УИХ-ын 19-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Ганболдын сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын сонгогчидтой өнөөдөр уулзлаа. Тэртээ 1965 оноос дотоодын цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлж байсан Шарын голын уурхайг түшиглэн үүссэн тус сум өдгөө есөн мянга гаруй хүн амтай, дулаан тохилог орон сууцтай суурин сум болон өргөжжээ. Тус сумын иргэд бие даагчдыг дэмжин сонголт хийх саналтай байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн юм. Шарын голын уурхайд экскаваторын машинистаас ажлын гараагаа эхэлж, Төрийн соёрхол хүртэн, Хөдөлмөрийн баатар болсон Ч.Цэрэндорж агсны цэцэрлэгт хүрээлэнд эхний уулзалт болов.
УИХ-ын 19-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Ганболд Дархан хот, гурван сумын хөгжлийн гарц загвар ямар байж болох, иргэдийн амьдралыг хамгийн их доройтуулж байгаа эдийн засгийн гаж тогтолцоо, хууль эрх зүйн тэгш бус байдлыг хэрхэн өөрчилж чадах талаар санал бодлоо хуваалцаж ярилцлаа.
НИЙТИЙН ХӨРӨНГИЙГ НИЙТЭД ЗАРЦУУЛЪЯ
Иргэн Ц.Сүхбаатар “Би АН-ын гишүүн. Гэхдээ өнөөдөр таныг дэмжихээ илэрхийлж энд ирлээ. Дампуурсан “Алтан Дорнод Монгол” компанийг анх ямар байхад нь одоо ямар болголоо. Үүнийг би нүдээрээ харсан. Сэтгэл зүтгэлтэй, мэдлэгтэй хүн хэрхэн өөрчилж, богино хугацаанд юу хийж болдгийг би бодитоор харсан. Яг тэр жилийн үйл хэргээ манай суманд хэрэгжүүлж өгөөч. Таныг чадна гэдэгт итгэж байна. Байгалийн баялаг, нийтийн хөрөнгө ганцхан дарга нарын халаасанд биш ард иргэд хүртдэг тогтолцоог бий болгохын төлөө таныг их зүйл хийнэ гэдэгт би итгэж байна. Амжилт хүсье” гэв.
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ДУТАГДАЖ БАЙНА
Иргэн Д.Цэцэгмаа “Манай сумын төсөвт бичил уурхай эрхлэгчийн орлого багагүй хувийг бүрдүүлдэг. Бид өөрсдийнхөө нөөц боломжоор амьдралаа залгуулж яваа эгэл жирийн ард.
Гэтэл бидэнд хууль эрх зүйн орчин дутагдаж, төрөөс ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. ЖДҮ-ийн зээлийг зөвхөн эрх мэдэлтнүүд биш ард иргэд бид эрх тэгш хүртэж, баялгийн хуваарилалтыг эрх тэгш эдэлмээр байна. Та уул уурхайн салбарт олон жил ажилласан хүн, бидэнд ямар гарц байна хэлж өгөөч. Аливаа төсөл хөтөлбөрт оролцох боломжийг нээж, байгаль орчны нөхөн сэргээлтийг чанартай хийдэг болох талаар олон ажил хийнэ гэдэгт итгэж байна.
Иргэн н.Эрдэнэбилэг “30 жилийн түүхэндээ бид МАН, АН-ыг сонгож ирлээ. Бидний амьдрал өдрөөс өдөрт уруудсаар байгааг хүн бүхэн хэлнэ.
Одоо бидэнд өөрчлөлт хийх шинэ үеийн төлөөлөл, мэдлэг чадвартай удирдагчид хэрэгтэй байна.Цагаан мөртэй, гэгээн түүх таныг дэмжин бие даасан сонголт хийнэ. Бидэнд сонголт байна” гэв.
Иргэн А.Махсад “Манай суманд амьдралаа авч явахын тулд, хөөгдөж туугдан алт ухаж амьдралаа авч яваа олон залуучууд бий. Бид зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлээд зогсохгүй дараа дараагийн аж үйлдвэр дэд бүтцээ хөгжүүлж, ард иргэдээ ажилтай орлоготой болгож олон залуусаа сумандаа сайхан амьдрахыг харахыг хөгшид бид ихэд хүсдэг.
Та уул уурхайн салбарт олон жил ажилласан хүн бидний өнөөгийн тулгамдсан асуудлыг сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидэнд сумандаа сайхан амьдрах боломжийг олгож өгөөч. Танд итгэж байна. Бид гэр бүлээрээ таныг дэмжих болно” гэв.
Дархан-Уул аймгийн иргэдийн ихэнх нь ажил орлоготой болох ямар гарц боломж байгааг тодруулж, Төмөрлөгийн үйлдвэрийг ашиг орлоготой болгож байсан сайхан ажлаа үргэлжлүүлж хийхийг Т.Ганболдоос хүсч байлаа. Түүнчлэн төсвийн мөнгийг найз нөхөд, ах дүүсээрээ хуваан авч, чанаргүй зүйл хийж олон нийтийг хохироодог гаж тогтолцоог халахыг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлсэн.
Сэтгэгдэл (1)