Яруу найргийн бурхан гэж хэрвээ байдаг бол түүний толгойг эргүүлж яваа хэсэг бүлэг нөхөд “Ярууслын чуулган” нэртэй монгол туургатны цахим яруу найргийн наадмыг улс орон даяар хоёр дох жилдээ зарлаж, олон зуун хүний шүлэг уншиж буй бичлэгээр цахим хуудсаа давлагаалуулж, хандалтаар нь өрсөлдүүлж байна. Юм бүхэнд хэм хэмжээ гэж байдгийн үлгэрээр тэдний энэ үйлдэл улам бүр хэтрээд буйг харан сууж тэсэлгүй энэ нийтлэлийг бичлээ.
Өнгөрсөн сарын 29-ний өдөр “Ярууслын чуулган” фейсбүүк хуудаснаа “Баярт мэдээ” хэмээн тодотгосон "Ярууслын чуулган монгол туургатны яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шүлгээ уншсан 218 яруу найрагчдын шүлэг бүтээлээр ‘Дэлхийн Монгол туургатны яруу найргийн цоморлог’ анхны номыг гаргахаар зорилго тавин ажиллаж байгаа баярт мэдээг хүргэхэд таатай байна. Номын цагаан буян далай мэт цалгих болтугай” гэх нийтлэл оржээ. Энэ тэмцээнийг “Channel 11” телевиз, Монголын Маркетинг менежментийн хүрээлэн, “Shilen.mn” мэдээллийн сайт, “Ярууслын чуулган” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа тухай тэмцээний удирдамжаас харж болно.
Аугаа их Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэнгээс эхлээд өнөө цагийн утга зохиолын түүхэн хуудсыг авьяасаараа хөшүүрэгдэн эргүүлж яваа олон залуусаас тэд уучлал гуйх ёстой. Олныг өрсөлдүүлсэнд нь биш, олиггүй шүлгүүдээр Монгол туургатныг төлөөлүүлэх гэж байгаад нь Монголын утга зохиолын ирээдүйн төлөө шим шүүсээ шахаж яваа олон яруу найрагчид тэднийг буруутгаж байна.
Энэ тухай яруу найрагч Х.Нямхишиг өөрийн цахим сүлжээндээ “Дэлхийн монгол туургатны яруу найргийг "Ярууслын Чуулган"-ы шүлгүүд төлөөлж чадах уу. Цоморлог /анталоги/ хэмээх тодотголын ард шилмэл, сонгомол гэсэн утга, шигшиж шүүсэн гэх агуулга ямагт явж байдгийг хэлүүлэх юун. Тус наадмын нэгдүгээр шатны 218 шүлгийн лавтайяа 80 хувь нь шүлэг гэхэд хэцүү юмс байсныг та ч мэдэж байгаа, би ч мэдэж байгаа, бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Уран зохиолын үнэ цэнэ, нэр хүнд, ахиц хөгжилд нэмэр биш, нэрмээс болж буйг нь ингээд, чимээгүй ширтсээр л суух уу. Уран зохиолдоо бид хайртай биш билүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.
Жинхэнэ яруу найргийн үнэ цэнэ, утга санаа, мөн чанар, сэнхрүүлэхүйн гайхамшиг гэдэг толгойтой болгоных нь ойлгож, амталдаг зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Монголын утга зохиол угтаа яруу найргийг хайрладаг, шимтдэг хэнийг ч гадуурхалгүйгээр халуун энгэртээ тэврэн авсны гор нь одоо л гараад байх шиг санагдана. 1990-2000-аад оны үед “Болор цом” яруу найргийн наадмыг хүмүүс “Бөхийн өргөө”-г дэлбэлчих шахам дүүрэн үздэг байж билээ. Тийм л байсан Монголын яруу найргийн нэр хүнд өнөөдөр бичих дур төдий хэдхэн хүний ашиг сонирхол төдийхнөөр гутаалгах ёсгүйг сануулъя. Сүржин нэр зүүсэн энэ тэмцээний оролцогчдоос авьяасгүй гээд хэлчихээр нь дэндүү олон. Энэ жилийн тэмцээнд модернист Б.Галсансүх тэргүүтэй олон авьяастнууд уран бүтээлээ сойж байгаа. Мөн залуу авьяастнуудын төлөөллөөс ч мэр сэр бий. Тэднийг харлуулах гэсэнгүй. Гэвч нийтэд нь дүгнэхэд л хэлэх үгс ийм байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд "Болор цом"-ын эзэн, Азийн утга зохиолын анхны шагналт, Азийн тэргүүн яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай түрүүлсэн юм. Тэр бол бодь хүн мөнөөсөө мөн. Түрүүлсэнд нь баярласан хүний нэг нь би юм л даа.
Бухимдлын эзэн “Дэлхийн Монгол туургатны яруу найргийн цоморлог” гэх нэр нь хүндэдсэн энэ номд 218 хүний шүлэг багтах гэнэ. Тэндээс хэд нь жинхэнэ Монгол туургатны утга зохиолыг төлөөлөх вэ гэхнэ гарын арван хуруунд л тоологдоно. Энэ мэт завхруулагчдын тусаар жинхэнэ яруу найраг, яруу найрагчдын нэр хүнд газарт унаж яваа гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Чанартай гэчихмээр тоотой хэдэн яруу найргийн тэмцээн манай улсад болдог. Тэрхүү наадмуудад дээрх тэмцээнээс харьцангуй цөөн хүмүүс бүтээлээ ирүүлдэг гэдгийг яруу найрагчид мэднэ.
Дээрх наадам яагаад олон хүнийг хамарч байгаагийн гол учир нь шагналын санд нь байгаа нь мэдээж. Тус тэмцээн өнгөрсөн жилийнхтэй адил буюу 50 сая төгрөгийн шагналын сантай. Ороо бусгаа, үнийн өсөлттэй энэ цаг үед их мөнгөний үнэр хэнийг ч шүлэг бичүүлэх шидтэй аж. Ердөө л нэг жишээ нь энэ болохоос биш “Сүү амтагдсан шүлгийн мөр” гэх мэтчилэн нэр зүүсэн луйварчид олон авьяасгүйчүүдийн шүлгийг түүвэрлэн ном гаргаж, халаасаа зузаалж явсан цаг саяхан шүү. Авьяасгүй, мэдрэмжгүй хүн ном гаргаж болохгүй гэх хууль байхгүй ч урлагийн хөгжлийн төлөө хэнээгээ дарж сурцгаах хэрэгтэй. Жинхэн яруу найрагч энэ хотын хаа нэгтээ чимээгүйхэн шүлгээ бичиж, сэтгэлээ тэмтэрч суугаа.
Мөнгө улаан, нүд цагаан орчлонд авьяасыг мөнгөөр үнэлэх цаг арай л болоогүй шүү та минь ээ!
Сэтгэгдэл (3)