Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 515 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдрийн 17.00 цагийн орчим Увс аймгийн Өмнөговь сумын III багийн нутаг дэвсгэрт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай эрэгтэй Ч-гийн амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэгдсэн байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.