Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт батлагдсан тохиолдол 100 мянга давсан хэвээр байна. Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улсууд тэргүүлсэн хэвээр байна. Мөн халдвар Африк тивд эрчтэй өсөх хандлагатай байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.
Халдварын тохиолдол АНУ-д 29 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдол 1.9 саяд хүрлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын 30 орчим хувь юм. Үүний дараа төв болон Өмнөд Америкт 15 хувь нь бүртгэгдээд байна.
Түүнчлэн Бразил улсад өчигдөр 18 мянган тохиолдол, 512 нас баралт нэмэгджээ. Харин Энэтхэгт 9.9 мянгаар нэмэгдэж, 246 мянгад хүрч халдварын тоогоор Испани улсын өмнө тавдугаарт бичигдэх боллоо. БНСУ-д 38 тохиолдол нэмэгдсэн. Үүнээс 33 нь дотоодын халдвар байна. Өчигдрийн байдлаар сүмүүдээс гаралтай тохиолдол 82, худалдааын төвөөс гарсан нийт 42 тохиолдол бүртгэгдлээ.
А.Сүх