Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж, ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар мэдээлэл хийлээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж.
Долдугаар сарын 10-нд 07:00-11:00 цагт хязаалан нас, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд уралдана.
Долдугаар сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.
Долдугаар сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. Ийнхүү уралдаан дууссаны дараагаар морь цоллох ажлыг Хүй долоон худагт зохион байгуулах аж.
Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Морь унаач хүүхдийн бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдөр уламжлалт байдлаараа Хүй долоон худаг дээр бүртгэл үргэлжлэн явагдаж байна. Энэ жил хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг цаанаас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай. Хүй долоон худаг дээр бүртгэлийн үеэр даатгалын зургаан компани, хувцас хэрэглэл борлуулдаг хоёр ААН ажиллаж байгаа” гэв.