Монгол Улсын УИХ-ын найм дахь удаагийн сонгууль орон даяар явагдаж байна. Үүнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга 17.40 цагт буюу тахиа цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Саналаа өгөөд гарч ирснийхээ дараа тэрбээр "Сонгуулийн санал хураалтын ирц харьцангуй гайгүй байна. 22.00 цаг гээд хаагдах учраас иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ялангуяа залуучууд сонгуулиа өгөх нь чухал.
Улаанбаатар хотод ирц 50 гаруй хувьтай байна. Залуучуудын санал маш чухал юм шүү. Бид найм дахь удаагийн сонгуулиа өгч байна.
Цаашдаа эдийн засгаа босгох тал дээр идэвхтэй ажиллах болно. Энэ удаагийн сонгуульд залуучууд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг хүсье.
17:00 цагийн байдлаар авсан мэдээллээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 40, нийслэлд 50 хувьтай байна. 22:00 цагт санал хураалтыг хаана. Залуучууддаа хандаж хэлэхэд таны санал маш чухал. Найм дахь удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Бид хүнсний бараа авахдаа хугацаа, гарал үүслийг сайтар нягталж, хуучирч, муудсан эсэхийг нь шалгаж авдаг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо үүнээс илүү анхааралтай хандаарай.
УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг асар их хүмүүс орж ирдэг. Тэр их мөнгөөр санал хуралдаж авах оролдлого гардаг. Гэмт хэрэгтнүүд УИХ-д суухаар санаархдаг. Тиймээс залуус саналаа өгөхийг уриалж байна" гэлээ.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Нэр дэвшигч Г.Амартүвшинг Монгол Улсын иргэншлээс 2014 онд хассан тухай мэдээлэл байна. Энэ талаар Танд мэдээлэл байгаа юу?
-2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Гадаадын иргэншилтэй гэсэн пасспортын дугаарууд харагдаж байсан.
-Зургаан нэр дэвшигч урьдчилан хорих төвд хоригдож байна. Ерөнхийлөгчийн хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Шүүх эрх мэдлийн асуудал. Ажиглахад 2013, 2014, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна лээ. Үүнийг бид ажиглаж байгаа.
-Цар тахлаас үүдэж эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Төрийн тэргүүний хувьд шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах бол?
-Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспортод суурилдаг. Сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай эдийн засгийг маш шуурхай босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана. Бизнес хийж байсан хүн учраас энэ зовлон жаргалыг ойлгодог.
Үүнээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүрэгт саналаа өгөөд байсан юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (15)