Үргэлжлэл нь...
Балт эхнэрийнхээ үгийг сонсоод морьдоо барихаар явав. Замдаа “Сүндэр гарцаагүй ямар нэг юм мэдээд байна. Намайг яв гэхийг бодвол Намуунтай ярих юм байгаа бололтой” гэж бодоод “Гэхдээ Намуун биш гэхэд мөн. Мөн гэхэд биш. Ёстой л амилсан чөтгөр гэдэг нь тэр байх” гэж бодонгоо морьдоо барихад нар ургаж байв. Балт амьхандаа яаран ирвэл Жавзаа, Навчаа гэрийнхэн босчээ. Сүндэр цай чанаж байх ба Намуун руу харвал үсээ толийтол нь самнаад шинэ хувцас өмсөөд ёстой л хөдөөний бор гуалиг хүүхэн болоод хувирчээ.
Балт нүдээ томруулан харвал Сүндэр түүний аяганд цайн дээж хийж, бариад хойморт суухыг урив. Балтын царайг ажигласан Сүндэр “Намуунд минь энэ дээл яг таарч байна шүү. Миний найз өнөөдөр саалин дээр өнжинө шүү” гээд Балт руу нэг л их чухал харав. Баагий, Цамба хоёр морьдоо эмээллэн адуундаа давхицгаав. Уртаа морьдоо эмээллэн өвгөн ламынх руу явахад бэлтгээд орж ирэв. Жавжаа, Навчаа, Намуун гурав саалиндаа гарахад Сүндэр хоцорч үлдэв. Намуун Сүндэрийг хүлээн үүдэнд зогсоход:
- Чи явж бай. Би ардаас чинь очно гэхэд Намуун их л сонин хараад яваад өгөв. Сүндэр чимээгүй сууснаа “За хань минь, байдал нилээд хүнд болжээ” гэхэд Балт цайгаа унагах шахаад:
- Юу тэр вэ. Чи юу яриад байна.
- Чи мэдэж байгаа шүү дээ. Надаас илүү мэдэж байгаа байж. Миний өвөг дээдэс номтой хүмүүс байсан. Надад бага байхад нэг зүйл мэдрэгдэж их зовоосон. Харин тэр зүйл өчигдөр харагдлаа. Энэ бол үнэхээр хэцүү зүйл. Хэрэв энэ зүйл өвгөн лам дээр очвол тэр гарцаагүй үхнэ. Ламтан үхэхээ мэдэж байгаа учир л дуудаж байгаа байх даа. Амиараа хааж байгаа хэрэг. Харин энэ яг ямар учир шалтгаантай байгааг би ёстой мэдэхгүй юм.
- Чи чинь юу ярина вэ. Ямар зүйл билээ. Чи юуны тухай яриад байгаа юм бэ. Тэр нэг эмгэний сүнс энд Намуунтай... Шөнөөр ирдэг тухай юу?
- За чи аяар гэм.. Тэр эмгэн биш ээ. Эмгэнээс чинь өөр зүйл байна. Тэд гэмгүй учир би тоодоггүй юм. Харин тэр зүйл бол өөр шүү гэхэд Балт золтой л ухаан алдчихсангүй.
- Чи тэгэхээр хардаг гэж үү. Чи биднийг айж байхад яагаад чимээгүй байсан юм бэ?
- Би сахиустай хүн. Надад тэр бүр харагддаггүй. Сүүлд л би чамайг өвгөн ламынх руу явахад ардаас чинь тэд хөдлөхийг харсан. Гэхдээ хамгийн сонин нь тэдний ардаас дахиад морьтон явж байсан. Тэрийг Уртаа хараагүй юм гээд “Ямар ч байсан та хоёр одоо хөдөл. Ламтан та хоёрт хэлэх юм бий. Намууны би явуулж чадахгүй ээ. Тэр бол миний найз. Би түүнийг үхүүлэхгүй. Ингэж их хамгаалчихаад явуулахгүй” гэв.
Балт, Уртаа хоёр гэрээс гаран мориндоо мордоход Өнөрөө “За явцгаах уу” гэхэд Балт:
-Миний найз үлд дээ. Чи яваад дэмий байх.
- Үгүй шүү. Харин ч явна гэв.
Гурвуул өвгөн ламынх руу давхив. Балт гэнэт зогсоод “Би судраа мартажээ” гээд эргээн давхив. Уртаа, Өнөрөө хоёр Балтыг хүлээн морьдоо амраах зуур Өнөрөө инээмсэглэн:
- Дүү шөнө айсан уу. Даараагүй биз гэхэд Уртаа гайхан:
-Айгаагүй ээ, даараагүй.
- Чамайг дуугарахгүй хэвтчихээр чинь би гайхаад байсан юм. Босох гэсэнээ нойрондоо унтчихаж гэх нь тэр.
Уртаа толгойгоо маажин “Тэр чинь юу гэсэн үг вэ. Би өчигдөр гэртээ л унтсан даа. Өнөрөө инээн:
-Шөнө чи орж ирээд. Үүрээр харин нэг эмэгтэй хүн манайхаар шагайсан. Чи үүрээс өмнө гараад явчихсан юм байлгүй, байхгүй байсан гэхэд Уртаа нүүр нь хувирч “Ах минь, би бишээ” гэхэд Өнөрөө сая нэг үнэмшин царайгаа хувирган:
- Өө золиг даанч дуугарахгүй, чимээ аниргүй байсан юм аа. Гэхдээ яг чи мөн дөө. Цамба, Баагий хоёр байлаа гэхэд надтай дуугарахгүй байх золигнууд биш. Тэгээд хэн байдаг билээ.
Өнөрөө чухам гайхшрав. Балт тоос татуулан давхин ирж харагдав. Тэрбээр их л сандарсан байдалтай мориндоо ташуур өгөн довтолгоно. Балт ойртон ирээд өвгөн лам сүйд боллоо гээд морио давхиулан өнгөрөв. Хоёул мөн морьдоо ташуурдан довтолгов. Хэдүүл хэсэг давхиад морины сайнд өвгөн ламынд ирэв. Гэрт орвол өвгөн лам, шавь Тамжидтай завилан сууж байв. Өвгөн нүдээ нээн Уртаа руу харан хажуудаа суухыг хэлээд Балт, Өнөрөө хоёрыг холхон очоод байж байгаад ир гээд явуулав. Балт, Өнөрөө хоёр хэлсэн ёсоор яваад өгөв.
Өвгөн, Уртаа руу харснаа:
- Чи их чөтгөр байх нь ээ. Яаж чи ирж зүрхэлж байна. Чи намайг сонсож байгаа. Гараад ир чи гэхэд Уртаа гайхан “Та чинь яаж байна аа. Би .. би ...” гэхэд Тамжид босон эрхээрээ Уртааг ороолгон “Муу зэтгэр чи, хүний айдсаар даажигнаж зугаацах санаатай. Өнөөдөр бид хоёр чамтай нэгийгээ үзэхээр шийдсэн. Чадал чинь байвал чи гараад ир” гээд хашгирах шахам хэлэхэд Уртаа бүр ч айн “Та нар солиорчихоо юу. Яагаад байгаа юм бэ” гэж уйлах аядан хэлвэл... нэг их хар сүүдэр бүрхсэнээ гэрийг харанхуйлан салхи дэгдэн өнгөрөх шиг болж өнөөх эмгэн ороод ирчихсэн инээмсэглэн лам руу харав.. Өвгөн лам уурлангуй:
- Гэгээн цагаан өдөр намайг ирж авах гээ юу. Энэ хүү чамд хэрэггүй. Чи энэ хүүгээр яах гэсэн юм бэ.
Тамжид ном уншин суув. Уртаа харин энэ удаа эмгэн гээд байгаа зүйлээ харсангүй.. Өвгөнийг хий сориорч гэж ойлгоод завдал гарвал хаалгаар гарахаар бэлдэв. Өвгөн өнөөх эмгэнийг сайтар харан сүүлчийн тулаандаа улангассан бололтой эргэлт буцалтгүй зориг шулууджээ. Тамжид лам зогсоо зайгүй ном уншна. Өвгөн гэнэт арагш унаад амьсгал нь давчдав. Уртаа ухасхийн өвгөнийг өндийлгөн аманд нь ус хийн тайвшруулахыг хичээнэ.Тамжид номоо уншсаар хаалга онгойход хаах гээд ирэх үед хажуугаар нь нэгэн зүйл хүчтэй орж ирээд Тамжидыг түлхэх адил унагаад Уртаагийн чихэнд “Чи минийх” гэж хэлэх нь тод сонсогдов. Уртаа дав хийн цочоод харвал хэн ч байсангүй. Харин өвгөн их ядарсан дуугаар “Балт ахыгаа дууд. Надад одоо их бага цаг үлдсэн. Би энэ шөнө үхэх болно” гэв.
Уртаа гэрээс гарч Балт, Өнөрөө хоёр руу харан даллахад хоёул босч мориндоо мордон ирж харагдав. Уртаа гэрт яаран орж лам руу ирвэл Тамжид номоо уншсаар л байв. Өвгөн лам Уртааг хажуудаа суулган:
- За чи их л том юмтай учирч дээ. Хувилсан чөтгөр. Тэр эмгэний чинь дагаж явдаг нохой бол жинхэнэ ад зэтгэр болой. Чи даанч гэнэн хүү байна даа гээд ханиахад Балт, Өнөрөө хоёр орж ирэв. Өвгөн хоёулыг дохин дуудаад хажуудаа мөн суулгаад “Өнөрөө минь чи чинь айхтар гайхалыг гэртээ орогнуулаад айх айдасгүй хүн үү. За чи сонс. Гэгээн цагаан өдрөөр нохой дагуулсан хүн ирвэл яасан ч гэртээ орогнуулж, хонуулж болохгүй шүү. Тэр эмгэний сүнс өөр зүйлд хоргодож. Тэнэж явдаг харин нохой бол хэнийг нь ч дагаад ирж магадгүй. Чи шүтлэггүй тул танайхаар буух болов уу. Балтынд арай ч орж төвдөхгүй биз. Харин Балт минь миний захиасыг сайн санаж яваарай. Тэгээд эхнэртээ хэлээрэй.. Намууныг заяанд нь даатга гэж хэлээрэй. Хөөрхийг хажуудаа уяж яах нь вэ дээ. Их л тэмцэж дээ, Намуун их хайртай юм байна Сүндэртээ. Зэтгэрийн хорлолд өртсөн ч тэднийг та нарт аль болох ойртуулахгүй гэж шөнө дөлөөр тэднийг хайж та нарыг хамгаалдаг бололтой. Өвгөн би буруу бодож байснаа сая л ухаарлаа.. Сүндэр нэг удаа мултарсан ч энэ удаа хэтэрхий хэцүү байх болов уу. Танай хэдэн айл маш хүнд зүйлийг сэрээчихэж дээ. Сүндэр юу хийхээ бараг надаар заалгахгүй байх. Тамжид минь чи одоо яв. Гэртээ очоод нам жим суу. Энэ хүчинтэй чиний минь амь нас дэмий үрэгдэнэ. Чи л миний залгамж учир чамайгаа хайрлаж байна”.
Балт руу харан “Маргааш өглөө нарнаар намайг ирж аваарай. Тэр Эмгэнтийн энгэрт намайг хөдөөлүүлээрэй. Хэрэв тэр хавиар үнэг харагдвал буудаж эс болно шүү. Балт минь чи зэтгэрийн хувилсан дүрийг хөнөөчихсөн юм байна шүү. Чамд их л өстэй юм байна даа гээд ханиалган бугшуулахад амнаас нь цус гарав. Уртаа сандран алчуураар амыг нь арчвал өвгөн Уртаа руу харан:
- Хүү минь ямарч үед айж болохгүй шүү. Чи эмгэний ирээгүй хүүтэй дэндүү адилхан төрсөн юм байна. Эмгэн чамайг хүүгээ гэж бодож яваа байх. Хэрэв дахиж энд тэнд таарвал айж болохгүй шүү. За, миний цаг болж байна. Та хэд явцгаа гэв.
Балт өвгөн рүү нулимстай нүдээ гүйлгэн хараад “Лам багш минь, намайг өршөө. Би юу хийчихнэ энэ вэ” гээд их асуулт нүдэнд нь хургаж буйг өвгөн ажилаад:
- Зүгээр дээ, өөрийгөө битгий буруутгаарай. Болох ёстой юм болдгоороо л болж байна. Надаас хойш тайван байх болов уу. Харин сүр бараа болж миний хойдоход ач холбогдол өгч хүн дуудаж хэрэггүй. Миний хэлснээр дөмөгхөн нүү.. Хол зугтаавал тэд айж байгааг чинь мэдчихнэ. Хол зугтлаа гээд тэд арилахгүй. Би ямар ч байсан гээд ... нүдээ анин “Одоо явцгаа” гэв.
Балт, Өнөрөө, Уртаа гурав нулимсаа нэг дуслуулан гэрээс гарав. Тамжид багшийнхаа сүүлчийн захиасыг сонсоод гэрээс гарч ирэн морио эмээллээд:
- За би маргааш нарнаар ирж чадахгүй юм шиг байна. Та хэд ирнэ биз. Харин энэ тухай цуу тарааж болохгүй шүү. Багш минь учиртай болоод ингэж байгаа гээд “ Харин би судрыг чинь авч яваад хэд хоног харж байгаад өөрөө аваачиж өгөмз” гэв. Гурвуул эргэж гэрт орох зүрх хүрсэнгүй. Бие биеэн рүүгээ хараад мордоод давхицгаав. Үд хэвийх алдад гурвуул ирэхэд Намуун гэрээс их наан тосон аваад нэг л гунигтай царай гарган зогсоно. Балт энэ удаа Намууныг муухай нүдээр нүд үзүүрлэсэнгүй. Намуун руу их л дотноор тэгсэн мөртлөө гунигтай харахад Намуун цааш эргэн гүйгээд явчихав. Морины уяан дээр ирвэл танихгүй морь байх нь илхэн. Өнөрөө гайхан хэн манайхаар буув гэвэл, Жавзаа:
- Танай он жав гэсэн. Цэрэгт хамт байсан гэхэд Өнөрөө гэрийн зүг алхав. Балт гэрт орвол Сүндэр хүлээж байсан мэт харан Балтын нүд рүү цоо ширтэв. Тэрбээр толгой сэгсэрвэл Сүндэр бурхандаа мөргөн маань уншин зул өргөв. Балт өвгөн ламд харамсахын ихээр харамсавч нэгэнт оройтжээ. Түүнд ад зэтгэрч сонин биш санагдаж, болдог бол буугаа аваад намнах сэтгэл төрнө.
Өнөрөө бүрий болох үед Балтын гэр рүү алхан дөхөж ирээд Балтын хажууд суун:
- Балтаа манайд хуучин танил иржээ. Нөгөө Аривжир хөгшний хүү хэн билээ. Манай он жав биш дээ. Танайд орьё гэсэн ирдэггүй шүү. Хоёул очих уу? гэв.
Балт юун тэрэнтэй манатай гунигт автан “Хэн байдаг билээ. Хоёр хүүтэй айл байсан даа. Нэг хүү нь зүүн тийш хол явсан. Тэр ямар хэргээр ирдэг юм бол. Нэг хүү нь харин хэн билээ, тэр л юм шиг байна.
- Юу гэнэ ээ.
Балт ухас хийн босоод “Тэр хүү нь цэрэгт явж ирээд өөрийгөө хөнөөчихсөн гэж дуулдсан юм даа.. яахаараа” гэхэд Өнөрөөгийн царай хувиран “Чи сая юу гэчих вэ. Яах аргагүй тэр мөн дөө” гэсээр гэр рүүгээ гүйх аядав. Балт ч байдал бишдсэнийг ойлгон ардаас нь харайлган очвол хэн ч байсангүй. Өнөрөө гэртээ орон “Эхнээр нөгөө гийчин хүн хаа явчив” гэхэд:
- Чиний ардаас л гарсан даа. Саяхан шүү дээ, яагаад сандарчихсан асууна вэ гэх нь тэр.
Балт гарч морины уяан дээр очвол өнөөх үл таних морь байсангүй. Бүрий болж байгаа тул ойр тойрны юм нэг их харагдсангүй. Өнөрөө үнхэлцэгээ хагартал айсан бололтой. Ийм хурдан яасан ч алга болохгүй дээ энэ нэг учир байна гэж Балт руу харав. Тэгтэл хойд зүгээс Намуун гүйчихсэн ирж байгаа бололтой харагдаад гэрийн ойр ирээд суучихав. Балт гайхан “Намуунаа чи чинь наанаа юунд сууна вэ. Алив нааш ир сая нэг морьтой хүн харав уу? гээд асуучихав. Намуун тачганатал инээгээд босон алхан нэг хүнтэй тоглох шиг болон өөртэйгөө ч юм уу ярьж байв. Өнөрөө айхдаа гэрт орохыг Балтад хэлээд гэрт оров. Сүндэр хоёр эр рүү харан:
- Та хоёр юундаа ингэтлээ айгаав. Хувхай цайчихсан байх чинь.
Балт Сүндэр рүү хараад “Ханиа сая нэгэн үл таних хүн ирээд явсан гэнэ. Аривжир хөгшний нэг хүү, өнөө цэрэгт явдаг” гэхэд Сүндэр барьж байсан аягаа алдан унагаад эргэн аваад чимээгүй суув. Балт Сүндэрийг гайхан “Чи мэднэ дээ, тэр хүн чинь аль эртээ” гэхэд Сүндэр яриаг таслан “Орой болж. Энэ талаар ярих цаг биш. Өнөрөө минь эхнэрээ айлгачихав даа. Маргааш өвгөн ламыг оршуулна. Аав, ээжид хөгшчүүлд хэл дуулгахдаа л анхаарцгаая” гэв.
Балт гайхах хэдий ч Сүндэр рүү харан “Лам багш биднийг чимээ хэл өгөлгүй оршуул гэж захисан шүү дээ. Одоо яадаг хэрэг вэ. Би яах учраа олохгүй байна” гэж арга ядарсан харцаар харав.
- За ямар ч байсан өвгөний захиснаар хийцгээе. Тэр саяны ирсэн гээд байгаа хүн бол Намууны хар хүн болох гэж байсан залуу. Аав, ээж нь зөвшөөрөөгүй тул өөрийгөө хөнөөчихсөн хүн дээ.. Намуун маш их хайртай байсан. Тэд хүүхэдтэй болсон. Даанч удаан амьдраагүй юм. Намуун ч галзуурч, ухаан санаа нь орон гаран байж байгаад бүр солиорсон. Би харин Намууны зарим нэг зүйлийг ойлгох гээд чаддаггүй юм. Гэхдээ Намуун бол амьд хүн шүү гээд гэрээс гараад явчихав. Балт ч золтой ухаан алдчихсангүй ч учир явдлыг мэдээд бага ч болов тайвшрах шиг. Гэхдээ л Сүндэрт ямар нэгэн нуух зүйл байгааг гадарлах шиг болов. Өнөрөө гэрээс гаран Цамбыг дуудан:
- За хоёул ахындаа очиж жаахан буу халж хонох уу даа. Ахад нь нэг... гэснээ чимээгүй гэр рүүгээ явав. Цамба Өнөрөөгийн араас дуртайяа дагав. Балт гэрээс гарч эргэн тойрноо харвал Сүндэр, Намууны хажууд сууж байгаа харагдав. Балт “Өнөө шөнө бурхан минь юу л болдог бол” гээд гэрт орж ороо засаад хэвтээд өгөв. Энэ өдөр Баагий, Уртаа хоёр майханд хонохоор хэвтжээ. Хот айл нам жим болж унтацгаав. Энэ шөнө харин юу ч болсонгүй бүгд бат бөх нойрондоо дугжирчээ. Өглөө болоход харин Намууныг хайгаад хаанаас ч үл олов. Сүндэр хэдий хайвч олсонгүй. Балт үхэр тэрэг хөллөөд Өвгөн ламынд хэлсэн ёсоор очихоор хөдлөхөөр зэхэв.
Цамба, Өнөрөө хоёр гэрээс гарч Балтыг зүглэн ирж харагдав. Уртаа майхнаас гарч дээлээ өмсвөл
Балт:
- Миний дүү үлд дээ. Биднийг иртэл хонио хараад байж бай. Чи ийм юм үзээгүй хүн. Дэмий биз, биднийг ирэхээр харин Эмгэнтийн энгэр рүү цугтаа явья. Харин Цамба, Баагий, Өнөрөө дөрвүүл явнаа. Эмэгтэйчүүд саалиа өнөөдөр тавь. Буяны юм бэлд” гээд үхэр тэргээ хөтлөн хөдлөв. Сүндэр маань уншин гэртээ оров. Энэ гэрт юу ч ойлгохгүй байгаа хүмүүс бол Жавзаа, Навчаа, Намжилмаа, Баагий,бяцхан хүү Энэбиш билээ. Бие биерүүгээ гайхсан харцаар харцгаан гэрт оров. Сүндэр арц уугиулан, маань уншин эрхээ эргүүлэн суув.
Дөрвүүл явсаар өвгөн ламын гадаа ирэв. Баагий гайхахын ихээр гайхаж байгаа харагдав. Тэрбээр юм хэлэх гэхэд Цамба дуугүй байхыг дохив. Балт, Өнөрөө хоёр гэрт ороод цочих шиг болов. Өнөрөө буцаж хаалгаар гарах гэснээ Балтаас санаа зовсон уу үлдэв.
Балт:
- Ээ бурхан минь гэж шивнээд лам өвгөн рүү сайн харвал тэрбээр орон дээрээ завилсан байдалтай нас барсан байлаа. Өнөрөө “Одоо яах вэ” гэж айж мэгдсэн хоолойгоор асуувал Балт хэсэг мэлэрч зогссноо “Мундаг хүн байж дээ. Бидэнд ямар ч байсан муу санаагүй нь ойлгомжтой. Захиас ёсоор нь ёсыг гүйцэлдүүлэх нь бидний ажил” гээд ойртон очоод өвгөн ламд хүрвэл гулдайн хажуу тийш унав.. Балт зогтусан гайхан дотроо бодолхийлэн... “Ийм юм байх аа. Өчигдөр өнгөрсөн байхад шөрмөс нь зангирчихмаар юм даа. Тэгээд бие цогцос нь амьсгал хураагаад удаагүй мэт бүлээн байх юм. Бид арай амьд хүн оршуулж ... “ гэж бодсноо Өнөрөөг хүрвэл айж мэднэ гэж бодон өвгөныг дээш харуулан хэвтүүлээд Өнөрөөг дохин гадагш гарав.. Балт хэдүүлээ хэсэг харзная. Шавь Тамжид ирж магад. Хонх дамар дуугаргаж, хойтохыг нь унших лам үгүйг мэдэж байгаа байх гээд тэргэн дээрээ суув. Хэсэг хугацаа өнгөрөөд Балт өвгөний гарт хүрээд цочин гараа аваад “Тэгнэ ээ тэр. Айхтар номтой лам байж дээ. Ум мани бад мэ хум” гэж гараа хавсраад Өнөрөөд хандан “Цаад хоёроо дууд. Хэдүүлээ одоо явцгаая” гэв. Цамба, Баагий хоёр орж ирээд балмагдавч Өнөрөө хэлж сануулсан тул дөрвүүл өвгөний хөрсөн биеийг цагаан даавуугаар ороон тэргэн дээр тавив. Балт хөдлөх гэснээ өвгөн нэг зүйл рүү харсан байхыг гэнэт санан гэрт орвол явган ширээн дээр байх ламын судар байлаа. Балт судрыг аваад гайхан харав. Хэн нэгэн урж тасдаж, эс бөгөөс хэн нэгэнтэй булаацалдсан юм шиг уранхай болсон байв. Балт ямар ч байсан өвөртлөөд өвгөний хэрэглэлийг мөн баадагнан тэргэн дээр тавив. Яг энэ үед саяхан онгорхой байсан хаалга тас хийн хаагдав. Балт цочин харсан ч хэн ч байсангүй. Салхигүй байхад яахаараа хаалга хаагдав гэж гайхан гэрт ойртвол чихэнд нь үл мэдэх хүн “Одоо явцгаа: Бүү ийшээ ор” гэх нь сонсогдов. Балт айж сандарсан ч чухал үйл гүйцэтгэх гэж буйгаа ухааран хоолой нь зангиран “Явцгаая” гээд мориндоо мордон үхэр тэрэг хөтлөөд явав. Цамба, Баагий хоёр үхэр тэрэгний ардаас Өнөрөө, Балтын хажууд явав. Ард явсан хоёр Балт дээр ирэн:
- Ахаа морь үргээд байх юм. Тэгээд хий тангараад.... аргаа бараад бид урд гараад ирлээ гэв.
- Балт гайхан харснаа Өнөрөө хоёул ардаас нь явцгаая. Та хоёр хөтлөөд яв гээд ард гарав. Балт ард гаран морио алхуулахад нээрээ хулмайж үргээд байв. Балт өвгөн ламын заасан маанийг уншаад явахад арай дээр болж үргэх нь багасав. Нилээд удаан яваад Эмгэнтийн энгэр рүү шууд зүглэв. Лам ингэж захисан тул Балт хэлсэн ёсоор байхыг хичээнгүйлэв.
Уртаа энэ хооронд өнөө хэдийг хараад хонио тогтоон гэр рүүгээ чиглүүлж, тэдний зүг шогшив. Эмгэнтийн энгэр өгсөх үед тэднийг гүйцээд Балтын хажууд ирээд:
- Ахаа энэ ардах юун хүмүүс вэ гэх нь тэр. Балт гайхан “Юу хүмүүс билээ. Бид 4 явна. Өөр хүн хэн байх вэ”.
- Ахаа та юу яриад байгаа юм бэ. Энэ ардаас чинь хэдэн халзан лам дагаж явна. Бас арай зайдуу хэдэн хүн эргэлдээд байна шүү дээ. Балт “Юу гэнэ ээ. Чи чинь ийм өдөр.... за ямар ч байсан юу ч хараагүй юм шиг бай. Уртаа минь, чи лам багшийн хэлснийг мэдэж байгаа биз” гээд Уртаа руу шийдэмгий харав.
Уртаа Балтын царайг хараад өөрийгөө нэг л ер бус юм харлаа гэж итгэн айсандаа эргэж ч харсангүй Балтын хажууд гилдэрсээр... Хүрэх газраа хүрээд Баагий, Цамба хоёр гялс нэг нүх ухаж орхив. Нас өөд болоочийг энд ховор хөдөөлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд магадгүй Намууны ээжийг хөдөөлүүлсэн санагдав. Уртаа эргэн тойрноо хараад юу ч эс нүдэнд нь өртөв хуучны гэмээр чулуун булшнууд л харагдав. Балт Уртаад дөхөн:
- Миний дүү бүү айгаарай гээд итгэсэн нүдээр харав. Уртаа толгой дохив. Удалгүй өвгөн ламын биеийг, эд зүйлтэй нь газар булж сүүлчийн замд нь даруухан үдээд Өнөрөө нэгэн жижиг дөмөгхөн чулуун хөшөө босгон “Ум мани бадмэ хум” гэхээс өөр юу ч бичилгүй өвгөний захиасаар үлдээв. Балт л энэ үед өвгөн лам багшид харамсан нүднээсээ нулимсаа дуслуулан ямар чадалтай хүн байсныг биширч байлаа. Хэдүүл хөдөлж гэр рүүгээ буцав. Уртаа эргэн, эргэн хараад нэг л юм олоод харчих юм шиг совин татаад байв. Тэрбээр тэр халзан лам нар ямар учиртайг бодоод бодоод олохгүй байв. Эмгэнтийн энгэрийг давах зуур Уртаа маш жигтэй юм харав. Тэрбээр:
- Балт ахаа тэр харсан уу. Бидний багшийг хөдөөлүүлсэн газраас нэг “үнэг” гараад гүйчихлээ. Хүүе ардаас нь нэг нохой элдэх шиг боллоо.
- Балт сандран тэр зүг хараад юу ч эс харав. Уртаа гайхсан ч тэр нохой нэг л танил санагдах шиг болоод дотор нь зарсхийв. Балт гэртээ харьтал юу ч дуугарсангүй. Баагий хониндоо явж бусад нь гэртээ ирэв. Сүндэр буяны юм бэлдэн зул асаан, арц уугиулж судраа хоймортоо залсан байлаа. Балт Сүндэр рүү харан:
- Энэ судар гэхэд...
- Аан түрүүн Тамжид лам ирээд явсан. Судар авчирч тавьсан юм. Зул барьж, маань хөгжөөгөөд явсан. Лам багшийн гэрт хийх ажилтай гээд хөдөлсөн гэв. Балттай яагаад уулзаагүйд Тамжид ламыг гайхсан ч “Гэрт ажилтай гэнэ ээ” гэж бодоод буяны ажилд бэлтгэсэн хоол цайнаас идэв.
Балт цайнаасаа нэг балгаад Уртаа руу харав. Уртаа сулхан “Сая бид нар энд ирэхэд Намуун тэрэг аваад тийш явсан даа” гэв. Балт уурлангуй:
- Чи юу гээд хуцаад байна аа. Намуун энд ер байгаагүй. Хэзээ ч байгаагүй.
Уртаа санаа алдаад:
- Ах минь хоёулаа явах ёстой гээд гэрээс гарав. Гэрийнхэн бүгд гайхсан ч хэн нь ч тэр хоёрын ардаас гарсангүй. Цамба шийр заан морь эмээллэн:
- За, та хоёртой би явья. Уртаа морд гэв. Балт ч уурласан бололтой мордоод Уртааг морин дээрээ өндийхөд ташуурдан давхив. Цамба ардаас нь нэхсээр өвгөн ламын гадаа очих үед морьд ойртсонгүй ямар нэгэн юмнаас үргэсэн байртай цовхчив. Балт уурандаа:
- Алив Уртаа буугаад ороодхооч. Чи айхгүй бол би айхгүй гэхэд Уртаа нэг инээж Балт руу хараад буув. Өвгөний бор гэрт дөхөөд Уртаа унан маань унших шиг болов.. Балт уурлан:
-Хүний гэрт хулгайч шиг очих чи хэн бэ. Алив гээд мориноосоо буун Цамбад цулбуураа өгөөд “Уртаа минь, чи хар намайг” гээд гэрийн хаалга өшигчин оров. Балт хаалгаар ороод дахиж юм дуугарсангүй. Уртаа, Балтыг хаалгаар орохыг болиулах гэж хичээн хаалга шагайн Балтын хормойноос зуураад гэр дотор харвал, нэг хүүхэн айраг аягалан хойморт нь лам сууж байгаа харагдав. Уртаа гайхан лам руу харвал саяхан хөдөөлүүлсэн лам инээмсэглэв. Уртаа Балтыг өөртөө татан:
- Ах минь энд нэг биш байна. Та минь миний үгэнд ор, гарцгаая гэв.. Балт хаалгаар гаран юу ч дуугаралгүй хэсэг байгаад чичигнэн:
-За, Уртаа минь чи эргэж ор. Хэн нэг нь орохгүй бол хоёул үхнэ. Харин үнэг гэрээс гүйвэл чи дагаад гарах ёстой шүү. Би явлаа гэв.
Уртаа гайхан:
“Ахаа, юун үнэг вэ? гэхэд Балт, Цамбын хөтөлж буй морин дээр мордоод хаяад явчихав. Уртаа гайхсан ч гэрт ойрхон тулж хаяанд ирэв.. Нүдээ анин Балтын хэлснийг бодоод зоригловол яг урд нь .. сэгсийсэн эмгэн шанагаар цохин унагаад “ Чи намайг харж байна уу?” гэв. Уртаа хаалганаас хол унан айсандаа “Та хэн бэ. Би танийг харж байна. Та хэн бэ” гэхэд Эмгэн “хихихи” гэж зүрхэнд сонсогдох шиг инээн .. нарны гэрэлд алга болох үед .. “Би оллоо, би олсон...намайг ...” гээд алга болов.. Уртаа шороо атган босоод “Ална аа” гэж хашгирахад гэрээс Тамжид гарч ирэв. Тэрбээр ном уншин арц уугиулаад Уртаагийн хажууд зогсон:
- Чи сая харсан зүйлээ мартаарай. Миний багш их л тэмцлээ. Энэ чөтгөр чамайг л авч байж санаа нь амрах янзтай. Ямар ч байсан чи өнөөдөр манайд хоно гэв.
Уртаа уурлагуй чангаар бас айсандаа “Новш минь, би айхгүй. Та нар новш” гэж хашгираад гэрт орвол дайн тулаан шиг сүйдсэн угтав. Уртаа гайхасхийн орон дээр суухадТамжид орж ирэн:
- Тэд их хүчтэй юм. Би дийлсэнгүй ээ. Чи надтай байсан нь дээр болоь уу, Намуун гээд маань уншин ... Чи азтай шүү гээд инээн гэр ачаалла, хоёул явцгаанаа гэв. Уртаа хэдий уурлав ч Тамжид ламын үгэнд орохоос өөр арга байсангүй .
Балт, Цамба хоёр гэр рүүгээ ойртож ирэв. Балт:
-Чи ингэхэд яагаад гэнэт талийгчийнх рүү бид хоёртой явахаар болов. Цамба сая дуугүй байж байснаа:
-Ах минь та намайг нэг шөнө хээр хонолоо гэж зэмлэсэн дээ. Тэр цагаас хойш их сонин зүйл ажиглагдах болсон. Би эхэндээ тоодоггүй байсан. Харин сүүлийн үед их жигтэй юм тохиох боллоо. Баагий бид хоёр үүр хаяархад адуундаа явдаг. Тэгтэл яг тэр үед баруун урдаас олон адуу туусан гурван хүн үзэгдэх болсон. Баагийд харагддаггүй. Харин надад харагддаг гэв.
Балт ихэд гайхан хараад:
-Тэгээд энэ явдал хэдэн удаа тохиолдсон бэ?
- 4, 5 удаа харагдсан. Хамгийн сонин нь тийм их адуу хэрнээ ямарч тоос байхгүй.
Балт мориныхоо амыг татан зогсоод “Чи тэднийг ойроос харж байсан удаа байна уу”.
- Тийм харж байсан. Нэг нь саяхан Өнөрөө ахынд ирсэн гэх хүнтэй их төстэй. Харин сая хоёр нь туглын хашааны тэнд морьтой эрэгцээд байсан. Даанч надаас өөр хүнд харагдаагүй бололтой.
- Чи тэгээд сая надад хэлэхгүй яасан юм бэ?
- Биднийг гэрээс гараад давхихад ардаас нэхэн давхисан. Ямар учиртайг мэдэхгүй юм. Сая тэнд үлдчихсэн.
Балтын царай хувьсхийн:
-Юу үлдсэн гэж чи юу яриад байна.
- Тэр хоёр морьтон тэнд үлдчихсэн шүү дээ. Би ч их айсан. Харин та яагаад Уртааг тэнд орхиод хөдөлчихөв. Балт морио урагшаа алхуулан “Уртаа өөрөө очихыг хүссэн шүү дээ. Үнэндээ сая манай урдуур нэгэн үнэг нүдний үзүүрт гүйсэн. Тэрийг Уртаа ч харсан болов уу. Тэр үнэг их тайвнаар хараад ямар нэгэн юмнаас зугтааж яваа бололтой. Хүн шиг толгой дохиод гүйчихсэн юм. Уртаа харин яагаад Намууны тухай тэгж ярьсныг би мэдэхгүй. Ямар ч байсан үнэгний ардаас явах ёстойгоо л ойлгосон юм. Цамба минь, чи тэр шөнө үнэхээр Эмгэнтийн энгэрт очсон хэрэг үү”.
Цамба бодлогошрон “Тийм ээ, та хэд итгээгүй шүү дээ. Тэгээд би дахиж ярихгүй байхаар шийдсэн. Сая өвгөн ламыг хөдөөлүүлэхэд холгүй нэг булш байсныг та анзаарсан уу. Тэрийг ухчихсан байсан”.
- Үгүй ээ, би хараагүй юм байна. Ухсан булш зөндөө л байдаг шүү дээ.
- Ах минь тэр булш бол Намууны ээжийн булш. Тэнд харин миний тэр өдөр хаядаг ташуур байсан. Би авах гэснээ нэг л зориг хүрээгүй. Яагаад тэнд хэвтэж байгааг би мэдэхгүй байна. Намууны ээж яаж үхсэн хүн бэ. Та таних уу?
Балт үнэхээр том зүйл болоод байгааг зөнгөөрөө мэдэрч байв. Тэрбээр урт амьсгал аваад:
-Мэднэ ээ, их ажилсаг мундаг эмэгтэй байсан даа. Хүмүүс янз янзаар л ярьдаг юм. Гэртэйгээ шатсан гэх нь ч бий.. Хээр өөрийгөө боомилсон гэж ч ярьдаг .. Яагаад үхснийг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан Эмгэнтийн энгэрт нүхэн дотор хэвтэж байсан гэдэг юм.. Яухам ямар байдалтай байсныг бол би хараагүй.. Юу болсныг ч сайн мэдэхгүй. Тийм эрүүл саруул хүн яагаад энэ хавиар нутаглаж байсныг л гайхаад байдаг юм.. Барагтай айл энэ хавиар буудаггүй шүү дээ.
-Намууны аав гэж хүн байдаг уу. Намуун тэгэхээр багаасаа энд өссөн гэж үү?
- Тийм ээ, энд өссөн. Аавынх нь тухай би сонсоогүй. Манайхан явуулын хүний хүүхэд л гэдэг юм. Сүндэр эгч чинь л Намууны тухай юм мэдэх байх даа гээд гэррүүгээ яаравчлан “Уртааг асуувал ардаас ирнэ гэхээс өөр юм битгий хэлээрэй” гэв. Цамба толгой дохиод гэнэт мэлрэн зогсов. Балт, Цамба руу харан “Чи чинь яааваа”?
- Ах минь та харж байна уу. Туглын хашааны тэнд Өнөрөө ахын яриад байсан нөгөө морьтой хүн зогсож байна .
- Юу гэнэ ээ. Хаана тэр вэ. Би харахгүй байна. Хаана ..?
- Тэндээ ах минь, яадаг хэрэг вэ, би би .. гээд Цамба айхын ихээр айв. Балт өвгөн ламын захиасыг санан “Цамба минь, битгий тийш хар. Айснаа ер харуулж болохгүй шүү. Намайг дагаад гэрт ор” гэв.
Хоёул мориноосоо буун гэртээ ороод Цамба хоймор тийш шигдэн царай нь хухай цайсан хүн чичрэн суув. Балт хоймор бурханыхаа хүрдийг эргүүлэн маань уншаад Сүндэр рүү харав.Сүндэр Балтад хандан “Та хэд юунд сандран гараад давхилдав. Би юу ч ойлгосонгүй” гээд үүд рүү харан “Уртаа ингэхэд ирээгүй хэрэг үү”.
- Үгүй ээ.. Ардаас ирэх юм гэсээн. Сүндэр маань уншаад “Өвгөн ламын гэрт үлдсэн хэрэг үү. Тамжид лам шийдсэн бололтой” гэж амандаа бувтнаад Цамбыг их л сонин байгааг гадарлан:
-Миний дүү гарч болохгүй шүү гээд гэрээс гарч туглын хашаа руу явав. Балт ардаас нь гарч Сүндэрийг ажиглав. Балтад өнөөх Цамбын хараад байгаа хүн харагдахгүй хэвээр. Сүндэр хашаан тэнд очоод эргээд ирэв.Балт юу ч дуугарсангүй. Сүндэрийн ардаас гэрт оров. Удалгүй Намуун орж ирээд ам нь цангасан бололтой хүйтэн ус залгилав. Балт, Намуунийг чухам хаанаас ороод ирсэнд үнэхээр их гайхан “Энэ чөтгөр үү, хүн үү. Ээ, бурхан минь” гэж анх удаа Намуунаас үнэхээр их жийрхэв. Намуун ус угаад Балт руу харан:
- Уртаа .. Уртаа хаана байна вэ. Юу гайхаад хараад байгаа юм бэ. Уртаа хайччихсан юм бэ.
Балт итгэл муутай зөөлхөн дуугаар “Тэнд үлдсэн. Одоо ирэх байх... тэнд ...тэнд...”.
- Юу гэнэ ээ. Үүлдсэн гэнэ ээ. Болохгүй шүү дээ.. болохгүй гэж нэг их дуугаа өндөрсгөн Сүндэр рүү харснаа гэрээс гараад гүйчихэв....
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнөх нь
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Амьд бус амьдрагсад-5 https://www.24tsag.mn/a/183413
Амьд бус амьдрагсад-6 https://www.24tsag.mn/a/183423
Сэтгэгдэл (9)