АН Бага хурлаараа шинэ боловсон хүчнүүдийг дэмжиж, нэр дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд олон жил төр барьсан гишүүдээ сонгуулийн үйл ажиллагааг ерөнхийлөн зохион байгуулах, залуу үеэ бэлтгэх байдлаар сонгуульд оролцохоор болжээ. АН-ын сонгуулийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав томилогдсон байна. Түүний хувьд Завхан аймгаас иргэдийн итгэлийг хүлээж гурван удаа сонгогдсон бөгөөд энэ удаад залуу үедээ боломж олгож, сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ингээд АН-тай холбоотой бусад асуудлаар түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Өнгөрсөн бямба гарагт АН нэр дэвшигчдээ тодруулсан. Та уг нь нэр дэвшвэл ялалт авчрах магадлал өндөр гишүүдийн тоонд ордог байж яагаад нэр дэвшээгүй юм бэ?
-Намын дарга Их хуралд сонгогдсон долоо, шинээр орж ирсэн хоёр гишүүнээ дуртай тойрогтоо нэр дэвш гэсэн шийдвэр гаргасан. Миний хувьд Завхан аймгаас гурван удаа сонгогдсон. Завхан аймгаас олон залуус өрсөлдье гэж байгаа энэ нөхцөлд шинэ уур амьсгал орох ёстой гэж үзсэн. Мөн төрд бэлдэж явсан залуучууд эрийн цээнд хүрч, төр барилцах түвшинд хүрсэн. Чадварлаг, нэр цэвэр залуус учраас энэ шийдвэрийг гаргасан.
Хоёрдугаарт, АН-ын хувьд энэ жилийн сонгуульд өвөрмөц болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэт олон давамгайлсан, монголын төрд хийх, бүтээх гэхээс илүү хоорондоо зөрчилдөж улмаар улс орны өмнө тулгамдсан олон асуудал дөрвөн жилээр хоцорлоо. Тиймээс АН энэ удаагийн сонгуулиар олонх болж иргэдийн итгэлийг сэргээх, хөгжлийн төлөө бусад хүчнүүдтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна. Намаас нэр дэвшсэн хүмүүс дотор сонгон шалгаруулалтаар 71 хувь нь 40-өөс доош настай. Төрд ажиллаж байгаагүй, сайд хийж байгаагүй боловсрол, мэдлэгтэй шинэ залуучуудыг сойж байна. Мэдээж сайн морь байсан ч уяач сайн байх ёстой. Тиймээс намын хамт олон санал нэгдэж сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаач гэдэг санал тавьсан. Мөн Монголын төрд хэд хэдэн удаа сонгогдож Их хурлын дэд дарга, сайд хийгээгүй ажил байхгүй учраас миний мэдсэн сурсан бүх зүйл АН-ын, Ардчиллын төлөөх зүрх сэтгэлтэй хүн бүрийн өглөг хичээл зүтгэл учраас залуучуудаа нэр дэвшихэд нь тусалж, гаргаж ирнэ.
-АН-ыг бодлогын нам гэдгээ харууллаа гэж иргэд талархалтай хандаж байна. Нэр дэвшигчдийн дийлэнх нь эдийн засагч, хуульч, инженер зэрэг мэргэжилтэй хүмүүс байсан. Эдгээр нэр дэвшигчдийн ямар шалгуураар сонгосон юм бэ?
-Боловсорч, төлөвшсөн хийж бүтээх эд үедээ байгаа залуусаас олон ороосой гэсэн хүсэмж АН-аас явуулсан судалгааны дүнд гарсан. Сонгогчдын хүсэмжийг биелүүлэх болохоос биш хүч хэрэглэж сонгуульд ялдаг арга барилыг хойш тавих ёстой. Амалдаг, амалсан зүйлээ хэрэгжүүлэхдээ сүүлийн зургаан сард нь хийчихлээ гэж яриад байхаар хүмүүс итгэх үү. Төрийн голлох хүчин бол яах аргагүй МАН. Олон жил төр барьсан, засаглаж чаддаг гэдэг намд 65 хүний суудал өгсөн. Гэтэл иргэдийн энэ итгэл 30 жил болж төлөвшсөн намд садаа болж байна. Тиймээс төрд ажиллаж байсан, гишүүн байсан хүмүүсээ аль болох цөөн оруулъя гэж тооцсон. Үүний нэг манлайлагч нь би байх ёстой гэж үзсэн.
-Нөгөөтээгүүр, энэ хүнд хэцүү цаг үед илүү туршлагатай гишүүд төр барьж байж даван туулна гэсэн байр суурьтай иргэд байсан?
-Үнэн. Гэхдээ энэ хувьд 30 хувиас илүү байж болохгүй гэж үзсэн. АН-д 71.4 хувь нь шинэ залуус. Үлдсэн нь ахмад, туршлагатай гишүүд.
МАН-д ч ийм туршлагатай гишүүн их бий. Тухайлбал, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар туршлагатай парламентчид гэж хардаг.
Олон жил хуулийг эх барьж, гаргахад нь оролцож байсан хүмүүс шүү дээ. АН-д ч гэсэн З.Энхболд, Р.Амаржаргал, С.Баярцогт нар бий. Мэдээж хэрэг хүн 100 хувь зураад тавьчихсан бурхан шиг байж болохгүй. Дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг муугаар хэлэх тухайлбал, одоо болох юм биш үү, зөнөчихсөн шүү гэдэг зүйл байж болохгүй. Төрийн залгамж холбоо гэдэг зүйл байх ёстой. Ийм учраас АН-аас хамгийн зохимжит хувилбар нэр дэвшигчдийн 30 орчим хувийг хуучин туршлагатай гишүүдээ дэвшүүлсэн.
-Нэр дэвшигчдийн зүгээс 100 сая төгрөгийн дэнчингээ бүгдээрээ төлж, нэр дэвших эрхээ авсан гэж ойлгох уу?
-Намын дүрэмд заасан татварын хэлбэрээр зохицуулалтаа хийсэн. Хоёрдугаарт, төр барьж, засаглаж байгаа 65 суудалтай нам төрийн мөнгөөр намыг сэг болтол нь буудлаа. Бидний зүгээс ямар нэгэн зардал гаргахгүйгээр мундаг шүү гээд яваад байж болохгүй. Тиймээс Сонгуулийн хууль, АН-ын дүрмийн дагуу урьдчилсан байдлаар гарах зардал юм. Үүнийг нэг байгууллага эсвэл 10 компаниас авч болохгүй. Хувь хүмүүсийн хяналтан дор, зарцуулж байгаа. Тухайлбал, намын ерөнхий фоныг бий болгох, Ардчиллын үнэ цэнийг иргэдэд ойлгуулах, тухайн тойрог дээрээ ажиллах хүмүүсийн нэгдсэн материал, хувцас, дарцаг зэрэг зүйлийг сонгууль эхэллээ, маргааш нь хийчихэж болохгүй. Үүнийг л АН авлигажсан гэдэг мушгисан зүйл гаргасан. АН хуулийн хүрээнд хаана ч шалгуулахад бэлэн. 100 сая төгрөгөө байршуулсан эзэн нь өөрөө хянахаас биш намын удирдлага шууд зарцуулах боломжгүй.
-АН-аас нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн шалгуур тавьсантай холбогдуулан намаа зарлаа гэж ярьж байна. Мөн хоёр, гурав дахь шатны мөнгө ч яригдаж байна. Нэр дэвшихээр мөнгөө өгсөн бусад хүмүүст албан тушаал амлах зэрэг асуудал яригдаж эхэлсэн. Үнэхээр албан тушаал амалсан тийм асуудал яригдсан юм уу?
-Намын ялалтын төлөө ажиллаж байгаа хүмүүсийн мөнгөн, материаллаг, сэтгэл санааны аль нь ч бай, чадамжийн олон талын үнэ цэн туслалцаанд дүрмийн дагуу оноо байдаг. Үүний дагуу дүгнэх болохоос биш 100 сая төгрөг өгсөн хүн маргааш төрийн албанд очно гэдэг зүйл байхгүй. Ард нь байгаа мөнгөө өгөөгүй олон гишүүн, дэмжигч, ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилдог хүний нүүр рүү нь ус цацахтай ялгаагүй зүйл болно. Тиймээс дээрх асуудал худлаа. Мэдээж чадамжтай хүмүүс нь тодорхой хэмжээгээр намдаа туслах, дэмжих асуудал байж болно. Учир нь нам хийж хэрэгжүүлэх, үзэл бодлоо ойлгуулахын тулд хичээх хэрэгтэй шүү дээ.
-Ирэх парламентын хувь нөхцөл байдал хүнд харагдаж байна. Хэрэв иргэдийн зүгээс АН-д итгэл үзүүлж, олонхи болж сонгогдвол ямар зорилт гаргаж ажиллах вэ?
-Нэгдүгээрт, ардчиллын хувь тавилан бүдгэрэх гээд байна. Азид Монгол Улс ардчилсан орон гэдгийн илэрхийллийг тод гаргаж ирэхийн тулд АН-ыг сонгох ёстой. Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, шүүх засаглал, прокурор зэрэг хуулийн байгууллагууд ямар нэгэн албан тушаалтны удирдлагаар ажилладаг. Жирийн иргэддээ тэгш харьцах харилцаа нь байхгүй болчихсон. Тэр байтугай Их Хурал, яам Тамгын газар ажиллаж байгаа мэргэжилтнүүд төрийн төлөө гэсэн зүрх сэтгэл нь байлаа ч, хэлмэгдүүлэлтэд өртчих вий гэж гар хөлөө хөдөлгөхгүй, оюун санаагаа ажиллуулахгүй байна. Улмаар төрийн чадамж буурах гээд байна. Монголоо хөгжүүлье, хүний төлөө байя гэдэг сэтгэлзүйн голыг нь таслаад хаячихлаа шүү дээ. Үүнийг сэргээх хэрэгтэй. Ирэх биш иргэд ойлгож, мэдэрч байгаа учраас АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдэд итгэл үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ 65 суудал гэж хэлмээргүй байна. Хэт олонх болчихвол давардаг юм байна. Үүгээрээ цөөнхөө үл тоодог нөхцөл байдал үүсдэг юм байна. Тиймээс АН-д 45 орчим суудал өгчихөд л болно доо.
-Ер нь АН-ын зүгээс сөрөг хүчнийхээ үүргийг энэ дөрвөн жилд хэр гүйцэтгэсэн гэж дүгнэх вэ?
-АН тухайн үед тодорхой шийдвэрүүд дээр өөрийн үзэл бодол, хуулиудыг боловсруулж гишүүдээрээ өргөн барьсан. Тухайлбал, Цагаатгалын хууль бол ирэх биш өөрсдөө олон хүнийг буудаж, үе удмаар нь алга болгочихсон учраас дэмжсэн байх. Яахав, хамтарч өргөн барьсан хуулиуд дээр хэрэгжсэн хууль бий. АН-аас дангаараа өргөн барьсан хуулиуд хавчуурганд орж, тасдагдаад цаас болж үлдсэн. Эдгээрээс АН ирэх сонгуульд олонх болбол яаралтай батлах шаардлагатай хууль бий. Сөрөг хүчнийхээ хувьд тодорхой шүүмжилсэн, зассан зүйлс олон бий. Олон алдааг АН нэргүйгээр зассан. Авч хэрэгжүүлж алдаагаа засахдаа АН-ын саналын дагуу өөрчлөе гэж оруулаагүй. Ард түмнийхээ өмнө төрийн нүд чих болдог учраас хууль хулгайлж, төрийн мөнгийг идэх асуудлаар тодорхой зүйл бид хэлсэн. Гэхдээ хувь хүний нэрээр нь хуулийн байгууллагад өгөөгүй ч энэ зүйлээ зогсоогооч гэдэг дээр тэмцлээ хийсэн. Түүнээс биш МАН ухаантайдаа 60 тэрбумын хэрэг нь илчлэгдээд шүүх хяналтын байгууллага дээр ирсэн юм биш. АН үүргээ сайн биелүүлсэн. Одоо ирэх сонгуульд АН олонх болохгүй бол цаашид өмнөх дөрвөн жилийн давтамж хэрэгжинэ. Сүүлийн гурван сарын алхамд хууртаж эдгээр халамжууд ирэх дөрвөн жилд үргэлжлэх юм байна гэж битгий бодоорой. Үүн шиг худлаа юм байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд итгээд хийсч байгаа хамхууль шиг яваад орж болохгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (39)