Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадмыг Хангайн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд тэмдэглэж байгаа билээ. Энэ жил Өвөрхангай аймгийн найман сум тэгш ой, Баянгол сум Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсны ойн баяр давхцаад буй. Тэгвэл энэ жил ойн баяраа тэмдэглэж буй Өвөрхангай аймгийн онцлох таван зүйлийг танилцуулж байна.
1. Үзэсгэлэнт байгаль
Хэрэв та наадам үзэхээр Өвөрхангай аймгийг зорихоор шийдсэн бол үзэсгэлэнт байгалиар аялахыг зөвлөж байна. Аялал жуулчлалын томоохон бүс энэ нутаг нь хангай, тал, говийн гурван бүсийг хамарсан нутагтай. Монгол орны төв цэг энэ нутгийн Бүрд сумын нутагт Өвөрхөшөөт хэмээх газар оршино. Өвөрхангай аймгийн онцлох байгальтай танилцахыг хүсвэл энд дарна уу.
2. Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Занабазар 1635 оны билгийн тооллын есдүгээр сарын 25 өдөр (одоогийн Өвөрхангай аймгийн) Есөн зүйл гэдэг газар, Боржигон овогт халхын түшээт хан Гомбодоржийн гэр бүлд төржээ. Тэрбээр 1654онд Өвөрхангай аймгийн Шивээт ууланд 19 насандаа "Аз жаргалтай ганцаардлын хийд, өндөр Гэгээний урлан" буюу одоогийн Төвхөн хийдийг байгуулсан түүхтэй.
3. Морины шүтээн
Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Арвагар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. Арвагар хээр нэрийн тухайд Арвай будаа шиг олон хурдан хээр адуутай эсвэл арвай будаа шиг тал талаасаа цугалчхаад хуруудаж, айрагдаж зуны сарыг зургаа юм шиг, намрын сарыг найм юм шиг найрлаад байдаг ч малын буян нь барагддаггүй буянтан эсвэл адууны зүс хээр байвал аль ч нутагт арвай будаа шиг хүн малгүй өсөхийн бэлгэдэл гэж үздэг ажээ.
4. Айраг
Монгол орон, малчин тvмний бахархах зvйлийн нэг бол гvvний айраг. Айраг цагаа нь эртнээс нааш монгол угсаатны дунд өв уламжлан хадгалж ирсэн технологи, зан үйлийг шингээсэн өвөрмөц ундаа билээ. Мэдээж өврийн хангайг зорьсон хүмүүст хөхүүрийн айраг ууж үзэхийг санал болгоё. Өвөрхангайн, Бvрд, Баян-Өндөр сумд нь айргаараа алдартай бөгөөд жил бүр “Адууны баяр” зохион байгуулагддаг. Энэ үеэр айраг уух тэмцээн хүртэл зохион байгуулагддаг гэнэ.
5. Хужирт рашаан
Хужирт рашаан сувилал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог. Хужиртын рашааныг эрт үеэс эмчилгээнд ашиглаж байсан археологийн баримтууд, эрдэмтдийн таамаглал байдаг бөгөөд 1600-аад оны үед нутгийн анчин Шунхлай тус рашааны увдисыг олон нийтэд таниулснаар Хужиртын халуун рашаан, эмчилгээний шаврыг түшиглэсэн буддын шашны тусгай хүрээ хийд ажиллаж оточ маарамба, лам нар ард олонд эмчилгээ хийдэг байв. “Хужиртын хөх сувд” хэмээх халуун рашаан нь 120 метрийн гүнээс ундаргатай, химийн найрлагаараа сулавтар радонт, гидрокарбонат, карбонат-натрийн, бага эрдэсжилттэй (0.5г/л), шүлтлэг (РН-8.5) +48+56° халуун ус юм. Бусад халуун рашаануудаас ялгарах нэг гол онцлог нь хийн бүрэлдэхүүн дэх азотын хэмжээ 90.7-93.9%, фтор 17.0-21.0 мг/л, цахиурын хүчил 72.5-123.1 мг/л, бор зэрэг микроэлементүүд агуулдагт оршино.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)