СТА, жүжигчин Д.Мөнх-Одтой ярилцлаа. Тэрбээр 11 жилийн өмнө "Ромео Жульетта" жүжгийн мюзикл хувилбарт Ромеогийн дүрийг бүтээж байсан бол өнөөдөр тус жүжгийн Парисын дүрийг бүтээж буй. Ийнхүү нэг жүжгийн хоёр дүрээр үзэгч түмэнтэйгээ уулзаж байгаа юм. Бид түүнтэй тайзны урлагийн сонин сайхан болон, Ромеогийн дүрд тоглож байх үеийн цаг хугацаанд хэсэг саатлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Театртаа ороод хэр удаж байна вэ? Тайзны урлагийн сонин сайхнаас яриагаа эхэлье.
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. УДЭТ-д ороод жил гарны хугацаа өнгөрч байна. Орсноос хойш олон дүрийг нөхөх шаардлагатай болсон. Тэдгээр дүрүүдийн нэг бол “Ромео Жульетта” жүжгийн Парисын дүр. Жаахан хүүхэд байхдаа О.Гэрэлсүх ахыг тоглож байхаас эхлээд “Ромео Жульетта” жүжгийн бүх тавилтуудыг үзэж байлаа. Театртаа ороод өөрийн таалагддаг дүрдээ тоглож байгаад маш их баяртай байна. Энэ дүрийг өмнөх тавилтуудаас арай өөр өнцгөөр харуулъя гэж зорьсон.
-Та Парисын дүрд хэрхэн ажилласан бэ?
-УДЭТ-т орсноосоо хойш сонгодог зохиолуудыг сэргээж уншиж байгаа. Ингэхдээ Европын ихэс дээдсийн зан чанарын онцлогийн талаар их бодсон. Ихэс дээдэс дотор гаж үйлдлүүд их болдог байж. Өнгөн дээрээ гялгар сайхан төрхтэй ч дотоод хүн нь арай өөр бодолтой хүн байдаг. Энэ тал руу нь их бодсон. Жүжгийг үзээд, үзэгч түмэн минь шүүх биз ээ.
-Урлаг нийгэмд ямар нэгэн мессеж өгдөг шүү дээ. Энэ удаагийн жүжгийн тавилтын онцлогийг та юу гэж харж байгаа вэ?
-Үзэгчдэд төрүүлж байгаа мэдрэмж байхгүй болчихвол урлаг байх хэрэггүй болчихно л доо. “Ромео Жульетта” жүжгийг ямар ч цаг үед тоглосон бүх хүн үзэх дуртай байдаг. Энэ удаа найруулагч Н.Наранбаатар ах арай өөрөөр ажилласан. Хэтэрхий хуучны үеийг бариагүй, бүр орчин үе рүү оруулаагүй яг л донжийг нь олж, доозыг нь тааруулжээ хэмээн мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүний хувьд бодож байна.
-Та "Ромео Жульетта" жүжгийн мюзикл хувилбарт Ромеогийн дүрд тоглож байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө юм бэ?
-Тийм ээ. “Ромео Жульетта” жүжгийн мюзикл хувилбар 2012 онд тавигдсан. Францын алдарт продюсер, хөгжмийн зохиолч Жэрард Пресгурвичийн найруулгаар 2002 оноос тавигдсан мюзикл жүжиг байдаг. Тэрхүү жүжгийг Монголынхоо хөрсөн дээр, монгол хэлээр албан ёсны эрхтэйгээр тавьж байсан. Тэр үед Ромеогийн дүрд тоглох завшаан тохиож байлаа. Миний хувьд 2005 онд Монголын анхны мюзиклын ангийг төгссөн учир Ромеогийн дүрд намайг сонгосон гэж боддог. “Ромео, Жульетта” мюзикл хэлбэрээр маш цөөхөн тоглогдсон байдаг юм билээ. Тавилаа гэхэд хэсэг хэсгээр нь, франц хэлээр нь дуулдаг. Харин манай улс өөрийн төрөлх хэл дээр тоглож байлаа.
-Мюзикл хувилбарт ямар уран бүтээлчид хамтран тоглож байсан бэ?
-Тухайн үед янз бүрийн салбараас уран бүтээлчдийг оролцуулсан. Тухайлбал, Харш хамтлагийн Б.Цогтдэлгэр, зууны манлай дуучин Д.Сарантуяа эгч, талийгаач н.Цогоо ах, Б.Отгончимэг гэсэн маш сонирхолтой бүрэлдэхүүнтэйгээр тоглогдож байлаа. Б.Отгончимэг маань Жульеттагийн дүрд тоглосон. Францын элчин сайдын яамтай хамтарч, Ерөнхийлөгчийн ивээл дор тавигдаж байсан.
-Та аливаа уран бүтээлүүдэд эсрэг талын дүрийг ихэвчлэн бүтээдэг. Эерэг дүр гэвэл Ромеогийн дүрийг л мэдэж байна?
-Тийм ээ. Дэлгэцийн уран бүтээл, тайзны уран бүтээл дээр ч ихэнхдээ эсрэг талын дүрд тоглодог. Ганц удаа эерэг дүрд тоглосон нь Ромеогийн дүр байсан. Тэрхүү мюзикл жүжигт Ромеогийн дүрд ажилласандаа одоо хүртэл баяртай байдаг. Багш нар маань чи хоёр талын төрхтэй гэж хэлдэг байсныг ч санаж байна.
-Хамтлагынхаа уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу? Шинэ цомог дээр ажиллаж байгаа тухай сонссон.
-Театраа орсон учраас маш их ажилтай байгаа. Гэрээт уран бүтээлүүд дээрээ үүргийнхээ дагуу ороод явж байгаа учир хамтлагтаа санаа тавих цаг жаахан хомс байна. Гэхдээ бид энэ онд маш том зүйлийг төлөвлөсөн. Энэ жил хоёр дахь цомгоо гаргах гэж байна. Удахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан цоо шинэ уран бүтээлээрээ сонсогч нартайгаа уулзах болно. Мөн мэргэжлийн өндөр түвшинд тоглолт хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Кино, жүжиг, дуу гээд бүгдийг нь амжуулна. Одоо амжуулахгүй юм бол хэзээ амжуулах вэ гээд л дайраад ажиллаж байна даа.
-Орчин үед театрын урлагт дурлах хүмүүс олширч байгаа нь харагдаж байна. Тэдгээр хүмүүст хандаж үг хэлэхгүй юу?
-Театрын үзэгчид жил ирэх тусам залуужиж байгаа нь харагдаж байна. Театрын урлаг гэдэг бол бүх цаг үеийн туршид танд хаанаас ч авч болохгүй мэдрэмжийг өгдөг гэгээн сүм шүү. Тиймээс үзэгч түмэн минь театрт хайртай байгаарай. Хамт байгаарай хэмээн уншигч нартаа хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун