Италийн Венец хотын нэгэн нуурын хамгаалалтын бүсэд АНУ-ын ерөнхийлөгчийн хүү бага Д.Трамп найзуудын хамт дархан цаазат ховор нугасыг агнаж буй бичлэг тарж, орон нутгийн цагдаа нар хуулийн дагуу шалгаж эхэлжээ.
Италийн хойд хэсгийн Венето мужийн бүсийн зөвлөлийн гишүүн Андреа Занони "зөвхөн Италийн бүс нутгийн оршин суугчид шаардлагатай ан агнуурын лицензийг авах боломжтой" гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэд уг шувууг агнах боломжгүй, зөвшөөрөл олгодоггүй аж.
Түүний хэлснээр, уг бичлэгт бага Трамп Венецийн нуур дахь намгархаг газар болох Валле Пиеримпи ба Кампагна Лупиа дахь анчдын дунд байгааг харуулжээ. Тэрбээр бусадтайгаа өөрийн агнасан ховор нугасны тухай ярьж байв. Нугас буудсан хэрэгт буруутгагдаж буйд нь бага Трампын хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын ерөнхийлөгчийн хүү агнах зөвшөөрөлтэй бөгөөд аливаа мөрдөн байцаалтад хамтран ажиллана гэж мэдэгджээ.
Энэтхэгт Брахмин нугас гэгддэг "улаан шаргал" бол өмнөд Азид өвөлжиж, зүүн өмнөд Европт үрждэг нүүдлийн шувуу юм. Байгаль орчны мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн үржлийн тархац нь өөрчлөгдөж байгаа тул уг амьтны ирээдүйн талаар санаа зовнидог аж.
Бага Трамп арванхоёрдугаар сард найз бүсгүйтэйгээ Венецид айлчилсан гэж Италийн хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 48 настай тэрбээр ан хийх дуртай. 2020 онд түүнд Аляскийн саарал баавгай агнах зөвшөөрөл олгосон байна. Бага Трампын эцгийн тангараг өргөх ёслолд оролцсон Европын удирдагчдын тоонд Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони багтсан билээ.
Л.Баяр