Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин нарын хооронд эртний холбоо бий гэлцдэг. Анд нөхөрлөлийн гэхээсээ улс төр, геополитик тойрсон улс төр, бизнесийн эрх ашиг байдаг тухай Монголын хэвлэлээр “харддаг”. Үнэний ортой байж мэдэх хардлага. Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа өмнөх Төрийн тэргүүнийхээ жишиг болгон үлдээсэн уламжлал болох НҮБ-ын чуулганыг алгасч, Унгарын Будапештэд В.Путинтэй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэнээр тэдний харилцаа тодордог.
Дэлхийн 193 орныг эгнээндээ багтаасан НҮБ-ын ногоон индэр бус жүдогийн татамиг илүүд үзсэнээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгтээ шүүмжлэлийн бай болж байлаа.
Гэвч Х.Баттулгын В.Путинтай хийх уулзалт тухайн оны есдүгээр сард нь ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганаар үргэлжилсэн нь зүгээр ч нэг албан томилолт биш байв. Түүнээс хойш ОХУ, БНХАУ тэргүүтэй ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалтад оролцохдоо В.Путинтай хэд хэдэн удаа нүүр тулсан байдаг юм. Монгол Улс ШХАБ-д гишүүн орноор элсэх цаг нь болсон хэмээн Эдийн засгийн чуулганы индэрээс Ерөнхийлөгчийн хувиар байр сууриа илэрхийлсэн нь ч олон хүнийг гайхшируулах шалтгаан болж байв.
Ерөөс Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн гэдэг олон улсад Монгол Улсаа төлөөлөх бүрэн эрхтэй байтал Х.Баттулгын хувьд хоёр хөрш, тэр дундаа ОХУ-ыг, В.Путиныг чухалчилж ирсэн нь энэ.
Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оноос хойш буюу таван жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн төвшинд хүрсэн юм. Саяхныг хүртэл зарим томоохон бүтээн байгуулалт тойрсон хардлага, улстөржилт түүнээс улбаалсан гацаа бүхий үл ойлголцол дунд явж ирсэн хойд хөрштэйгөө хийх стратегийн түншлэл нэг шат ахьсан нь мэдээж сайн мэдээ. Цаашид хэлсэн, ярьсан, тохирсон, үзэглэсэндээ байж чадах эсэх нь хоёр улсын төрд байгаа эрхмүүдээс шууд хамаарах учраас энэ сэдвийн тухай дахин дурдах нь илүүц.
Харин Төрийн тэргүүн болсноосоо хойш ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ойр явж ирсэн Х.Баттулга энэ удаад В.Путинд ҮГҮЙ гээд хэлчих шиг боллоо.
Тэгж хэлэх ч шалтгаан байсан бололтой. Юу гэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлах үеэрээ Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан байдаг. Урилгын дагуу Ялалтын 75 жилийн ойн баярын парад маргааш болох юм.
Гэвч ОХУ-ын Ялалтын парад Монгол Улсын УИХ-ын сонгуультай давхацсан нь эх орондоо байхаас өөр сонголтыг Ерөнхийлөгч Х.Баттулгад үлдээгээгүй хэрэг.
Дөрвөн жилд нэг удаа улс орны эрх ашиг, бодлогыг зангидах учиртай парламентын бүрэлдэхүүнийг сонгох сонгууль болох гэж байхад Улсын тэргүүн нь ОХУ-ыг зорьж, парад үзээд алга ташиад суух нь мэдээж зохимжгүй. Нөгөөтэйгүүр, энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын найман зөвлөх нь нэр дэвшээд байгаа юм. Энэ бүгд нь Ерөнхийлөгч болсноосоо хойш ойр шадарлах болсон Х.Баттулга В.Путинд ҮГҮЙ гэж хэлсэн шалтгаан.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (12)