Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 142 дуудлага иржээ. АНУ, Казахстан улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 10 мянга гаруй иргэнд хийсэн тандалт судалгаагаар халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иргэдээс баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар их асууж байна. Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ажиллана. Нийслэлийн дүүргийн эмнэлгүүд 10:00-16:00 цаг хүртэл ажиллана" гэсэн бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит өчигдөр нийт 681 иргэний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, ажиглах байрны 262 /Истанбул-УБ чиглэлийн /, ажиглах байрны 18 хүн, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 160, Багабаян дахь 100 иргэн, идэвхтэй тандалтын зорилгоор таван хүнд хийсэн шинжилгээ, Ачаа тээврийн 14 жолооч, Замын-Үүд боомтоор хил нэвтэрсэн 99 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 99 хүний шинжилээний хариу тус тус сөрөг гараад байна.
ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Нийт батлагдсан 227 тохиолдлоос 200 хүн эмчлэгдээд байна. Эдгэсэн гурван хүний тухайд 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй эдгэж 16 хоног хүртэл эмчлүүлсэн байна" гэсэн юм.
С.Сүлд