Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ажлын байрыг хадгалах, газар тариалангийн гаралтай бараа бүтээгдэхүүний хангамж нөөцийг нэмэгдүүлж дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах зорилгоор энэ жилийн хаврын тариалалтыг нэмэгдүүлэх өмнөх жилүүдээс нэмэгдүүлэхийг салбар яамнаас зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал,
ХААДС-гаас усжуулалтын систем, трактор, мотоблок, хадуур, тармуур, зөөврийн усан сан, хүнсний ногооны үрлүүр, хүйтэн агуулах гэх мэт 50 гаруй нэр төрлийн 500 орчим газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 50 хувиар хямдруулан худалдаалж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд 36.0 мянган тонн, дотоодоосоо ХААДС болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-н 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 аж ахуйн нэгж 735 тонн үр оруулж ирснээр дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган тонн, нийтдээ 49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож хаврын тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн байна.
Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун шаардагдахаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад 5.8 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан байна. Тиймээс технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7.5 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, зээлээр олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯамнаас мэдээллээ.