Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар хөдөлгөөний өдөр жил бүрийн 5 дугаар сарын 8-нд болдог. Эл өдрийг Монгол Улсын Засгийн Газраас 2011 онд Үндэсний Хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргажээ. Улмаар энэ өдрийг мөн Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж олон нийт, хүүхэд залууст хүмүүнлэг үйлсийг сурталчилдаг.
Түүхийн хуудсаас дэлгэвэл, Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулсан түүхтэй. Анри Дюнан Сольфериногийн тулалдааны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг удирдан зохион байгуулжээ. Тэрээр 1862 онд “Сольфериногийн дурьдатгал” нэртэй дурсамжийн номоо бичсэн байна.
Анх 1863 онд Анри Дюнан дөрвөн хүнтэй хамтарч “Тавын хороо” буюу шархдагсдад туслах олон улсын хороог байгуулсан нь Улаан загалмай хөдөлгөөний суурь болж, хожим Олон улсын Улаан загалмай хороо болон өргөжжээ. Эдүгээ Улаан загалмай хөдөлгөөн нь Олон улсын Улаан загалмай хороо, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар үндэсний нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Дэлхийн 190 орны үндэсний нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хүмүүнлэгийн сүлжээ байгууллага юм.
Олон улсын Улаан загалмай хороо 1919 онд байгуулагдсан, зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалж, тэдэнд тусалдаг бие даасан, төвийг сахисан байгууллага юм. Холбооны эрхэм зорилго бол хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлж, эмзэг байдалд байгаа иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэж байна. Холбоо нь НҮБ-д ажиглагчийн статустай бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагааг НҮБ болон бусад хамтрагч талуудтай нягт хамтран зохион байгуулдаг. Тухайн улс оронд нэг л Үндэсний нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар хөдөлгөөний зарчмуудыг баримтлан төрдөө нэмэлт хүч болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг сайн дурын идэвхтнүүдэд түшиглэн явуулж байна.
Улаан загалмай хөдөлгөөн Монголд
"Монголын улаан хэрээстийн эвлэл"-ийн анхдугаар Их хурал 1939 оны 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2000 онд баталж, тус хуулийн 5.1 дүгээр зүйлд, “МУЗН нь иргэдээс хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчмуудыг зөвшөөрч, тэдгээрийг болон Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын зарчим, хэм хэмжээ, үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан өөрийгөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус, хүмүүнлэгийн байгууллага мөн” хэмээн заажээ. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд “МУЗН-ийн зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг нь дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино” гэж тодорхойлжээ. Өдгөө манай улсад ЕБС болон Их сургуулиудад сурагчдын өөрөө удирдах байгууллага буюу “Улаан загалмайн клуб” гэсэн статусаар хүүхэд залуусыг үйл ажиллагаандаа хамруулж байна.