Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик киног энэ оны сүүлээр дэлгэцэнд гарахаар болжээ. Киноны гол дүр болон хөгжмийн продюсерээр Рокит Бэй ажиллаж байгаа ба мөн гол дүрийн хандгайд дуу оруулжээ. "Өвгөн Хуурч” одоо цагт байсан бол үлгэрээ хэрхэн ярих байсан бол... Тэрбээр орчин үед Rapper болсон байх ба хип-хоп дуугаараа дамжуулан үлгэрээ ярих юм байна. Энэхүү киног Эконтэ компани, Би-Ар-Би Пикчерс компани, Тулговски Медиа компани, Хан Хөгшин Стэйт компани, реппер Рокит бэй зэрэг мэргэжлийн олон хүн хамтран бүтээсэн байна. Тус киногоор хүүхэд, залууст Монголын уламжлалт соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн Хандгайн дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөөр зорьжээ. Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан цуврал бүтээл ховорхон өнөөгийн нөхцөлд Хандгай дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж байгаа юм. Мөн энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжүүлж, Монголын мэргэжлийн шилдэг кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетерууд оролцсон цогц төсөл болж байгаараа онцлог аж.