Энэ сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймаг, ЗӨНҮТ-ийн салбар лабораторид нийт 359 хүний шинжилгээ хийжээ. Үүнээс 352 хүний шинжилгээ сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Тэрбээр "Ингээд нийт долоон хүнээс халдвар илэрлээ. Энэ нь Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүний давтан, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн нэг жолоочоос илэрсэн.
Насны хувьд 6, 11, 12, 29, 38, 63 насны хүмүүс байна. Эдгээрийн зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.
Мөн өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. 17-49 хоног эмчлэгдээд гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 213 болж, 153 нь эдгэрлээ. ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээнд байгаагаас 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.
ХӨСҮТ-ээс эмчлэгдэж гарсан хоёр жирэмсэн хүний нэг нь төрөх тун дөхсөн тул ХӨСҮТ-д үргэлжлүүлэн тусгаарлагдахаар боллоо" гэв.
А.Сүх