Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Энэ сарын 7-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 46 сорьцонд шинжилгээ хийснээс 45-д халдвар нь илрээгүй.
Тухайлбал, ажиглах байранд тусгаарлагдсан найм, ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүнд давтан шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочийг шинжлэхэд нэг хүнд илэрлээ.
Энэ нь ОХУ-ын иргэн байна. Одоо ХӨСҮТ-д коронавирусээр эмчлэгдэж байгаа 119 хүн байна. Үүнээс 103 хүний биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна” гэлээ.
Алтанбулгийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн манай улсад ачаа тээвэрлэн ирсэн анхны тохиолдол нь бөгөөд Сэлэнгэ аймгаас хүргэгдэн ХӨСҮТ рүү ирж байгаа аж. Биеийн байдал нь хэвийн байна гэсэн юм.
А.Сүх