Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 262 хүн эх орондоо ирсэн. Эдгээрийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ сарын 9-нд нийт 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээ сөрөг гарсан. Задалж хэлбэл, тандалтын зорилгоор 12 сорьцонд хийсэн. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээг хийсэн.
Түүнчлэн Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэд болон нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтсаннийт 274 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
Харин өнөөдөр мөн сайхан мэдээ дуулгахад хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Эдгээрийн нэг нь Цэргийн сургуулийн оюутан, нөгөө нь Алтанбулгийн боомтоор орж ирсэн оюутан байна. Нийт 25-27 хоног эмчлэгдсэн.
Монгол Улсад батлагдсан нийт 194 тохиолдлоос 87 нь эдгэрсэн. Эмчилээнд 107 байгаагаас 91 нь биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна.
Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Залуучууд караоке, баар зэрэг цэнгээний газруудаар явснаас үүдэн ямар алдаа гарч байгааг бусад улсуудын жишээнээс харж байна.
Хил залгаа муж улсуудад халдвар эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хөл хориогоо чангалж эхэлсэн байна. Энэ нь бидэнд маш том дохио болж байгаа юм. Хүн бүр өөрийгөө хамгаалах нь эх орноо хамгаалж байгаа нэгэн хэлбэр учраас маш хянамгай байх хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
А.Сүх