ҮСХ-ны 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хурааллтын дүнд хийсэн шинжилгээнээс харахад Монгол Улсын сонгогчдын сонгуулийн идэвх нь нас ахих тусам нэмэгдэж байна гэсэн судалгаа гарчээ.
Тодруулбал, 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон бөгөөд 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байна.
18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байна. Энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй байна.
Энэ нь шинээр сонгууль өгөх эрхтэй болсон залуучуудын хувийн жингээс ч өндөр үзүүлэлт юм. Насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа бөгөөд 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцжээ.
Хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн 76.6 хувь, эрэгтэйчүүдийн 70.6 хувь сонгуульд саналаа өгсөн байна. Энэ нь эмэгтэйчүүд илүү хариуцлагатай, илүү идэвхитэй байгааг илтгэж байна.
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээс харахад санал хураалтын оргил цаг нь 13 цаг байна. Энэ цагт 152.8 мянган хүн саналаа өгч, 11-15 цагийн хооронд нийт санал өгсөн сонгогчдын 47.3 хувь буюу 673.6 мянган хүн санал хураалтад оролцсон байна.