Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид энэ сарын 15-наас эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой болсон билээ.
Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа юм.
2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байрыг бэлдэж байгааг албаныхан мэдээлсэн билээ.
Шалгалтын дүн гарснаар
- Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.
- Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
- Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
Уг асуудлаар холбогдолх албанаас тодрууллаа.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.НЯМ-ОЧИР: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦАА СУНГАХ ЭСЭХЭЭС ХАМААРНА
-Тавдугаар сарын 11-ээс зургадугаар сарын 11-ны өдрүүдэд ЭЕШ-ын давтлага өгөх ажил амжилттай дууслаа. Одоо шалгуулагчийн хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарах юм. Бидний зүгээс бүхий л боломжит хувилбараар бэлтгэл ажлыг хангасан.
ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Хэрэв УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгахгүй тохиолдолд энэ хугацаа хүчинтэй.
БҮТ-ийн захирал Ж.ГАН-ЭРДЭНЭ: ШАЛГАЛТЫН ДҮН ШУУД ГАРНА
-Шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол их гардаг. Тиймээс шалгуулагчид энэ талаарх мэдээллийг сайтар нягтлаарай. Шалгуулагчийн шалгалтын хуваарийг нээлттэй зарласан учраас хүүхдүүд товоо сайн хараарай. Халуун хэмжих зэрэг нэмэлт цаг нэлээд орох учраас цаг баримтлах шаардлагатай.
Шалгалт өгсөн даруйд дүн шууд гарна. Засалт хийж байгаа процессыг лайваар шууд дамжуулна. Мөн хуваарь сонголтыг цахимаар явуулна. Энэ ажил хангагдсан.
Албаны хүмүүс ийм байр суурь илэрхийллээ. УОК-ын Шуурхай штабаас цар тахал дэлхийн зарим оронд эрчимтэй тархаж буй учир өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг долдугаар сарын 15-ныг хүртэл сунгах магадлалтайг мэдэгдсэн. Хэрвээ УОК-ын ээлжит хуралдаанаар уг саналыг зөвшөөрвөл ЭЕШ-ын тов өөрчлөгдөж магадгүй юм байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)