дээ. Таны хувьд энэ талаар хэрхэн дүгнэдэг вэ?
-Өмнө нь хүмүүс яг хийх ёстойгоо хийдэг байсан. Жишээлбэл, найруулагч бол найруулагчийнхаа ажлыг хийгээд, зохиолч нь зохиолоо бичээд л түүнийхээ төлөө цалин авдаг байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Студиуд кино хийхийн хажуугаар халтуур хийдэг ч юм уу. Кино хийх хүсэл нь байв чиг төсөв мөнгөө босгохын тулд залуучууд өөрсдөө өдөр шөнөгүй ажилладаг. Эсвэл өөр ажил давхар хийдэг тийм байдал хаа сайгүй байна. Энэ бол муу гэсэн үг биш.
Мэдээж хувь уран бүтээлч зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулах боломж өгөхгүй байгаа нь үнэн. Гэвч бага багаар энэ бүхэн нийгэм, эдийн засгийн шалгарлын явцад шалгараад сайнууд нь үлдээд, муу нь арчигдаад явах байх. Хангалттай сайн бүтээлүүд сүүлийн жилүүдэд нэлээн гарч, монголын кино урлагт гайхамшигтай зүйлс тохиосон.
Нэг жишээ нь, Каннын кино наадамд найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” гэдэг кино нэр дэвшлээ. Мөн маш олон кино гадны фестивалиудад оролцож байна. Монголын тухай ойлголтуудыг өөрчилж байна. Найруулагч Ж.Сэнгэдоржийн кино гэхэд л монголчуудын хотын амьдралын тухай үзүүлсэн байдаг ч юм уу. Энэ мэтээр монголын кино найруулагчид маш сайн өсөж байгаа.
-Монгол гэхээр л ихэнх уран бүтээлчид тогтсон нэг зүйлийг, ахуй байдлыг харуулдаг нь өнөөгийн үнэн. Тэгвэл монголчуудыг гадаадад илүү сайн таниулахын тулд, тэр жишиг ойлголтоос холдуулахын тулд ямар өнгө аястай байж, юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?
-Өөрийнхөө жишээн дээр аваад үзэхэд л гадаад найзууд маань Монголын тухай ойлголт маш доогуур байсан. Учир нь тэд нар Монголын тухай нэг их сайн мэдэхгүй. Тэгээд интернэтээс Монгол гээд хайхаар тал нутаг, адуу мал, гэр, цэнхэр тэнгэр гэхчлэн иймэрхүү зүйлс л гарч ирдэг. Гэтэл яс үнэн дээрээ Монголын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдардаг, суурин соёл иргэншилтэй болчихсон. Тэгэхээр бидний үзүүлж чадах зүйлс нь магадгүй нүүдэлчин ахуйгаас суурин соёл руу нүүж шилжиж байгаа байдал. Энэ бол их сонирхолтой сэдэв шүү дээ. Энэ дунд хүмүүсийн сэтгэл зүй яаж өөрчлөгдөж байгааг дүрээр илэрхийлж үзүүлж чадвал дэлхий нийтэд илүү сонирхолтой байх. Жишээ нь тэр “Beef” гэдэг кино байна. Энэ кино бол цагаачдын асуудлыг харуулсан. Цагаачид бас л нүүдэллэж байгаа шүү дээ. Улсаасаа өөр нэг улс руу нүүн шилжиж байгаа. Түүн шиг нүүдлийн соёлоос суурин иргэншил рүү шилжиж байгаа энэ хүмүүсийн амьралыг харуулбал их чухал сэдэв гэж бодож байна.
-Таныг кино ревьюгээ оруулсны дараа дэмжсэн эерэг сэтгэгдлээс гадна сөрөг сэтгэгдлүүд бас цөөнгүй харагддаг. Тэр бүгдийг та ер нь яаж хүлээж авдаг вэ?
-Сөрөг сэтгэгдэл ирэх нь жам ёсны асуудал шүү дээ /инээв/. Бүх зүйл эерэг сөрөг, бүх зүйл л байх ёстой. Өөр өөр үзэл хандлагатай хүмүүс оршиж байж энэ нийгэм тогтнож байгаа. Ардчиллын гол шугам бол хүн бүр өөрийн гэсэн үзэл хандлагатай байж түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Тиймээс сөрөг сэтгэгдэл угаасаа байх ёстой. Нэгэнт л би бичих ёстойгоо биччихсэн бол тэр хүмүүсийн хэлснийг тусгаж авах шаардлага байхгүй. Есөн жорын л сэтгэгдэл байдаг. Тэдгээрийг уншлаа гээд миний үзэл бодол өөрчлөгдөхгүй шүү дээ. Хэлэх ёстойгоо хэлсэн, хийх ёстойгоо хийж байгаа бол тэгээд л болсон гэж боддог. Уран бүтээлчид ч гэсэн хэн юу гэж олон долоон юм ярьсан ч тэр хүн бүтээлээ хийчихсэн байна. Тэгэхээр тэр зүйлдээ итгэлтэйгээр, миний харж байгаа өнцөг бол ийм байна гээд. Өөрийн чинь харж байгаа өнцгийг магадгүй дутуу, эсвэл илүү хийчихсэн байж болох. Гэхдээ л өөрийнхөөрөө хийчихсэн гэдэг ч юм уу иймэрхүү зан чанар, цэгц шулуун байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэж, унших их дуртай.
-Бичсэн бичвэрүүдээ эргээд уншихаар засвар оруулах нь хэр байдаг вэ?
-Би өөрөө мэргэжлийн хүн биш учраас заримдаа агуулгын болоод үг үсгийн алдаа гарсан тохиолдол их байдаг. Түүнийг надад хянаад засаж өгөх хүн байхгүй шүү дээ. Тиймээс өөрөө түүнийгээ олон дахин уншаад засдаг. Гэсэн ч алдаа байсаар байдаг. Алдаа байх нь ойлгомжтой. Засаад байсан ч болохгүй байвал тэгээд хаядаг даа /инээв/.
-Та цаашдаа энэ чиглэлээр мэргэшиж суръя гэж боддог уу?
-Байдаг. Би 2024 оны өнгөрөөгөөд 2025 оны эхээр гадагшаа явж сурах гэж байгаа. Киноны шүүмжлэгч, кино зохиолч мэргэжлээр европод сурах бодолтой байна. Одоогийн байдлаар манайд мэргэжлийн кино шүүмжлэгч маш цөөхөн байгаа. Тиймээс тэр хүмүүстэй зэрэгцэж очихыг хүсдэг. Мэргэжлийн сургууль төгсчихсөн мэргэжлийн уран бүтээлчид шүү дээ. Тэр мэргэжлийн хүмүүсийн хийж байгааг мэргэжлийн бус хүн тэр хэмжээнд нь хүртэл сайн шүүмжилж чадахгүй. Тийм учраас энэ чиглэлээрээ мэргэшихийг зорьж байгаа.
-Таны амьдралын хэв маяг хэрхэн өрнөдөг вэ? Ажлынхаа хажуугаар кино үзээд тэгээд рэвьюгээ бичнэ гэхээр яаж энэ бүгдийг зохицуулаад байна?
-Би их завтай, завтай /инээв/. Гэхдээ завтай гэхээсээ илүү би дуртай юмаа хийж байгаа. Гоё хамт олонтой. Түрүүн хэлсэнчлэн би “Ноорог”-т ажилладаг. Бид нар нийгэмд үнэ цэнтэй зүйлсийг олон нийтэд танилцуулах болон цаг үеийн асуудалд хурцаар тавигдаж байгаа, залуучуудын халгаад байдаг хэр нь оролцмоор байдаг тэдгээр зүйлсийг гаргаж ирдэг. Зөв ойлголт мэдлэгийг түгээх зорилготой контентуудыг хийдэг тийм хамт олон дунд ажилладаг. Бидний дунд дарга цэрэг гэхчлэн тийм ялгаа байхгүй. Ихэнх цагаа ярилцаж өрнүүлдэг, нэг нэгнээ нөхөж ажиллах боломжтой байдаг. Ийм газар байгаа урчаас би их чөлөөтэй ажилладаг.
Амьдралын хэмнэл гэвэл, би өглөө эрт босдоггүй. Нэлээн орой босож байгаа. Яагаад гэвэл Токиод хангалттай их өглөө боссон гэж өөрийгөө бодож байна. Тэгээд өдрийн процессууд бол янз янз байдаг. Зарим өдөр бичвэртэй нам суудаг, зарим өдөр гадуур зурагтай байдаг, зарим өдөр эвлүүлэгчтэйгээ хамт сууж ажилладаг ч юм уу, зарим өдөр нь зүгээр л байдаг/инээв/. Амралтын өдрөөр үзсэн кинонуудынхаа бичвэрийг бичдэг. Ихэвчлэн хагас сайн өдөр нэгээс хоёрыг бичдэг. Тэгээд бүтэн сайндаа амарч өнждөг. Заримдаа киноны ивент болж байвал тийшээ явна. Бас үзмээр санагдаж байгаа үзэсгэлэнгээ ажлынхаа өдрийн өглөө үздэг. Заримдаа Төв аймагт байгаа гэр лүүгээ явна. Долоо хоногтоо эсвэл арван дөрөв хоногт нэг удаа ч юм уу уушийн газар очих үе байдаг/инээв/. Найзуудтайгаа сууж ярилцах дуртай учраас цагийг хамт өнгөрөөх дуртай.
-Тэгэхээр хэдий завандаа кино үзэж, шүүмж бичихдээ хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Кино ихэвчлэн ажил дээрээ үзчихдэг. Манай ажлынхан бүгдээрээ кинонд их дуртай. Шүүмж бичих хугацаа бол янз янз байдаг. Киногоо үзсэний дараа хэрэв ямар нэгэн зохиолоос сэдэвлэсэн байвал тэр зохиолыг нь олж унших, өөр ижил сэдэвтэй кино байвал түүнийг нь үзэх гэх мэт хугацаа зарцуулах зүйлс бий. Гэхдээ бичих процесс нь хурдан, дунджаар хоёр цаг орчим болдог. Ихэнх цагтаа бодоод бэлэн болоод бичмэгц их хурдан гардаг л даа. Гадаад кино бол зөвхөн сэтгэлд хүрснийгээ л бичдэг. Харин үзсэнээсээ гадна хүмүүс намайг кинондоо урьж үзүүлсэн тохиолдолд тэр хүмүүсийг хүндлээд бичдэг. Ер нь бол үнэхээр бичмээр санагдсан киногоо л бичдэг.
-Та өөрийгөө нэгээс хоёр үгээр тодорхойл гэвэл?
-Эрх чөлөө гэх юм болов уу. Айлын бага болохоороо ч тэр юм уу, эсвэл багадаа баримтат кино их үзсэн болохоор ч тэр юм уу би эрх чөлөөнд их хайртай. Багадаа амьтны ертөнц үзэх их дуртай байсан.
-Ярианыхаа төгсгөлд асуухад, таны хамгийн чухал үзэл хандлага бол байгаа зүйлийг тэр чигт нь хүлээж авах гэж санагдлаа?
-Гэнэтийн зүйлс хэзээ ч болж магадгүй. Өнөөдөр ч болж магадгүй гэдгийг бүгдээрээ үзсэн шүү дээ. Нэг л өдөр корона гарч ирээд юу боллоо. Тийм учраас зүгээр л өнөөдөртөө хангалуун байхыг илүүд үздэг. Өнөөдөр жаргалтай байвал жаргалтай, өвдөж байвал өвдөж, уйлж байвал уйлна гээд л. Өөрчлөхийг хүсэхгүй, яг ингээд байж байна. Яг ийм тайван байдлыг маань хүмүүс бараг алдагдуулж ч чадахгүй хэмжээний болчихсон гэх юм уу. Энэ нь сайн эсвэл муу эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би ямар ч байсан тухтай, жаргалтай байна. Ямар ч зүйлд харамсал байхгүй. Хийсэн буруу сонголтууддаа ч харамсахгүй байгаа. Сэтгэл гутралтай байгаадаа ч харамсахгүй, өвдөж зовохгүй байгаа гэсэн үг. Зүгээр л буй биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Бусад хүмүүсийг ч мөн тийм байгаасай гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өрнүүн их амжилт хүсье!
-Их баярлалаа.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (3)