Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ хоёрдугаар сарын 8-нд тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг угтан “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг эмхлэн гаргасан бөгөөд номын нээлт өнөөдөр /2025.02.06/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Номын нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, М.Мандхай, Ж.Галбадрах болон намын удирдах бусад албаныхан, зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөл оролцов.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар номын нээлтэд үг хэлэхдээ Монголын үндэсний бахархалт хүү, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь, биеэ үл хайрлан зүтгэсэн, 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг, БНМАУ-ын Ерөнхий сайд, хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойн мэндийг хүргээд маршалын тухай ийн тодотгов.
Тэрбээр “Эдүгээ Маршал Х.Чойбалсантай холбогдох эд зүйлс, архивын баримтын эх сурвалж, түүнд холбогдох гэрэл зураг, газар орон, байшин барилга гээд бүгд түүх соёлын өв болох нь маргашгүй үнэн юм. Бид Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан 1953 оноос хойш Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж буй Х.Чойбалсангийн хосгүй өв болох Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид, тэргүүлэгчид, Ерөнхий сайдууд, яамдын сайд нар зэрэг 102 эрхмийн гэрэл зураг бүхий цомгийг эмхэтгэн өргөн түмэндээ хүргэхийг зорилоо. Энэхүү цомог 1934 оноос бүтээгдсэн гэж үзэж байгаа бөгөөд гэрэл зургуудын тайлбарыг улаан, хар өнгийн бэхээр монгол бичгээр бичсэнийг энэхүү номд дэлгэрүүлэн бичсэн. Маршал Х.Чойбалсангийн энэхүү цомог нь Монголын түүхэнд нэгэн шинэ эх сурвалж болж, Монгол төрийн зүтгэлтнүүдийн амьдрал, үйл ажиллагаа, намтар судлалд орхигдсон байх зүйлийг тодруулсан гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ. “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг Түүхийн ухааны доктор На.Батболд, Ч.Болдбаатар нар эмхэтгэн гаргаж, Түүхийн ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигт редактор хийж, Монгол Ардын Намаас дэмжин хэвлүүлсэн байна.