Баасан гараг бүр соёлын төвд даралтад хөгжмийн аянд танц эргэхээ больж, спорт, урлагийн бүх арга хэмжээг хориглосон нам жим суурингийн нэг өдөр нартай уралдаж үнээгээ саахаас эхэлдэг. Гэсэн ч өнгөрсөн хэдэн өдөр сонгуулийн хөлд дарагдаад төв гудамжаар хөл хөдөлгөөн их байв. Замын хоёр талд өөд өөдөөсөө намынхаа тугийг намируулж, үүдэндээ дуу өсгөгчөөр хөгжим хангинуулна. Дэмждэг намынхаа зураг наасан, туг хатгасан машинууд хойшоо урагшаа холхиод л. Наадам болж байгаа аятай л байлаа. Оюутнууд сонин, сэтгүүл тарааж, намдаа үнэнч өвөө, эмээ нар ухуулга хийнэ. Мэдээж хижээл насныхан ч идэвхтэй оролцсон. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхэд манай сумынхан наадмын талбай дүүртэл цугласан. Сүүлийн зургаан сар ингэж олноор цуглаагүй болохоор арга ч үгүй байх. Уулзаагүй удсан нэгэнтэйгээ ч хэдэн үг солиод авах боломж. Мэдээж цуглахдаа метр, метрийн зайгаа баримталсан. Уулзалтын үеэр насаараа төрийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан ч аливаад идэвхтэй оролцдог ахмад настнууд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, намын талаар санал бодлоо илэрхийлж заримыг нь загинаж, зандарсан тохиолдол ч гарав.
Үүнээс гадна үүрийн 05.00 цагт нэгэнрүүгээ утас цохиж “Тэдний намын үүрийн дарга өчигдөр тэнд, энд байсан” гэж хардалт, тандалтын бор шувуу ч нисгэсэн гэнэ.
Сонгуулийн уулзалт, цуглааны хажуугаар оюутан, залуус маань нийлж цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, ширээ, сагсны талбайгаа будаж шунхдаад, засахыг нь засаад, шинэчлэхийг нь шинэчлээд авчээ. Олноороо цуглахыг хориглосон энэ үед сонгуулийг залуус ингэж ашиглав.
Сэргэлэн л байна. Энэ мэтээр сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөр сайнтай, муутай болдгоороо болж өнгөрлөө.Харин манай сумынхан төвөөрөө засмал замтай болсондоо их олзуурхаж байгаа. Салхи шуургатай үед улаан шороогоор эргүүлдэг төв гудамж засмал зам, гэрэлтүүлэгтэй болсон нь суманд өнгө нэмжээ. Одоо өндөр өсгийттэй алхсан ч болохоор. Өмнө нь өсгийт бүү хэл намхан ултай гуталтай мацаж алхдаг байсан юм. Бүр салхи ихтэй өдрүүдэд бага ангийн сурагчид хичээлээ таслах, эсвэл хэн нэгнийх нь эцэг эх машинаараа хороолол, хорооллоор нь цуглуулж хүргэдэг байсан үе ч бий. Засмалтай болсон манай сумынхан өвөл цас орвол зам дагуу айлууд нь гараад явган хүний замын цасаа цэвэрлэчихнэ. Тэгэх зуур энэ жилийн цаг агаарын байр байдал, өчигдөр өнөөдрийн сонин сайхнаас ярилцаад амжина. Засмал зам дуусахтай зэрэгцээд нарийн боовны цехээс шинэхэн талхны үнэр ханхийнэ. Бас энэ онд төвийн дулаантай холбогдсон тул шинэ халуун усны газартай ч болж. Үсчин, салон, хувь, хувьсгалын сургууль, эмийн сан, сум дундын эмнэлэг гээд манай суманд хүний хэрэгцээний бүхий л зүйл бий. Мөн шинэ, залуу боловсон хүчин хэрхэн сумандаа ажиллаж буйг эмнэлэг, сургуулиас харж болохоор. Эмнэлэг л гэхэд нийт ажилчдын 70-80 хувь нь залуус.
Мөн нарийн мэргэжлийн эмч жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь олзуурхууштай. Шүдээ үзүүлэх гэж аймгийн төвийг зорих хэрэггүй болно.
Нийслэл рүү хэт төвлөрсөн энэ үед залуус сурсан мэдсэнээрээ сум, орон нутагтаа ирж ажиллаж, амьдарч буй нь улс орныхоо хөгжил, дэвшил, нийгэм, эдийн засаг, нутаг дэвсгэр гээд бүхий л зүйлд оруулж буй том хөрөнгө оруулалт. Манай сумын шинэ хорооллууд ч нэмэгдсээр байгаа аж. Энэ онд л гэхэд хаагуур ямар хороолол шинээр бий болох, хаана газар өгөх боломжтой зэрэг газрын кадастрын зураг гарчихсан. Зургийн дагуу газар олгож байгаа юм байна. Энэ бол Увс аймгийн баруун бүсийн шилдэг сум болох гурван мянга гаруй хүн амтай Өмнөговь сум.
Сумын шинэ бүтээн байгуулалтын төсөв, санхүүгийн мэдээлэл өрхүүдэд хүрсэн бөгөөд заримыг нь санхүүтэй нь харьцуулж шүүмжилнэ. Сайн, муу зэрэгцэж оршдог хойно яалтай ч билээ. Хэдийгээр сайн, муу шүүмж байгаа ч иргэд амьдарч байгаа сум, орныхоо талаар мэдээ, мэдээлэлтэй байна гэдэг маш чухал. Тэгж гэмээнэ сум, орон нутгийнхаа төсвийн зарцуулалтад иргэд хяналт тавина.
Энэ мэтээр сум орон нутгаас эхлээд аймаг, улсын хэмжээнд төсвийн зарцуулалтын талаар иргэд мэдээлэлтэй, хяналттай, эргээд шаардлага тавьдаг болбол төсвийн зарцуулалт бага ч болов цэгцтэй болно. Сумынхаа бүтээн байгуулалтын таалагдсан, таалагдаагүй, санал бодол сэтгэгдлээ иргэдийн хурлаас гадна цахимаар сумынхаа бүлгэмд биччихнэ. Үнээ, тугал, морь мал нь алга болбол сумынхаа бүлгэмд бичээд хайчихна, олсон, харсан нэг нь хариу хэлчихнэ. Энэ нь гудамжинд зарлалын самбар дээр бичиж нааснаас хэд дахин хурдан, хялбар. Цахим орчныг суманд ийн ашиглаж байна.
Манай сум говирхуу сул шороо ихтэй тул мод хамгийн чухал. Сумын бүх байгууллагууд эргэн тойрноо моджуулсан.
Бяцхан ойн төгөл ч бий. Түүгээр ч зогсохгүй сүүлийн хэдэн жил манай сумынхан хашаандаа, сумаас зайтай газар авч чацаргана ихээр тариалах болж. Мөн өргөст хэмх, үхрийн нүд, хүнсний ногоо, зарим айл алимны мод хүртэл тарьж эхэлжээ. Намар чацарганаа хурааж шүүсийг нь шахаж худалдана. Энэ мэт сумынхан жижиг дунд аж үйлдвэрийг идэвхтэй эхлүүлжээ. Одоо бага хүүтэй зээлийн санхүүжилт чухал хэрэгцээтэй байгааг иргэд дурдаж байсан юм. Учир нь банкнаас зээл аваад үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хөл дээрээ босож амжилгүй банкны зээл, хүүгийн дарамтад ордог. Тиймээс бага хүүтэй, урт хугацааны зээл чухал байгаа аж.
Хөгжлийн хамгийн гол түлхүүр нь зам. Увс аймаг Улаанбаатартай засмал замаар бүрэн холбогдсон нь манай сумынхны хот хооронд зорчигчдын тоог нэмэгдүүлсэн. Нэг шөнө хоёр өдөр явдаг. Онгоцны зардал 200-300 мянга байдаг бол автобус 75 мянга. Долоо хоног бүрийн даваа, баасан гарагт сумаас Улаанбаатарын чиглэлд том оврын суудлын автобус явна. Сүүлийн саруудад баасан гарагт явахаа больжээ. Учир нь коронавирус гарсантай холбоотойгоор хот хоорондын гол зорчигчид болох оюутнуудын хичээл цахимаар орж, хоёр тийш явах шаардлагагүй болсон. Коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг сумын жишээн дээр харахад ийм энгийн. Тэгэхээр аймаг, бүс, улс, дэлхийн хэмжээнд ямар байх нь ойлгомжтой. Гэсэн ч долоо хоног бүр 45 хүний суудалтай автобус тогтмол явсаар л байгаа. Улаанбаатараас сумын чиглэлд “тарагны” хүүхдүүд их ирж байгаа бол сумаас малын мах, ааруул цагаан идээ гээд ачаа, дайвар мундахгүй.
Улсын нийслэлтэй холбогдсон засмал зам, сумын төвийн засмал зам иргэдийг тав тухтай зорчих, амьдрах орчинг сайжруулахаас гадна эрүүл мэндэд ч нөлөөлж буй. Өглөө, оройд замаар дугуй унах, алхах зэргээр дасгал, хөдөлгөөн ихээр хийх болж. Мөн манай сумынхан сонирхлоороо нийлж гүйх, иог хийх, эрүүл хооллох, жингээ хасах уралдаан зохион байгуулах зэргээр эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон нь сайшаалтай.
Сүүлийн хэдэн сар суманд яригдаж байгаа хамгийн гол сэдэв нь коронавирус, сонгууль. Эрүүл мэндийн яамны мэдээлэл сонсож жаахан хямрана. Нийслэлийнхэнд, дэлхийн бусад улс орны иргэдэд санаа нь зовно. Үр хүүхдүүд рүүгээ утас цохиж ач, зээгээ сум руу цэвэр агаарт явуул гэж ярина. Энэ мэтээр Монгол Улсын баруун хязгаарт нэгэн жижиг суурингийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Маргааш манай сумынхан тэрлэгээ өмсөж очоод сонгуулиа өгнө.
Ц.Баасансүрэн
Сэтгэгдэл (1)