2000 оны эхэн үе баруун аймгийн нэгэн сумын төвөөс зайдуу залуухан гэр бүр зусландаа буужээ. Залууг Балт, эхнэрийг нь Сүндэр гэдэг. Тэд нэг хүүтэй. Хүү нь Энэбиш 4 настай, бүдэг бадаг шулганан ярих нь эгдүүтэй. Балтынх эхээс 12-уулаа өөрөө айлын хамгийн бага хүү билээ. Хүний өөрийн подхийсэн малтайн дээр адуу олонтой. Тэднийд зун бүр ах, эгчийнх нь хүүхдүүд ирж зусна.
Энэ зун харин том ахынх нь хөвгүүнээс гадна гадаадад суралцдаг Уртаа гэх хүү ирсэн юмсанж. Уртаа энэ жил 17 настай ч морь малнаас хол хүмүүжсэн болоод ч тэр үү, голдуу л явган аргал түүж үзэгдэх нь элбэг.. Харин Балтын эгч нарын хоёр хүү 16 настай Баагий, Цамба хоёр бол моринд сайн төдийгүй адуу адгуулж хээрээр давхих дуртай аж. Сүү саалин дээр Сүндэрт тус болохоор Жавзаа, Навчаа нарын үе тэнгийн 15 настай хоёр охин байнга ирж зуны амралтаа өнгөрөөдөг юмсанж. Балтынх энэ жил сумын төвөөс хол зусаж байгаа нь учиртай. Дэндүү ойр бол хүүхдүүд болсон хойно төв рүү эмээ, өвөө рүүгээ зурагт, кино үзэх гээд гүйчихдэг. Энэ үед айлын хүүхдүүдийг загнаад байж болохгүйн эрхэнд төвөөс хойш голоо бараадан энэ жил ийн холджээ. Ойр орчмын хамгийн ойр айл 7-10 км орчим. Яагаад ойрхон айл байдаггүй нь ч учир шалтгаантай. \үүнийг дараа өгүүлнэ\ ....
Нэгэн өглөө Балт Уртааг дуудан ...
- За Уртаа минь чи чинь эр хүн байна даа. Ах нь хамгийн номхон морио барьж өглөө. Аргал түүж явган явах чамд юун сайхан байна аа. Ядаж үхэр тэрэг хөллөөд явж болно доо. Гэрээ санаад байгаа бол ахдаа хэлээрэй ...
- Юу гэж дээ.. Хөдөө байх надад сайхан байна. Морь унаж чадахгүйгээс хойш яахав дээ.
- Чи нээрээ харахад том болсон эр хүний шинжтэй хэрнээ олхиогүй эр бол доо. Маргааш хоёулаа тарвага, зурам эргүүлж айлаар бууна аа. Танай аав чинь энд ч шуугиулж явсан эр дээ... хэхэ хэмээн Балт бүдүүн инээсээр гэр рүүгээ оров. Удалгүй адуун төвөргөөн газар доргиох мэт чимээрч Баагий, Цамба хоёр адуугаа туун ойртож ирэн харагдав. Балт гэрээс гаран үнээний зэлэн дээр байх Сүндэр рүү хандан...
- Сүндээр өнөөдөр хичнээн унага барих вэ. Төв рүү айраг, цэгээ оруулах хоног ойртоод байдаг.
- Мэдэхгүй ээ. Чи өөрөө намайг ямар их ажилтай байгааг харж байгаа биз дээ. Эсвэл туглаа тавиад явуулчихъя. Эсвэл гүүгээ барихгүй байдаг юм уу. Би чинь хүн юм байгаа биз дээ. Ядарч байна гэх зэргээр уурлав. Балт толгойгоо маажин "За битгий уурла даа, хөгшөөн. Намууныг хэд хоног туслаач гэж гуйя даа. Жаахан мэдээ муу ч, ажилд сайн охин доо. Алив Навчаа, Жавзаа нааш ирээ. Адуугаа хашъя".
Сүндэр зэмлэнгүй "Наад Уртаа чинь байгаа бус уу. Ажилтай байгаа хүмүүсийг л дуудаад байх юм".
-Энэ бид хоёр ч дээ. Адуунд дайруулаад хөл гар нь бэртчихвэл ахад зэмлүүлнэ. Чамд аргал түүж өгөх нь энэ хүний ажил шив. Ийн адуугаа хашаад унагааа бариад авав. Баагий, Цамба хоёр гэрт орон хүйтэн цай балган Уртааг даапаалж тоглоом хийн "Хүүхэн аятай хаашаа янзын эр юм бэ дээ" гэх хэдий ч Уртаа нэг их уурладаггүй бас тэднийг тоодоггүй байв. Балт мотоциклоо асаан Цамба руу харан:
-Ах нь хойшоо Ганга ахынд оччихоод ирье. Намууныг гуйж хэд хоног гүү саалгахаас. Эгч чинь ажилдаа түүртээд бөөн уур. За тэгээд хонь мал, үхрээ харж байгаарай гэсээр яваад өгөв. Баагий, Уртаагаар байнга тоглоом хийх дуртай тул номхон халтар моринд шалсаар байгаад мордуулаад хонь руу зүглүүлээд "Удахгүй ардаас чинь очно" гээд явуулав.
Цамба, Баагийд хандан:
- Чи бид хоёр айлын хүүхэд сүйд хийж нэг балрах вий... Өвөө биднийг зүгээр өнгөрөөхгүй шүү. Алив цаадах чинь хаана явна.
- За эр хүн байна даа. Очиж, очиж хонины халтар морьноос унаж гэмтвэл монгол хүн битгий хэл, бидний хамаатан биш болог. Яаавал гэж...
Хоёул ярилцах зуураа ээлжлэн дуран шагайн Уртааг харан инээлдэнэ. Нэг бодлын зугаацаж байгаа хүүхдүүдийн томоогүй үйлдэл мэт... Гүү саах цаг болон Сүндэр, Жавзаа хоёр Баагий, Цамба хоёрыг дуудав. Гүү саамны ажил цагаан идээ боловсруулах ажил гэсээр үд хэвийгээд иржээ. Сүндэр амандаа бувтнан "Балт яг ажил ихтэй үед ингэдэг байхгүй юу. Аяга тагш юм хараад наашаа ирэхээ умартаж л дээ. Чамайг ирэхээр яах вэ"...
-Цамбаа, хонь чинь наашаа толгой нь эргэж. Гэхдээ Уртаа харагдахгүй юм.
- Сүндэр эгчээ, цаадах чинь аргал түүж яваа биз хаачив гэж. Эсвэл хониныхоо араас морио хөтлөөд явж байгаа биз.
- Та хоёр хот хүрээний хүүхдээр арай хатуу тоглох юм. Наршах вий дээ зайлуул.. Одоо нэг саам аваад унагануудаа тавь даа. Цаад Уртаагаа олж ир...
Цамба нээрээ хонь руугаа дурандвал ойр хавьд нь морьтой битий хэл, явган хүн ч харагдсангүй. Тэрбээр Баагий руу нүдээрээ дохин "Чи яваад цаадахаа аваад ирээ. Би ганцаараа дөнгөнө". Баагий уурлангуй ...
- Хүн хэлээд байхад чи дандаа цаадахаа зарах юм. Муу хүнийг зар, зарсан хойно өр гэж. Чи өөрөө явахгүй юу.
-За тэг л дээ. Би тэгвэл орой адуугаа залья.
-За за.
Цамба ажлаа дуусгаад унагаа тавьчихаад Баагий, Уртаа хоёр ирэхгүй байгааг гайхан адуугаа залангаа хонио ойртуулахаар явав. Бүрэнхий болж байгаа тул "Нээрээ яасан юм бол" хэмээн санаа нь зовинин "Муу золигоор хэрэггүй тоглож уу. Хааччив даа. Баагий бас яачив даа" гэх зэрэг зүйл бодон хонио гэртээ ойртуулаад араас нь давхив. Хэсэг явсны дараа гэрийн бараа ч харагдахаа байв. Цамба гайхшран багцаалдан давхисаар арга ядан "Ямар сонин юм бэ. Дөнгөж саяхан л харагдаж байсан юмсан. Холдлоо гэхэд морь ингэж хөлрөх газар холдмооргүй юм даа".
Мориноосоо буун газрын баримжаа аваад дахин давхиж, давхиж морь нь тээглэж унав уу гэлтэй годройтов. Цамба цулбуураа алдсангүй. Инээмсэглэн "Хашир хүн гэж энийг л хэлнэ дээ. Морьгүй бол ёстой балрах байлгүй" гэсэн юм бодон мориндоо мордон ташуур өгвөл морь нь хөдөлсөнгүй. Яаж байгаа нь энэ юм бол доо хэсэг амандаа бувтнан морио ташуурдаад ч явсангүй. Харин ч нэг юмнаас үргээд байгаа бололтой бас үнэхээр хөл нь хөдлөхгүй байх шиг санагдаад ирэв. Цамба олон удаа шөнө морьтой цахилж явсан удаатай ч арай ч ийм байдалд орж байгаагүй билээ.
Тэрбээр мориноосоо буухтай зэрэгцэн морь нь өөрөөс нь үргэв үү гэлтэй. Саяхан эргэцэж байсан морь ум хумгүй хурдлан алга болов. Цамба гэнэт байдал бишдсэнийг анзааран айхгүйг хичээн өндөрлөг бараадан алхав. Түүний араас нэгэн үл мэдэх амьтан ч юм уу, хүн ч юм уу дагаад байх шиг шар үс нь босно. Тэрбээр исгэрэн ташуураа чанга атган хэн ч ирсэн үзэлцэхэд бэлдэн газрын өөд алхсаар. Хичнээн алхсныгг үл мэднэ.
Яагаад ч юм бэ, газар хорохгүй харин өөрөө маш их ядарч байгаагаа л мэдэв. Удаан алхсандаа ч тэр үү, зогсон амрахаар газар суув. Энэ шөнө даанч ямар ч гэгээ байсангүй. Зуны одот шөнө бус.... муу ёрын харанхуй шөнө мэт Цамбад санагдав. Ямарч байсан айж болохгүй хэмээн өөрийгөө зоригжуулаад босон алхав. Жаахан явсны дараа нэг нүхэнд бүдрээд унав. "Энэ чинь юу билээ" тэмтрэн үзснээ "Ээ бүү үзэгд, бурхан минь" гэж амандаа үглэсээр нүхнээс мацан арай гэж гараад гүйв. Түүний араас ямар нэгэн юм татсаныг мэдэхийн дээдээр мэдэв.
Хаана байгаагаа сая мэджээ. Энэ газар бол Балтынхаас зүүн хойшоо нилээн зайдуу намхан уулсын ёроолд орших нас барагсдыг хөдөөлүүлдэг газар юм. Энд төдийлөн хүн оршуулдаггүй ч гэлээ хүн битгий хэл, мал адгуус ч ойртддоггүй газар юмсанж. Цамба салхи сөрөн гүйсээр яагаад энд байгаагаа яаж ирсэнээ ч үл мэднэ. Түүний чихний яг хажууд “Цамбаа хаачих гээд байгаа юм бэ?”, “Чи эндээс гарахгүй шүү дээ” гэх сонсогдоно. Гүйсээр л ташуураа эргүүлэн дэмий савчсаар ухаан балартан унав. Хэр их удаан хэвтсэнийг мэдсэнгүй. Чимээнээр сэрэн харвал бөөр гэрэл энд тэндгүй харагдав. Тэд нэг юм хайгаад ч байх шиг, эсвэл түүнийг дуудаад ч байх шиг. Тэрбээр нээрээ оршуулгын газраас гараагүй байгаагаа л ухаарав. Хэдий 16 настай, хөдөө өссөн чийрэг залуу ч гэлээ "Ааваа ... ээжээ" хэмээн хашгиран нулимсаа дуслуулан дахин гүйв...
Энэ удаа үнэхээр хоёр талд нь хүн дагаад байгаа нь тод харагдав. Цамба зогсоход адилхан зогсоод гүйхэд адилхан гүйгээд түүнээс салахгүй байлаа. Хэдий олон гэрэл ойр тойрон харагдах хэдий ч яг очихоор байхгүй. Тэгээд ч тэр гэрлүүд гэрэл биш гэдгийг Цамба хөлсөө урсаж, хөлөө алхаж чадахгүй болтол гүйсний эцэст ойлгожээ.
Цамба газар сөгдөн алгаа хавсран суугаад мэддэг маань мэгзэмээ уншиж гарав. Түүнийг тойрсон хүмүүс бүчиж байгаа юм шиг санагдавч үл зогсон хөлсөө урсган уншсаар зарим нь дооглож байгаа бололтой учиргүй инээх нь зүрхийг нь зогсоох дөхнө. Цамба өөрийн мэдэлгүй ухаан нь балартан унав. Өглөө нар хөөрчээ. Зуны өглөөний нар халуун тул Цамба ам нь цангасан бололтой ус зүүдлэсээр сэрэв. Цочин босоод эргэн тойрноо харвал өнөө бурхан болоочийг оршуулдаг газар бус гэрээсээ холгүй бололтой хэвтэж байв.
Гэрийнхээ зүг харан гайхасхийн "Энэ чинь одоо юу вэ. Зүүд үү, эсвэл" гэж бодонгоо ташуур нь байхгүй байгааг анзаарав. Удалгүй мотоцикл дуугарсаар Балт ирж яваа бололтой. Улаан галзуу амьтан уурлангуй хажууд нь зогсоод:
- Цамба минь чи хааччихдаг хүүхэд вэ. Өчигдөр шөнөжин хайлаа. Сүнс зайлах дөхлөө. Би чамд хэлдэг дээ. Айл хунар хэсээд битгий яваад бай гэж ...
- Үгүй ээ ахаа би айл хэсээгүй. Гэрээ олохгүй төөрөөд ...
- Битгий дэмий донгосоод бай. Хойд айлын хоёр нохойг морьтойгоо улаан галзуу хөөж элдэж байгаад алга болсон гэнэ билээ.
- Би юу даа. Ах минь, би үнэнгээ хэлж байна шүү дээ.
- За алив суу.. Бие чинь бэртээгүй биз. Чи ер нь болохгүй нөхөр байна шүү. Балт үглэсээр гэрийн зүг хөдлөв. Гэрт ирвэл Намуунаа гэх бүсгүй ирчихсэн байв. Түүнийг галзуу, солиотой гэж янз бүрээр ярьдаг ч гэлээ харахад ухаан саруул өндөр бор бүсгүй билээ. Цамба, Уртаа руу муухай харснаа "Чи муу өчигдөр хааччихсан юм бэ. Чамаас болж буг чөтгөрийн хорлол болох шахлаа. Муу новш минь, чи хайчсан юм" гэсээр улаан галзуу амьтан дайрав. Балт, Цамбыг цохин аваад:
-Чи чинь яаж байна аа. Наад муу чинь чамайг хайж зөндөө явсан шүү. Сүндэр, Цамба руу зэрвэс харан:
-Чи мордож яваад удаагүй байхад ирнэ лээ. Та хоёр зөрчихсөн юм байгаа биз. Хойд айлын охин хэн билээ. Цээпил билүү. Тэрэнтэй уулзах гээд хонины ээлжээ тааруулдагийг чинь би мэдэхгүй биш. Айлын охин жирэмсэн болгочихов Цамба минь.
Цамба үнэхээр Цээпилтэй уулздаг тул бантсандаа дуугаа хураан Баагийг ирэхийг хүлээж байснаа Балтын моринд мордон адууныхаа зүг давхив. Балт инээмсэглэн "Муу золиг чинь айлын охин эргүүлж явж л дээ. Гэхдээ морио хаяад явган явах ч хүн биш дээ. Сонин юмаа" гэж хэлээд адуугаа ирэхийг хүлээв. Цамба, Баагий дээр улаан галзуу амьтан давхиж ирэв. Баагий гайхан:
-Чи чинь хааччихав аа. Чамайг зөндөө хайлаа.
- Битгий донгос. Хурдан тэр өлгүүр шиг юмаа аваад ир гэж байхад хүнд гай болоод золтой л галзуурчихсангүй.
- Юун галзуурах, чи хээр хоноо юу. Морь чинь адуундаа ирчихсэн байна лээ. Жигтэйхэн хөлөрсөн бололтой.
- Хээр цаашаа, чи хэлээд итгэхгүй биз. Өглөө сэрэхэд голын наашаа дэрсний ёроолд хэвтэж байнадаг .
- Мориноосоо унаад ухаан алдчихаа юу. Гэхдээ би зөндөө л тэрүүр явсан даа.
- За за адуугаа туугаад харья. Цамба яах аргагүй л би тэр муу үхээрийн газар л байх шиг байсан даа. Өглөө яахаараа энд ирчихдэг билээ. Хэрэв би ухаангүй гүйлээ гэхэд энд мэдэж ирнэ гэж байхгүй дээ хэмээн бодоод орой үдэш Цээпилийнх рүү явдагаа бүр болъё хэмээн шийдэв.
Өдрийн ажил үргэлжилсээр энэ явдлаас хойш бас ч үгүй хэд хоног өнгөрөв. Цамба ч сэтгэл санаа нь тайвшран өнөөх зүүд зэргэлээ шиг явдлаа мартаж эхлэв. Тэрбээр хэнд ч ам нээж ярихыг хүсээгүй юм. Яагаад гэвэл, түүнд нь итгэх хэн ч байхгүйг мэдэх билээ. Нэгэн өдөр Уртаа, Балт хоёр тарвага, зурам эргүүлэхээр буугаа аваад гарав. Нилээн явсны эцэст зогсон дурандаж дурандаж нэгэн хөтөл даваад зосов.
Уртаа инээмсэглэн:
-Та яагаад энд зогсчихов.
- Энэнээс цааш хоёул давахгүй ээ.
- Яагаад тэр вэ?
Ярзайгаад золиг минь... Хэрэгт дуртай хог вэ. Авч болдоггүй газар байдаг юм шүү дээ. Хоёул буцаж эргэн нэвт хойшоо даван айлын бараа харан хаазалсаар ирж зогсов. Балтын танил бололтой маасайсан залуу угтан ирээд:
- Эмгэнтийн даваанаас нааш буцах чинь вэ. Айгаа юу даа, миний найз...
- Тийш зүглэдэг мал, адгуус ч байхгүй атал амьнаасаа уйдсан биш юу гэж дээ...
- Чи ч сайн эр болдоо. Алив саатаад явна биз дээ.
- Танайх харин амруу нь дөхөөд буучихдаг лут айл юм аа.
- Энэ жил энд их аятайхан идээших шинжтэй. Удахгүй танай тийшээ бууна найз нь.
Гэрт орон хоёр найз шилний тал сархад хүртээд тарваганы оройны гараа үзэхээр хамтдаа хөдөлцгөөжээ. Уртаа гэрт үлдэн хүлээв. Бүрэнхийн алдад Балт өнөө залуу хоёр ирэн ангийн хишгээ янзлаад авав.
Балт инээн:
-За найз нь газар дөхье. Гүүгээ барьж байгаа ажил их гэсээр Уртааг сундлан хөдлөв. Хэсэг явсаар харуй болоод ирэв. Уртаа, Балтын чихэнд "Ахаа урд айл байна. Та харж байна уу?".
-Үгүй ээ. Харагдахгүй байна. Энд юуных нь айл байхав дээ.
- Нээрээ ахаа, араг үүрсэн нэг эмээ аргал түүж явна.
-Чи чинь юу солиороод байгаа хүүхэд вэ. Юун эмгэн, надад юм харагдахгүй байхад...
- Ахаа та дахиж юм уусан юм биш биз дээ. Айлаа өнгөрчихлөө шүүдээ. Балт тоормосоо огцом даран зогтусан зогссоноо.
- За дүү минь тоглоом чинь тоотой нь дээр шүү. Ахаараа даажигнаад байна уу?
- Хүүе агаа, сая хойно байсан айл алга болчих юм.
- За чамайг хохино шүү. Сайхан мэдээрэй чи....
Балт үнэхээр уурлах тул Уртаа дахиж дуугарсангүй. Удтал яван мотоциклныхоо гэрлийг асаав. Балт, Уртааг дугарахгүй байгааг анзаарсан уу, эсвэл хань татсан уу...
-Чи ч эр хүн болдоо. Хүний үг даахгүй. Арай уйлаад байгаа юм биш биз дээ.
- Ахаа ....
- Яасан бэ?
- Та уурлаад байх юм.
- Юу болсон гэж ...
- Нөгөө айлаа тойроод байх шиг байна даа.
- Юун айл ...
- Яагаав, аль түрүүн өнгөрдөг ... Балт зогсон "Алив юу гэнэ ээ. Хаана байна тэр айл чинь"...
- Мотоциклоо асаагаад явахаар гэрэлд орж ирээд байгаа юм аа. Таныг харж байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Балт сая санан зам буруу салаад өнөөх хөтөл рүү ороод ирснээ анзаарав. Уртааг айлгахгүйг хичээн:
-Хоёул тэр айлд чинь очихгүй ээ. Харин буцахаас даа.
- Яагаад, ахаа орой болж айл бараадсан нь дээр бус уу. Балт юу ч дугаралгүй давхисаар...
Уртаа гайхсан дуугаар ...
- Ахаа та замгүй яваад байна шүү дээ.
- Мэдэж байна аа. Хоёулаа жаахан төөрч...
-Гэхдээ үхрийн замаар явснаас замаараа явбал дээр биш үү?
- Удахгүй айлд очно оо. Нилээн явсаар анх хөдөлсөн айлынхаа гадаа ирэв. Өнөөх залуу гайхширсан бололтой:
- Чи чинь хаагуур яваад ирэв. Яагаад урдаас бууж ирдэг билээ. Балт хар цагаан дуугүй гэрт оров.
Уртаа өнөөх айлд ирсэндээ гайхан "Хоёулаа ийм удаан явчихаад эргээд ирж байгаа хэрэг үү. Сая л тэр айлаас зам асуудаг байсан юм шүү дээ" гэхэд өнөөх айлын залуугийн царай хувьсхийн Балт руу харав. Балт толгой сэгсэрвэл айлын залуу инээмсэглэн:
-Танай ах хугас юм үлдсэндээ хоргодсон юм байлгүй дээ. За хоноод өглөө хөдөлцгөө дөө. Шөнө би ч хааяа төөрдөг юм гэв. Уртаа ядарсан уу, эсвэл шахуулан байж архинаас нэг балгасандаа тэр үү, ямартай ч нам унтаад өгөв. Балт сая ам нээн "Хөгшин чинь буруу сална гэж баймааргүй юм. Яах аргагүй нөгөө замаар орчихож. Цаашаа лав яваагүй тулдаа наашаа ирлээ. Орой битгий хэл, өдөр зүглэхээс цэрвэдэг шүү дээ. Хоёр сарын өмнө байна уу даа, жуулчид зам мэдэхгүй ороод нэг пургон хөрвөөчихсөн сураг дуулдсан юмдаг. Найз нь ч танай руу нүүх минь ...
Балт айлд хоног төөрүүлэхээр болсондоо баярлан айдас хургаж байсан нь замхарч хундага архинаас шуналтай хөнтрөөд найзруугаа харан.
-Манай энэ дүү янз бүрийн юм харсан бололтой. Би хичээгээд ч үл харлаа. Юм гэж сонин юм даа...
- Манай эхнэр ч элдэв юм яриад надад загнуулаад ээж, аавруугаа гүйчихээд байна. Нуулгүй хэлэхэд шөнө элдэв юм дуулдвал битгий тоогоорой. Ийн хэлээд гэрийн эзэн унтаад өгөв. Балт илүү хэдэн хундага тогтоосондоо ч тэр үү, согтуурхан дотрооо бодно. "Энэ муу туучий хүн айлгах юм аа олж шив дээ. Эхнэртээ гар хүрдэгийг нь би ямар мэдэхгүй биш. Хэцсс... тэр сүнс мүнсийг нь би ямар харсан ч биш, хийморьгүй муусайн юманд харагддаг л юм байгаа биз гэх зэргээр өөртэйгөө ярин хэвтээд өгөв. Тэгтэл шөнө дөлөөр хачин чимээ сонсогдохтой зэрэгцэн Балт сэрэв. Нүдээ нээн харвал Уртаа аль хэдийн босчихсон сая гаднаас орж ирж байгаа бололтой хувцсаа гүвэж харагдав.
Балт зандрангуй .... "Чи чинь шөнө дөл унтаж амрахгүй гадаа чимээ гаргаад яадаг муу тийрэн бэ".
- Ахаа та ерөөсөө сэрээгүй шүү дээ. Таныг би зөндөө дуудлаа. Урдхан нэг машин зогсчихоод асахгүй байгаа бололтой. Би очиж түлхэлцэж өгөөд ирлээ..
- Юу гэнэ ээ. Хар шөнөөр айлын гадаа машин зогсоно гэж юу байхав дээ. Тэгээд аяны хүмүүс бол ирж хоноглоод явна биз дээ.
- Би ирж хоноод яв гэсэн чинь үүр цайхаас өмнө хүрэх газар байна гэж хэлсэн.
- Юу надад машины дуу сонсогдоогүй дээ. Чи ер нь архи уугаад дэмий нөхөр байна шүү, одоо унт ... Балт зэмлэнгүй хэлэв. Айлын залууг Өнөрөө гэдэг юмсанж. Балт Өнөрөөг сэрээн "Хүүе хөгшөөн, сая чи машины чимээ сонсов уу. Манай энэ мангар машин түрсэн гэчихсэн орж ирэх юм".
Өнөрөөгийн царай хувьсхийн:
- За Балт минь, унтаж амар би чамд хэлсэн байхаа... Балт гэнэт Өнөрөөгийн хэлснийг санан үг дуугүй хаалгаа цоожлон лаагаа унтраалгүй хэвтэв. Уртаа инээмсэглэн "Та хоёр чинь яагаад байгаа юм бэ. Би та хоёрыг зөндөө дуудсан. Сэрэхгүй болохоор чинь согтож гэж л бодсон. Гэхдээ танай энэ нохой намайг явахад боргоогүй байж буцаж ирэхэд золтой идчихсэнгүй .Сандарсандаа ойчоод хувцсаа шороо болгочихсон юм. Хурдан явдаг машин бололтой. Нэг муу поргон гэхэд тоосч үгүй алга болдог шүү".
Балт байдал бишдсэнийг мэдээд Өнөрөө рүү өндийн том харвал, Өнөрөө урдаас нь толгой сэгсрэн чимээгүй байхыг дохив. Балт дахиад энэ Уртаа золиг гараад гүйчиж магадгүй гэж бодоод хажуугаар нь ороод нүд салгалгүй ажиглан хэвтэв. Үүрийн гэгээ дөнгөж бүрсийн цайх үест Уртаа өндийн:
-Ахаа та сонсож байна уу. Энэ урдаас хөдлөөгүй бололтой эсвэл эргээд ирж алив гараадхая. Балт уурлан "Битгий дэмий донгосоод бай. Ямар ч машин байхгүй. Чамайг дахиж гаргахгүй гэж мэд. Бид хоёр хоёулаа сонсохгүй байхад. Алив хэвт, нар гарахаар хоёулаа харина".
Уртаа Балт руу харвал үнэхээр уурласан байх тул гайхасхийгээд хэвтээд өгөв. Нар гарах үед Өнөрөө босон хаалгаа нээн эргэн тойрноо харав. Балт өндийн Өнөрөөгийн хажууд зогсон бас л ажиглав. Уртаа харин хурхиран ёстой л дуг нойрондоо дугжирч байв. Өнөрөө нүдээ томруулан чухал царай гарган:
-Чи сая нээрээ сонсоогүй юу?
- Уртааг орж ирэхэд л сэрсэн. Харин түрүүн нэг чимээ гарах шиг болсон, баттай ч биш л дээ. - Би сая бас сонссоон. Шөнө танай дүүд сануулдаг байж. Гараад явчихна чинээ санасангүй.
- Ингэхэд арай шөнө бүр ...
- Үгүй дээ, ойрноос л элдэв чимээ гарах болчихоод байгаа юм. Барагийн лам хар ирдэггүй юм. Бодоод байхад юу гэж ч хүн хөдөөлүүлдэг газар ирж ном хурах вэ дээ. Дүү чинь гайгүй байгаа. Миний санаа зовж байна. Балт бодлогоширон зогссоноо "Ямарч байсан хэд хоног харъя даа. Өөрт нь учир явдлыг хэлчихвэл галзуурчих ч юм билүү. Мэдээгүй чигээрээ л байг бурхан минь" гээд "Алив арц, хүж асаа ариулаад хөдөлдөг хэрэг. Юмыг яаж мэдэхэв".
Өнөрөө энд бараг зусдаггүй ч өвсний сайханд татагдаад бэлчээр дагаад зориглоод буусан нь энэ юм. Тэгээд ч бурхан болоочдын шарилнаас хамаагүй хол тул элдэв юм бодоогүй юмсанж. Өлгөө болж нар дээш хөөрчээ.
Балт Уртааг дуудан:
-За хоёулаа ч явах уу даа. Адуу мал хэцүүдлээ. Уртаа болч цайнаас амсан боорцог хөшиглөн идээд:
-Ахаа өчигдрын хүмүүсийн царайг харах гээд чадаагүй шүү. Гэрэлгүй машин байсан мөртлөө намайг холдоход гэрлээ асаагаад давхичихсан. Ингэхэд яасан айхтар арц уугуулаа вэ.
Балт юу ч дуугаралгүй Уртааг босгон бүсэлхийгээр нь нар зөв арцыг тойруулаад... "За хөдлөе дөө. Харин чи гэрт очоод элдэв юм ярив. Төөрсөн хүмүүс л таараа биз гайхуулаад яриад байх юм биш ойлгов уу". Уртаа толгой дохин Балтыг битүүхэн гайхсан нүдээр харна. Ах дүү хоёр мотоциклоо асаан гэрийн зүг давхив. Нилээн явсаны дараа Уртаа:
- Ахаа нөгөө айл шөнө нүүчихсэн юм байх даа. Ер харагдсангүй. Уг нь өчигдөр ингэж л явсан даа. .. Балт дуугарсангүй. Тэрбээр гэрээс гараад л хэргээр урд чимээ гарсан зүг рүү эргэсэн ч пургон битгий хэл, машины ямарч мөр үзэгдсэнгүй. Дээр нь замаа мэдэхгүй төөрлөө гэхэд энэ замаас гажаагүй гэдгээ сайн мэдэж байв. Хоёул давхисаар гэрийн бараа сая харж ирж зогсов. Баагий, Цамба хоёр адуугаа авчраад унагаа барьж байв.
Харин Сүндэр ууртай нь аргагүй хүрч ирээд:
-Ажлаас их юм байхгүй байхад айл хэсч архи хөнтрөөд ирэв үү. Согтуу толгой чинь шөнө орой болсон хойно гэрийнхээ гаднаас буцаад явдаг чинь яаж байгаа юм бэ.
Балт гайхахын ихээр гайхаж:
-Би Өнөрөөгийнхөөс л ирлээ шүү дээ. Гэрээ олохгүй байх гэж бодоод оройтохоор нь төөрчихнө гэж бодоод унтчихсан юмдаг. Юундаа уурлаад байгаа юм бэ, нутгийн залуучууд л даялж явсан юм байгаа биз ... ,
- Битгий донгос, чиний энэ ямбийгийн дууг би битгий хэл, хотны нохой хүртэл андахгүй. Өөр мотциклын дуу гарсан бол энэ хоёр боргож дагахгүй яадаг юм. Алив буугаач чи, мөрөөрөө архиа уухгүй хүний хүүхэд дагуулж архинд уруу татна бас.
Сүндэр их л ууртай эргэж хараад үнээн зэл рүү алхав. Балт гайхаад гайхаад энд ирсэн гэдгээ ойлгосонгүй. Уртаа инээмсэглэн "Манай гэр байсан байна шүү дээ. Хүн хэлээд байхад чинь" гээд Баагий, Цамбын зүг явав. Балт гайхшран ... "Би хэдий согтуу ч гэртээ ирчихээ мэдэлгүй дээ. Яахаараа надад харагддаггүй билээ. Би ерөөсөө нэг газраа тойроогүй, замаараа л давхисан. Энд ирлээ гэхэд үхрийн зам дагаад явахад гэртээ ирэхээс тэр хол Өнөрөөгийнд давхиж очно гэж байх аа" гэх зэргээр бодон гэртээ оров.
Балт гэртээ орон данхтай айрагнаас айргийн том шаазандаа хийгээд залгилаад хоймор бурханыхаа хүрдийг эргүүлэн залибирч гарав. Унагаа барьж дуусаад гэрийн эрчүүд гэрт орцгоов. Цамба мотоциклны ганзаганд байх хулгар шарыг барьж үзээд гэрт орон:
- За, та чинь байтлаа хөхүүл юм агнадаг болоо юу?
- Юу гэнээ. Өнөрөө бид хоёр арай ч хөхүүл хулгар буудаагүй дээ. Ямар завхарсан юм бэ?
- Та хар л даа гараад... Балт гарч үзвэл, хоёр тарвага агнасны нэг нь хөхүүл байж таарав. Тэрбээр дотроо яах аргагүй дөрвөн сайхан бурхи агнасан юм даа. Согтуу золиг нүгэл хийж л дээ. Ээ бурхан өршөө гээд хөхүүл тарвагаа холхон шидчихэв. Гэртээ орж Цамба руу харан:
-За чи наад сайхан бурхиа сайхан өвчөөд боогоодох. Уртаа миний дүү өнөөдөр хонио харна шүү. Уртаа толгой дохин цай хоолоо сайн идэж аваад өнөөх номхон морио унаад хониндоо явав. Уртаа бодлогошрон "Ах яагаад өчигдрийн тухай юу ч ярьсангүй вэ. Сүндэр эгч их ууртай байсан. Тэр гэр манайх байсан юм бол ах хармаар юм. Тэгтэл надад юу ч хэлэхгүй чимээгүй байх юм" гэсэн бодол эргэлдүүлээд хонин дээрээ ирж захлан хэвтчихэв.
Нэг мэдэхнээ зүүрмэглэжээ. Түүний зүүдэнд өнөөх пургон орж ирэн хажууд нь зогсоод цонхоор нэг үл таних хүн:
-Чи ямар өөдгүй хүн бэ. Буруу газар зааж өгөөд биднийг унагаачихлаа шүүдээ. Чи алив яваад ир гэж хашгирав. Уртаа цочин сэрвэл хэн ч байсангүй. Харин чөдөрлөсөн морь нь тээр дээр уулын энгэрт оччихсон харагдав. Хонь нь бас тийш явжээ. Уртаа санаа алдан новш гэж ямар хогийн зүүд вэ. Өчигдөр бүр унтаагүй. Нөгөө нойрны саажилт гэдэг нь болж таарлаа гэсээр морио барихаар алхав. Хөлсөө гартал хар халуунд алхсаар морио барьж унаад уулын энгэр өгсөн хонио эргээв. Тэгтэл уулын хяраар нэгэн араг үүрсэн хүн үзэгдэв. Гэрээсээ бас ч үгүй хол яваа тул ам нь цангасан учир "Энд хүн явахыг бодоход айл байж таараа. Аяга хүйтэн хар цай балгая" гэж бодон тэр хүний зүг дөхөв.
Явсаар өнөө хүн дээр ойртон очвол сэмэрхий халтар дээлтэй үрчийсэн бор эмгэн зогсож байв. Гэхдээ тэр эмгэнийг нэгэн нохой бас дагаж яваа ч Уртаа руу ер хуцсангүй. Уртаа энэ хавийн ядуу ард юм болов уу гэсэн юм бодоод:
-Сайн байна уу. Ээмээ та энэ уулын хяраар юу хийж яваа хүн бэ. Танайх хаана байдаг айл вэ. Дүү нь сая морио хайж, наашаа овоо алхчихсан чинь ам минь цангаад болдоггүй...
Хөгшин дуугүй зогсох хэдий ч Уртаа руу ер харсангүй. Тэрбээр газар ширтэн зогссоноо "Манайд цай байхгүй ... байхгүй ..." гэв. Уртаа инээмсэглэн "Ус байсан ч болно л доо. Харина гэхээр дэндүү хол явчихжээ.
- Ус ч байхгүй ... байхгүй ..
- Танайхаар буугаад жаахан сэрүүцээд явж болохгүй юу эмээ...
- Манайд чи очоод хэрэггүй ээ ... гээд өнөөх эмгэн эргэж хараад алхангаа "Чи намайг үнэхээр харж байгаа хэрэг үү гэж асуув.
Уртаа гайхан "Та чинь юу ярина вэ. Бүхэл бүтэн хүн харахгүй хэн байх вэ дээ." Эмгэн яах ийхийн зуургүй цааш алхав. Уртаа ардаас нь явах гэсэн ч өнөөх эмгэн өөртөө баймгүй хурдан алга болоод өгөв. Тэрбээр гайхахын ихээр гайхаж, "Гүйчихдэг чавганц байна даа. Хар ус харамлаад, монгол хүн байж арай ч дээ. Усгүй айл гэж хаа байдаг юм" гэсэн юм бодоод эргэн явав. Гэхдээ л тэр эмгэн ер сонин санагдав. Эмгэн дээр очиход хэдий номхон морь байла ач үргэхээр. Мөн түүнийг дагаж яваа нохой ер хуцаагүй. Бас царайгаа олигтой сайн харуулаагүй. Түүний дууний хөвч нь тасарчихсан, хүнтэй адил ямар нэг эгшиггүй хахир байсан. Хамгийн анхаарал татсан зүйл нь араг үүрч, савар атгасан хэрнээ ганц ч аргал түүгээгүй. Эргэж хараад алхахад хөлийн чимээ сонсогдоогүй гээд хачирхалтай зүйл анзаарагджээ. Уртаа төв хотын тэр тусмаа гадаадаас ирсэн хүү тул энэ бүхэнд гайхсан ч ер юм бодсонгүй хонио туун гэрийн зүг явав. Урдаас нь Баагий давхин ирээд:
-Чи чинь хааччихав даа. Яасан хол явдаг юм бэ. Боодог болсон, чамайг дуудаж байна.
- Би харин нэг мэдэхнээ унтчихаж, тэгээд ...
- За за, хурдал. Чи ч дээ хонь хариулж чадахгүй, адуунд явж чадахгүй ээ. Ер нь яахаараа манай удамд чам шиг нурмаан төрдөг байна аа. Алив бушуулаа .. Уртаа сонин эмгэний тухай ярих гэсэн ч Баагий шавдуулан үг хэлүүлсэнгүй...
Хоёул хонио ойртуулаад гэртээ ирэв. Тарваганы боодог болсон байх ба бүгд тойрон идэцгээв. Уртаагийн хувьд шинэ сонин хоол тул сатаараад өнөөх эмгэнийг ч мартаж орхив. Дулаахан сайхан орой байсан тул майхнаа бариад авав. Баагий ч дуртай босголцон:
- Чи бас галуу шувууны мах идэж, гадаад, дотоодоор явсан юм гэсэндээ сайхан юм авчирчээ. Өнөөдөр найз нь энд чинь унтчихаж болно биз дээ.
- Бололгүй яахав .. Зургаан хүн элбэг багтах майхан. Чи энийг хараа гээд гэрэл гарган дээр нь өлгөв.
-Күй, ер өө. Сайхан эд байх чинь ээ. Гэрт шахцалдаж бүгчимдэж байхаар аштай юу даа. За би ч эртхэн сайхан унтаад өгье дөө. Шөнө болж бүгд унтахаар хэвтэв. Уртаа гэрлээ асаан нойр нь хүрэхгүй байгаа тул жаал ном уншив. Баагий тухтай сэрүүхэн байгаа бололтой хурхирсаар...
Уртаа хэсэг уншиж байгаад нойрмоглон гэрлээ унтраав. Яг шөнө дундад майхныг нь тойроод хүн яваад байх шиг санагдав. Тэр чимээнээр Уртаа нүдээ нээхэд Баагий хурхирч л байв. Уртаа гэрлээ асаан гарвал..н нэгэн хүн цааш алхах шиг болов. Уртаа нойрмоглон "Хэн бэ. Цамба уу, хэн бэ" гээд ойртов. Тэгтэл цааш харан зогссон хүний дээл нь маш танил харагдав. Энэ чинь юу билээ гэсэн юм бодоод "Эмээ та мөн үү. Та чинь хар шөнө" гэхэд... ардаас нь нэг хүн учиргүй алгадаад авав. Уртаа гэрлээ алдан унагааж гараараа тэмтчин аваад босон:
-Хэн бэ гээд харвал.... Балтын авчирсан Намуунаа гэх охин инээмсэглэн зогсож байв. Уртаа гайхах уурлах зэргэцэн "Чи чинь яаж байна аа, тэнэг юм уу. Яагаад цохиж байгаа юм бэ" гэхэд юу ч хэлэлгүй гэрийн зүг гүйгээд явчихав. Уртаа дахин гэрлээ тусган өнөөх эмгэнийг хайсан ч дахиж харсангүй. Түүний шар үс боссон ч "Би нойрмоглоод буруу харсан юм болов уу" гэсэн юм бодон майхан руугаа орохоор явав. Шөнө дөл байсан тул Баагийг сэрээж Намууныг ховлох гэснээ болив.
Яагаад гэвэл, Сүндэр Намуунд их сайн. Намууны оюун ухаан жаахан тйимхэн ч хүн юмсанж...
Үргэлжлэлийг унших....
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Хард овогт Ц.Билгүүн
Сэтгэгдэл (6)