Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 925 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 645 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, таван хүний амь нас хохирчээ. Зам тээврийн осолд өртсөн 5-10 насны 7 хүүхэд бүгд хорооллын доторх замд гэмтсэн байна.
Тодруулбал, энэ сарын 08-ны өглөөний 06.00 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Тахилтын давааны ар” гэх газар сайжруулсан шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, жолооч 50 настай, эрэгтэй Ж, зорчигч 41 настай, эрэгтэй М нарын амь нас хохирч, 52 настай, эмэгтэй А, 41 настай эрэгтэй С нарын 2 хүн гэмтжээ.
Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 567 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (5)