Энэ сарын 25-29-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 967 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 696 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт долоон хүний амь нас хохирсны гурав нь хүүхэд байна.
Тухайлбал, тавдугаар сарын 25-ны өдрийн 10.30 цагт орчимд Сэлэнгэ аймаг, Баянгол сумын 3-р багийн нутаг дэвсгэр газарт шороон замд М жолоочтой Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй М-ийн амь насыг хохироожээ.
Энэ сарын 27-ны өглөөний 07.30 цаг орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-4 салбарын төмөр зам дээр 31 настай, эрэгтэй Г нь галт тэргэнд мөргүүлж амь нас нь хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгджээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.