Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн хотууд ковид19-той холбоотойгоор авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмээ сулруулж байна. Бээжин хотод сүүлийн 53 хоногийн хугацаанд халдвар илрээгүй. Энэ хүрээнд энэ сарын 6-аас эхлэн хөл хориогоо зохих хэмжээнд сулруулж байгаа мэдээлэл өгсөн.
Харин Москва хотод коронавирус дуусах хүртэл хөл хорионы арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ сарын 2-нд дэлхийн 40 гаруй хотуудын захирагч нарын уулзалт болсон. Энэ уулзалтаар миний бие оролцож, илтгэл тавилаа.
Коронавирусний халдвар ирэх өвлийн улиралд дэгдэх магадлалтай гэж анхааруулж байгаа учраас дэлхийн хотууд хэрхэн хамтарч ажиллах зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцаж, мэдээ мэдээлэл солилцсон. Уг халдвараас гадна томоохон эрсдэл бий болж болзошгүй учраас дэлхийн хотууд цар тахлын үед бэлтгэл ажлаа бүрэн хангаж, байнгын мэдээлэлтэй ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Нийслэлд 1.5 сая м.кв талбайд ариутгал халдваргүйтлийг хоёр давтамжтай хийж дууслаа. Энэ сарын дунд хавиар халдваргүйтлийг дахин хийнэ. Нийслэлд 152200 ил задгай жорлон, 142900 бохирын цооног бий. Эдгээрийн ариутгал, халдвар бүрэн хийгдэж, зохих хэмжээнд үргэлжилж байна.
Үйлчилгээний байгууллагуудаа үе шаттай нээж байгаа. УОК дээр ариутгал, халдваргүйтлийг сахих талаар нарийвчлан зохион байгуулах талаар асуудал хөндсөн. Бид халдвар дотоодод тархаагүй гээд тайширч болохгүй. Үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зохих хэмжээнд явуулах боломжийг нь бүрдүүлж өгөх асуудлаар УОК-т саналаа хүргүүлсэн. Зарим үйлчилгээний байгууллагаа шаардлагыг нь тавиад үйл ажиллагааг нь нээе гэсэн санал гаргаж байгаа. Энэ талаар иргэд мөн саналаа ирүүлэх хэрэгтэй” гэлээ.
А.Сүх