Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ талаар бодит мэдээлэл өгнө үү
-Урьдчилан сэргийлэх, тусгаарлан ажиглах 28 байранд өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 цагаар дэглэм сахиулан ажиллаж байна. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх нь ажил үүргийн хуваарийн дагуу энэ оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07.30 цагаас эхлэн “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ сарын 1-ний өдрийн 11.00 цагийн орчим эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсны улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас дуудлага мэдээлэл өгч, Яаралтай түргэн тусламжийн төвд 11.30 цагийн үед хүргэгдэн эмнэлгийн анхны тусламж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байх үедээ зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштойгоор нас барсан харамсалтай явдал тохиолдсон.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас энэхүү харамсалтай явдалд онцгой анхаарал хандуулж, төв байгууллага, хамт олноос нь сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, байнгын холбоотой байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.
- Нас барсан алба хаагчтай холбоотой асуудал хаана шалгагдаж байгаа вэ?
-Алба хаагчийн амь насаа алдсан хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Мөн уг асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Хянлат шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулж байна.
Сэтгэгдэл (2)