Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 428 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 280 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэн. Эдгээрийн дөрөв хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 06-ны 07.40 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.