Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлсэн боловч шүүх хуралдаан хойшиллоо.
Тодруулбал, улсын яллагч Б.Батсайхан нь 2020 оны зургаугаар сарын 22-ны өдрийн 11:00 минутад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандийядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цомонгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр ирүүлжээ.
Түүнчлэн шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хордлогонд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна гэж шүүх үзсэн учир шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн 09.30 цаг хүртэлх хугацаагаар хойшлууллаа.
Сэтгэгдэл (6)