УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт эхэллээ. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Бид энэ багц хуулинд зургаан зүйлийг өөрчлөхөөр зорьж байгаа. Нэгдүгээрт, өнөөдөр явж байгаа энэ боловсролын санхүүжилтийн тогтолцоог өөрчилье. Нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардал дээр хот хөдөө, улс хувийн сургуулийн хүүхдүүдийн ялгааг бид үнэлж үзэн тэр хувьсах зардалд нь сургалтын орчнуудын ялгаа, хөтөлбөрүүдийн ялгаа, багшийн арга зүйн чадваруудын ялгааг арилгая, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоё гэж.
Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хот хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулиудын ялгааг арилгах, хамгийн сайн багшаар хичээл заалгах.
Хоёрдугаарт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал. Өнөөдөр манай ЕБС-ийн хөтөлбөрийн шинэчлэл цаг үеэсээ хоцорсон байна. Тийм учраас хөтөлбөрийн шинэчлэл хийж 21 дүгээр зуун буюу аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд амьдрах монгол хүнийг бэлдэх ийм хөтөлбөр байна.
Гуравдугаарт, өнөөдөр Монгол Улсад багш бэлтгэж байгаа тогтолцоо. Багш төгсөөд ажлын байрандаа ажиллах, тасралтгүй хөгжих, багшийн ажлын хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлууд, багшийн нийгмийн баталгааны асуудлууд дээр тодорхой ахиц дэвшил гаргая.
ЕБС төгсөж байгаа хамгийн сайн нь багш болдог энэ тогтолцоо руу бид нар шилжих ёстой юм байна. Дурын сургуулиуд багш бэлддэг байдлыг больё. Багш бэлддэг 40 гаруй сургууль байснаас өнөөдөр 20 орчим болж цөөрсөн. Цаашид багш нарыг бэлтгэхдээ хөтөлбөр нь заавал магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлддэг сургуулиуд байх ёстой гэсэн шаардлага тавьж өгөөд багшийг ажлын байранд очиход нь тасралтгүйгээр хөгжүүлдэг энэ тогтолцоог бий болгоё.
Өнөөдөр хүртэл Монгол улсад явж ирсэн багш нарын мэргэжил дээшлүүлэх институцын тогтолцоог бид нар халж байгаа. Энэ бол үеэ өнгөрөөсөн тогтолцоо. Багш өөрийнхөө хэрэгцээ, шаардлагад тулгуурласан сургалтуудыг ажлын байран дээрээ үргэлж авдаг байх. Мөн хөдөлмөрийн үнэлэмжээ бодитойгоор үнэлүүлдэг энэ тогтолцоо руу шилжүүлье гэж.
Дөрөвдүгээрт, үнэлгээний шинэчлэлийн асуудал байна. Өнөөдрийг хүртэл бид нарын хийж чадаагүй асуудал бол үндэснийхээ үнэлгээг хийж чадаагүй байна.
Өнөөдөр хүүхдэд дүн тавьж байгаа энэ тогтолцоо бол шударга бус, хуурамч тогтолцоо. Тиймээс цаашид бид нар хүүхэд бүрийн боловсролынх нь түвшин, сурах чадвар хурдад нь тулгуурласан ийм үнэлгээний ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоо руу шийлжье.
Хүүхдийн үнэлгээ, багшийн үнэлгээ, сургуулийн үнэлгээ гэсэн үнэлгээний тогтолцоо руу шилжүүлье. Монголд боловсролын үнэлгээний тогтолцоог шинэчлэх зайлшгүй асуудал бий болсон.
Тавдугаарт, боловсролын засаглалын асуудал байна. Сургууль цэцэрлэгүүдийн удирдлагуудыг улс төрөөс хэт хараат томилгоо байна. Тиймээс үүнийг мэргэжлийн чадамж дээр үндэслэсэн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй” гэв.