АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит сонгуульд олонх болохоор мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэхээр улс төрийн хайчин дунд эрсдэлтэй олон алхам, шийдвэр гаргасан. Гэвч энэ бүхэн нь түүнийг АН-ын удирдагч байх хэмжээний хүн биш гэдгийг батлан харуулснаар төгсгөл ирлээ. Нийтлэлч Баавар “АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэж хэлсэн нь бий. Түүний ч хэлснээр АН ёроолдоо хүртэл унасныг энэ удаагийн сонгууль батлав. Тиймдээ ч С.Эрдэнэ намын даргын сэтэрээ сонгуульд ялалт байгуулсан Ц.Туваанд түр шилжүүлж, АН-д шинэчлэл хийхээр зорив.
Тэр шинэчлэл юу вэ?
АН хүчирхэг хийгээд манлайлагч явсан түүхэн үе бий. Тэр нь 1996 он.
Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуульд МҮАН, МСДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдаж байлаа. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, Засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон нь энэ билээ.
Тухайн үед АН-ын гэлтгүй Монголын томоохон лидерүүд төрөн гарч, ардчилал бүрэн утгаараа нутагших хаалга нээгдэж байв.
Гэвч шинэ цагийн залуусын алдаа, дутагдал ард түмэнд таалагдсангүй. Тиймдээ ч гурав дахь удаагийн сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл нэг, “ИЗН-НН” нэг, “Эх орон-МАШСН” нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авч МАХН парламентад үнэмлэхүй олонх болжээ.
Ийнхүү парламентийн түүх эргэсээр 2012 онд АН 34 суудал авсан бол МАН-26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл- 11, Иргэний Зориг-Ногоон нам хоёр суудал авч гурван бие даан нэр дэвшсэн юм. Тус парламентад 11 эмэгтэй сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Энэ бол ардчиллыг Монголд нутагшуулах гэсэн АН-ынхны гавъяа байв.
Гэвч 2012-2016 онд байгуулагдсан парламент эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх олон шийдвэр гаргасан зэрэг олон асуудалд унаснаар Засгийн эрхийг МАН-д алдаж байв. Ингээд АН-хан шинэчлэл хийхийг оролдсон. Намын лидерүүдээсээ хөөхийг нь хөөж, зайлуулахыг нь зайлуулсан.
Эцэстээ намын даргын сэтэр С.Эрдэнэ дээр буусан. Гэвч Баянголын “засаг ноён” гэтлээ гуншин зүүсэн тэрбээр АН-ыг ардчилсан бус болгосон. Үүний баталгаа нь өнөөх алдарт 100 сая төгрөгийн татаас.
Эндээс л эрдэм мэдлэгтэй нь бус эд хөрөнгөтэй нь АН-аас нэр дэвших боломжтой юм байна. АН залуу боловсон хүчнийхээ боломжийг хулгайллаа гэсэн шүүмжлэл дагуулсан. Ингэж л АН ялагдах цэгээ хатгаж, С.Эрдэнийн эсрэг тэмцэл намын дотоод тэмцэл эрчимжсэн гэхэд болно.
Тиймдээ ч АН-ын залуу гишүүд намын удирдлагуудаа огцрохыг шаардаж мэдээлэл хийчихлээ. Бүр тэгэхдээ намаа шинэчлэх, Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардав.
Учир нь АН-ын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан байдаг. Энэ ч хүрээнд АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж, намын даргыг огцруулах тогтоолыг гаргахыг шаардсан юм. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авах учиртай гэж залуу гишүүд үзсэн. Энэ нь ч зөв.
Ийнхүү АН-ынхан ардчиллын эрэлд мордлоо.
Тэд ардчиллыг олж, намаа шинэчлэхгүй бол ирэх 2024 оны сонгуульд ч ялагдал хүлээх нь дамжиггүй. Гагцхүү намын даргын сэтэрээ Ц.Туваанд түр шилжүүлэхээ мэдэгдсэн С.Эрдэнэ тийм ч амар зайгаа тавьж өгөхгүй нь лав. Учир нь санхүүгийн хямралд өртсөн нам нь түүний эзэмшлийн барилгад орогнодог. Жижиг мэт асуудал боловч нэгэнтээ лидергүй болсон, ардчилалгүй болсон АН-д энэ бол том сорилт.
Эл асуудалтай зэрэгцэн АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэлээс эхлээд цөөнгүй хүмүүс намын даргад өрсөлдөхөөр зэхэж буй гэх шуум тархав.
АН-ын дотод тэмцэл хэрхэн өрнөж, хэн намын дарга болохоос намын ирээдүйг тодорхойлно. Дотоод ардчилалгүй болсон АН-ын ардчилагчид энэ удаа зөв сонголт хийхгүй бол улс төрийн ууган намын нэг гэсэн байр сууриа алдаад зогсохгүй ардчиллын эрэлд мордсон эцсийн цэгээ хатгаж чадах эсэх нь шийдэгдэх биз ээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (7)