Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны газрын дарга Д.Нарангэрэл "Цар тахал дэлхийн 216 улс оронд тархаж, 12 сая 142 мянган хүн өвчилж, 550 мянган хүн нас барлаа. Гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилдөг байсан бол одоо тав хоногт нэг сая хүн өвчилж байна.
Сүүлийн 24 цагт АНУ-д 50 мянга, Бразилд 44 мянга, Энэтхэгт 25 мянган хүн өвчилсөн. ОХУ-д 6562 хүн шинээр өвчилж, 172 нас барсан бол хил залгаа Тува, Буриад, Читад 35-70 хүнээр халдвар нэмэгдлээ. Манай улс энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авчирсан" гэлээ.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 8-нд нийт 701 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь халдвар илрээгүй. Өнөөдөр 19, 37 настай хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Нийт батлагдсан 227 тохиолдлоос 197 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 27 хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. Нэг жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй нэг хүн эмчилгээнд байгаа. Ажиглах байрнаас жирэмсэн эмэгтэй ирж ХӨСҮТ-д амаржиж хүү төрүүлсэн. Өнөөдөр 00.00 цагт Истамбулаас онгоц бууна" гэлээ.