Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор махны өргөтгөсөн худалдаа "АСА" аренагийн гадна талбайд зохион байгуулагдаж байна. Уг өргөтгөсөн худалдаанд 30 гаруй аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байгаа юм. Ийнхүү өргөтгөсөн худалдааны талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Цагаан сар болох дөхсөн энэ үед махны үнэ өмнө жилүүдээс нэлээн хэдэн хувиар нэмэгдсэн байна. Иймд ХХААХҮЯ, Нийслэлийн ажлын алба болон махны холбоодтой хамтран махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү өргөтгөсөн худалдаанд хонь болон үхрийн махны худалдаа явагдаж байна.
Чанар, аюулгүй байдлын хувьд үйлдвэрт бэлтгэгдсэн чанарын шаардлага хангасан махнууд бий. 60 гаруй аж ахуй нэгжүүд 2024 онд нийт 71.1 мянган тонн буюу 300 гаруй сая ам.долларын экспорт хийгдсэн.
Үнийн хувьд Хүчит шонхор захын үнэ ханштай дүйцүүлж, хонины мах 12500 төгрөг, үхрийн махыг 14500 төгрөгөөр худалдаалж байна. Бид өдөр өдрөөр үе шаттайгаар аж ахуй нэгжүүдтэйгээ хуваарь гаргаад энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. Хуваарийн дагуу аж ахуй нэгжүүд борлуулалтаа хийгээд явна.
Бид нийлүүлэлтээ харгалзан үзээд баруун, зүүн бүсүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ярилцаж байна" гэв.
Г.Хоролмаа