Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Даншиг наадам нь тэртээх 1639 онд анхлан зохион байгуулагдсан Монгол түмний өвөрмөц наадам төдийгүй утга төгөлдөр аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Энэ наадмаас гадаадын жуулчдад төдийгүй монголчуудын хувьд танин мэдэх, ухаарч ойлгох зүйл их байсан. Монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн болсон юм.
Даншиг наадмаар л өргөн олонд дэлгэн үзүүлдэг хүндэтгэлт бүтээл бол Очирваань бурханы их хөрөг. Бурхад хүний наян тохойтой тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж бурханы шашинд үздэг бөгөөд тэр хэмжээгээр урласан зээгт наамлан хөргийг Даншиг наадмын үеэр л дэлгэдэг онцлогтой.
Түүнчлэн энэхүү наадмын нэг онцлог үйл болох цам харайх ёслол. Цам харайж буй амьтад нь ямар бэлгэдэлтэй болох, хувцас өмсгөлийн учир жанцанг тайлбарлан таниулж, сурталчлах ажлыг Гандантэгчэнлин хийдээс хариуцан гүйцэтгэсэн юм.