Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, тагтан дээрээсээ унах гэж байсан бага насны хоёр хүүхэд, Туул голд живж байсан 17 болон 20 настай хүмүүсийг аварчээ.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.11/ 11.17 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, 4 настай эрэгтэй Б болон 2 настай, эрэгтэй Ж нарыг аварчээ.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 17.42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн 17 настай, эмэгтэй Х, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн 20 настай, эмэгтэй М нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.