Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр дэлхийн бусад улсуудад халдварын тархалт ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д өчигдөр 19.600 гаруй шинэ тохиолдол, 1000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Ингээд нийт 100 гаруй мянган хүн халдварын улмаас эндлээ.
Харин Бразил улсад 26.400 гаруй тохиолдол, 1156 нас баралт шинээр бүртгэгдсэн. ОХУ-д 8300 тохиолдол нэмэгдэж, 174 хүн нас барсан байна. Номхон далайн баруун бүсийн орон тухайлбал, БНСУ-д 58 тохиолдол бүртгэгдсэнээс 55 нь дотоодын халдвар байна. Энэ хүрээнд тус улс дахин хоёр долоо хоногийн хугацаанд олон нийтийн амралт, соёл үйлчилгээний газрыг хаах шийдвэр гаргажээ.
Мөн БНХАУ-д шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт нэмж бүртгэгдээгүй" гэлээ.
Мөн БНХАУ-ын эрдэмтэд гэр бүлийн хүрээнд халдвар хэрхэн дамждаг талаар судалгаа хийжээ. Ингэхдээ агаар сэлгэлт сайтай, хүний гар байнга хүрдэг гадаргууг тогтмол цэвэрлэдэг бол гэр бүлийн гишүүний нэг нь халдварласан ч тусахгүй байх магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ. Халдваргүйтгэл цэвэрлэгээг тогтмол хийвэл халдвар авах магадлал 77 хувь буурдаг гэж үзжээ.
А.Сүх