Хүнд амьдрал бэлэглэх буянтай бас ачтай үйлийг БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар хийж байна. Энэ удаад тэд ШУГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын тасгийн алтан гартай эмч нартай хамтран 30 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхээр ханцуй шамлажээ. Энэ удаад гэсний учир нь, тэд 2008 оноос хойш жил бүр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчлүүлж, эрүүл саруул амьдрах боломжоор хангах хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлсэн байна.
Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн бүх зардлыг нь даан, БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж, тэдний аварсан бяцхан зүрхний тоо 89 болжээ.
Харин энэ жил коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын чадварлаг эмч нарын тусламжтайгаар илүү олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх боломж нээгдсэн гэдгийг тус газрынхан хэлж байсан юм.
Зүрхний гажгийн мэс засал нь өндөр өртөгтэй мэс засалд ордог. Манай улын Засгийн газраас 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бүрэн хариуцахаар зохицуулсан байдаг ч өндөр өртөгтэй эмчилгээний төлбөрийн хувьд тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлж, үлдсэнийг нь эцэг, эхчүүдээс гаргадаг юм. Тиймээс амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд зүрхний мэс засал хийлгэхэд санхүүгийн хүндрэл үүсдэг байна. Иймд БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Юн Бён Хаг “Сэлвэшн Арми”-аас хагалгааны зардлаас гадна эцэг, эхчүүдийн хоолны зардал, эмнэлэгт хэрэглэх хэрэглэгдэхүүн, хөдөө орон нутгаас ирж байгаа гэр бүлийн унааны зардал зэргийг шийдвэрлэж, ар гарт ямар нэгэн санхүүгийн хүндрэл үүсэхгүй байх нөхцөлөөр хангаж байгаа” хэмээлээ.
Б.ТУНГАЛАГ: ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРААРАА ТОМ БЭЛЭГ АВЛАА
Зүрхний мэс засалд орохоор сонгогдсон хүүхдүүдийн нэг нь гурван настай Д.Мөнхсайхан охин. Тэрбээр ээж Б.Тунгалагийн хамт Завхан аймгийн Улиастай сумаас иржээ. Биднийг ШУГТЭ-т очсон өдөр зүрхний мэс заслын хагалгаанд орох болсон мэдээгээ дөнгөж сонсоод байсан юм.
Д.Мөнхсайханы ээж Б.Тунгалаг “Охин минь төрсөн өдрийн баяраараа том бэлэг авлаа. Бид хоёр ЭХЭМҮТ-ийн хяналтад байдаг байсан. ШУГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Д.Батбаатар эмчээс тус эмнэлэгт хагалгаанд орох боломжтой болсон сайхан мэдээг сонслоо” гэсэн юм.
Д.Мөнхсайхан охин төрөөд 14 хоногтойдоо зүрхний төрөлхийн гажигаар оношлогджээ. Түүнээс хойш ЭХЭМҮТ-ийн хяналтад байсан ч зүрхний цоорхой нь улам томорч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.
Ээж Б.Тунгалаг “Анх охиноо зүрхний гажигтай болсон гэдгийг сонсоод өөрийгөө ямар нэг асуудалтай юм болов уу гэх мэтээр янз бүрийн тавгүй зүйл боддог байсан. Тэгээд хаашдаа л охин минь ийм өвчтэй болсон учир эрүүл болгохын төлөө явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Харин өнөөдөр хагалгаанд орохоор боллоо. Миний хүүхэд эрүүл болж, зүрх нь өвдөхгүй болно гэдэг манай гэр бүлийн хувьд маш том баяр. “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт, сайхан сайхан бүхнийг хүсье. Эрүүл энх байгаарай” гэв.
З.НЭРГҮЙ: МЭС ЗАСАЛДАА ХҮНДРЭЛТЭЙ ОРСОН Ч АМЖИЛТТАЙ ДАВЛАА
Дорнод аймгаас ирсэн н.Амин-Эрдэнэ охин хагалгаандаа ороод долоохон хонож байгаа ч бие нь маш хурдан тэнхэрчээ. Нэг ой, арван сартай тэрбээр хүнд хагалгааг амжилттайгаар даван гарч, эрүүл саруул болж ээжийнхээ энгэрт эрхлэн, шулганан сууж байв. Түүний ээж н.Нэргүй “Охин минь хоёр хоног сэхээн амьдруулах тасагт байсан. Хагалгаандаа маш хүндрэлтэй орсон ч амжилттай давлаа. Эмч нартаа баярлалаа. Анх гаднын орон руу явж хагалгаанд орох шаардлагатай гэж байсан ч ШУГТЭ-т мэс засал хийдэг гэдгийг сонсоод хандсан. Ингээд БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас бүх зардлыг нь дааж, мэс засалд орохоор болсон гэдгийг сонсоод бид маш их баярласан. Мэс засалд орохыг хүлээн зөвшөөрч, амжилттай боллоо. Миний охин мундаг байлаа. Охиныг минь эдгээсэн “Сэлвэшн Арми”-чууддаа баярлалаа” гэлээ.
Бяцхан зүрхнүүдийг аврах үйл арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.
БНСУ-ын “Сэлвэшн Арми” нь дэлхийн 132 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Монгол дахь төлөөлөгчийн газар нь манай улсад 2008 онд нээгдэж, түүнээс хойш байгалийн гамшигт өртсөн болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур айл өрхийг эд материал, хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангаж, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэг дэх “Өдрийн үйлчилгээ төв”-өөрөө дамжуулан амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн 100 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролоор, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 80 гаруй хүүхдийг хичээлээс гадуурх өдөр өнжүүлэх үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулж буй. Уг төв нь эцэг эхчүүдийг, ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломжоор хангахын сацуу сургалтын чанараараа эцэг эхчүүд болон харьяа сургуулийн багш нарын талархлыг хүлээгээд байгаа юм.
Тус байгууллагын сүүлийн үед хийсэн ажлаас дурдвал, Коронавирусийн цар тахлын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хямралыг давахад дэмжлэг болох үүднээс хамтран ажилладаг хороо, өрхийн эмнэлгүүдэд 15 мянган ширхэг маск хандивласан байна. Мөн Төв аймгийн Зуун мод сумын 500 өрх, Баянзүрх дүүргийн 22, 19, 11 дүгээр хорооны 400 өрхийг өргөн хэрэглээний бараагаар хангасан аж.
Б.Номин