УИХ-ын найм дахь удаагийн сонгууль улс орон даяар эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлснээр 2 сая 626 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Сонгогчдын ялангуяа залуучуудын хандлагаас харахад сонгуулийн ирц өмнөхөөсөө давах магадлал өндөр байгаа юм.
Үе үеийн УИХ-ын сонгуулиас энэ удаагийнх хэд хэдэн онцлогтой болж байна.
Учир нь, тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд монголчууд парламентын шинэ бүрэлдэхүүнийг сонгоод зогсохгүй ирэх дөрвөн жилд хэн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллах вэ? гэдгийг давхар шийднэ. Ингэж тодотгосон нь УИХ-аас үл хамаарахгүйгээр танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон.
Энэ хүрээнд сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслүүд парламентад төлөөллөө илгээхээс гадна дараагийн Ерөнхий сайд хэн бэ байх вэ? гэсэн асуултад хариулт өгөх учиртай. УИХ-д олонхи болсон тохиолдолд шүү дээ.
УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан. Үүнээс улс төрийн ууган, удаахь хоёр хүчний хувьд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно хэмээн Үндсэн дүрэмдээ заасан нь бий. Гэхдээ зарим нам, эвслээс УИХ-д олонхи болсон тохиолдолд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ зарлаад байгаа билээ.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйл.
1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Г.Эрхэс