Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал гуйв. Монголын ирээдүйгээс, Төрийн тэргүүний хувиар. Өмнөх Ерөнхийлөгч нар ирээдүй хойчоосоо уулчлал гуйж байсныг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, айл өрхөөр төлөөлүүлбэл гэрийн эзэн, “аав”-ын хувиар уучлал гуйсан нь сайн хэрэг, зөв жишиг байх.
Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа, хэнэггүй зангийн уршгаар ирээдүй хойч болсон хэчнээн хүүхдийнхээ амийг бид зольсон бол. Өчигдөрхөн аавдаа, ээждээ үнсүүлээд инээж, хөөрч явсан бяцхан зүрх өнөөдөр хаана очоод цохилохгүй "зогсох" бол гэсэн нийгмийн айдас, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн баталгаа бидэнд алга.
10-уулаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориод дөрөв нь эргэж ирээгүй харамсалтай хэргийн талаарх гуниг харуусал, уй гашуу өнөөдрийг хүртэл намжаагүй л байна.
Гэвч аюулгүй, эрүүл орчинд өсч торних эрхийг нь бүрдүүлж, хангаж өгөөгүй мөртлөө хүүхдийн нэрээр түрий барин мэндчилгээ дэвшүүлж байгаа дарга нар, албан тушаалтнууд өөрөө энэ нийгмийн эмгэнэл.
Хүний, тэр тусмаа хүүхдийн амь гэдэг өөрөө юугаар ч орлуулж болохгүй үнэ цэнэтэй, эрхэм зүйл.
Түүнийг нь, амьд явах эрхийг нь баталгаажуулж чадахгүй байгаа шалтгааныг өөрсдөөсөө асуух ёстой байтал гоё сайхан үг, зурагтай мэндчилгээ дэвшүүлээд сууж байгааг юу гэж ойлгох вэ?!
Хүүхдүүд буруугүй ээ. Тэдний хүсэл сонирхлыг амь насаар нь дэнчин тавьж унтраадаг, зольдог бид буруутай. Наад зах нь тоглоомын талбайг нь чөлөөлж, тоглох эрхийг нь тэдэнд үлдээх зориг дарга нарт алга.
Хүүхдүүдэд мэндчилгээ хэрэггүй ээ. Чихэр, печень ч хэрэггүй. Тэдэнд амьд явах эрх нь л хэрэгтэй байна.
Ерөнхийлөгч мэндчилгээндээ дурджээ. “Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж энхрий бяцхан үрс маань эндэх, хохирох явдал удаа дараа гарч байгаад Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна” гэж. Юу үнэн энэ л үнэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг хэдэн дарга нар нь мэндчилгээ дэвшүүлснээр илэрхийлэгддэг баяр лав биш.
Харин тэдний эрх бүрэнд хангагдсан уу гэдгийг асуух, нэхэх, шахаж шаардах өдөр! Хууль баталсан нэртэй болохоос хүүхдийн эрхийн талаар дорвитой, бодитой ажил юу хийв? Мэндчилгээ дэвшүүлж, бэлэг тарааснаараа Монгол шиг, Улаанбаатар шиг "Аз жаргалтай" хот энэ дэлхийн хаана ч байхгүй.
С.Гандөл
Сэтгэгдэл (24)