"Боловсролын багц хууль"-ийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боловсролын хууль нь 52 зүйл, 300 гаруй заалттай дөрвөн багц хууль болно. Монгол улс 1992 оноос хойш анх удаа боловсролын тогтолцоогоо цогцоор нь харж энэ хуулийг боловсруулж байгаа. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, дээд боловсролын түвшинд цогцоор нь авч үзэж байсан хууль байхгүй юм билээ. Олон улсын байгууллага, БШУ, холбогдох төрийн бус байгууллагуудын судалгааны үр дүнд манай боловсролын салбар бол хямралын байдал руу орчихжээ гэж үзэж байгаа. Ийм учраас шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Одоо дээд, мэргэжлийн, ерөнхий, сургуулийн өмнөх боловсролын хууль бэлтгэгдэж байна. Чуулган ерөнхий хуулийн хүрээнд явагдана. Энэ хуулийг үндсэн хууль гэж ойлгох хэрэгтэй.
Боловсролыг болж байна, болохгүй байна гэж бүгд ярьдаг. Яг хэн хэмжчихсэн юм. Монголын боловсрол дэлхийн хаана явж байгааг бид мэдэхгүй. Зарим нэг хүүхдүүд олимдиадад оролцох, зарим нэг багш нар амжилт гаргах бол тодорхой үзүүлэлт мөн. Гэхдээ системийн хэмжээнд ямар түвшинд байгааг бид мэдэхгүй байгаа. Бид боловсролоо үнэлэх ёстой. Хаана алдаж, юу дутуу байгааг мэдэхийн тулд гурван жил тутамд ОУ-ын үнэлгээнд зайлшгүй оруулдаг байх ёстой. Ийм хуулийн зохицуулалт оруулж байгаа.
Бүхий л асуудлыг багц хуулийн хүрээнд шийдэж чадахгүй. Маш их хэмжээний хөрөнгө шаардсан асуудал болно. Монголчуудын хэлдгээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг боломжийнхоо хэрээр асуудлуудыг шийднэ гэж ойлгох хэрэгтэй. Хүлээлтийг бодит болгох нь зүйтэй.
Улсын хэмжээнд хэлэлцүүлгийг хийхэд давхардсан тоогоор 10 мянга гаруй санал ирсэн. Хамгийн их ирсэн санал бол боловсролын салбарт ажиллаж байгаа албан хаагч, багш ажилчдын цалин урамшуулалтай холбоотой асуудал. Дараа нь тэтгэврийн насыг наашлуулах. Гэхдээ тухайн салбарын хуулиар салбарын цалин урамшууллыг зохицуулах асуудал нь төсөвтэй зөрчилдөж байгаа учраас ЗГ-т чиглэл өгөх замаар цалингийн өсөлтийг тогтоох чиглэл рүү ажиллая гэсэн зарчмын шийдэлд хүрсэн.
Манайх багшлах боловсон хүчнээ алдаад дуусаж байна. Боловсролын салбарт ажилладаг хүмүүс гадаад руу ажил хийхээр явж байна. Эсвэл ЭЕШ-т бага оноо авсан хүүхэд багш болдог гэсэн шүүмжлэл байгаа. Бодит байдал ч ийм. Цалин урамшууллыг нэмэх ёстой, хэн сайн зааж, үр дүн гаргасан нь илүү цалин авдаг байх зохицуулалт хийнэ.
Боловсролын салбар, сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг зохицуулалтыг хийнэ. Багшид нэмэлт ачаалал өгөхийг хатуу хориглож байгаа" зэрэг хуулинд тусгах олон зохицуулалтын тухай мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (2)