Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр халдварын тархвар зүйн судалгааны талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулаа.
Тэрбээр “Бид нэгдүгээр сарын 8-аас хойш 8364 хүнд тандалт, судалгаа хийгээд байна. Үүнээс 285 хүнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлаж, оношийг үгүйсгэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 26 ажиглах байранд 2683 хүнд шинжилгээ хийсэн. 21 хоноод шинжилгээ нь сөрөг гарвал 14 хоног өрхийн эмч нарын хяналтад гэрийн ажиглалтад байна.
Манай улсад гуравдугаар сарын 9-өөс хойш 194 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнээс 87 хүн эдгэрсэн. 56 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалт, үлдсэн нь ажиглалтын хугацаа дууссан.
Батлагдсан тохиолдлуудын 40 орчим хувь нь вирус илрэхдээ эмнэлзүйн шинж тэмдэггүй. Эмнэлэгт хэвтсэний дараа илэрч байна. Толгой өвдөх, хамар битүүрэх, хамар загатнах, нус гойжих, ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд тодорхой хугацаанд үргэлжилж байна. ам хатах, амьсгал давчдах, бие тавгүйрхэх шинж тэмдэг 4-13 хоног зэрэг тодорхой давтамжтай үргэлжилж байна.
Эмнэлгийн ор хоног 14-53 хоног байна. Өмнөговь, Дорноговь аймгуудад ачаа тээврийн жолоочийн шинжилгээ үргэлжилж байна. Гуравдугаар сарын 8-аас зургадугаар сарын 10 хүртэл 1700 гаруй ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийснээс дөрөвт нь халдвар илэрсэн.
Цар тахлын аюул дуусах болоогүй. Хэзээ ч ороод ирэхийг үгүйсгэхгүй. Цар тахалтай тэмцэж байгаа гэдгийг ойлгож, сонор сэрэмжээ өндөр байлгахыг хүсэж байна. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах нь та биднийг хамгаалах ганц зам юм шүү" гэлээ.
А.Сүх