УИХ-ын гишүүн асан, “Үнэн ба зөв” намын үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-УИХ-ын сонгууль тун удахгүй боллоо. Таныг нэр дэвших тухай мэдээ шинэ биш. Гэхдээ сонголт сонин байлаа. “Үнэн ба зөв” нам яагаад бие даахгүйгээр ШИНЭ намтай нэгдэж эвсэл байгуулсан юм бэ. Дангаараа барахгүй гэж ШИНЭ намын далбаан дор нэгдэхээр шийдэв үү?
-“Үнэн ба зөв” намыг УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа байгуулсан. А.Отгонбаатар Өвөрхангай аймагт, би Завхан аймагт нэр дэвшээд хоёулаа унасан. Энэ талаар ярихаасаа өмнө МАН-аас яагаад гарсан тухайгаа жаахан ярья тэгэх үү?
-Бололгүй яах вэ.
-За. Нэгдүгээрт, Оюутолгойгоос болж С.Баяр гэж хүнтэй огт таарахгүй юм билээ. Хоёрдугаарт, эх орныг удирдах шилдэг лидер төрж гарсангүй, залгамж халаа нь ч тасарсан. Тиймээс МАН-аас гарсан. Дараа нь 2016 оны сонгуульд нэр дэвштэл МАН-аас манай дүүг надтай нэг тойрогт өрсөлдүүлсэн. Ах, дүү хоёр нэг тойрогт мөргөлдөхөөр ямар олиг байх вэ дээ. Дундаас нь АН-ын З.Нарантуяа хожиж таарна биз дээ. Наадам өнгөрлөө. Ерөөсөө нам байгуулъя гэж А.Отгонбаатар бид хоёр “Үнэн ба зөв” намыг байгуулсан. Бүх аймгаар явсан. Цагаан хад, Замын-Үүдэд байгаа жолооч нар гээд очоогүй газар, уулзаагүй гэж хүн байхгүй. "ТВ-10" телевизээр “Хөгжлийн хөтөлбөр”, “Үнэн ба цаг” гээд нэвтрүүлэг цацахдаа сонгуулийн хувьсгал хийхгүй бол шинэ боловсон хүчин гарч ирэхгүй нь гэсэн алсын бодолтой иргэдтэй тулж ажилласан. Яг манай нам шиг өнгөрсөн 30 жилд үнэлэлт дүгнэлт хийсэн нэвтрүүлэг цацсан нам бараг байхгүй. Энэ нь ч иргэдэд хүрч 170 орчим мянган дэмжигчтэй болсон.
-Энэ тоог яаж гаргасан юм бэ?
-Бидэнтэй фэйсбүүк, утсаар холбогдсон. Иргэд юу ярьдаг бэ гэхээр, танайх шиг бидэнд дүгнэлт хийх хэмжээний мэдээлэл өгөх нам алга. Нэвтрүүлэг үзснээс хойш арай өөр бодол, сэтгэхүйтэй болж байна гэсэн.
-Гол нь яагаад ШИНЭ намыг сонгосон юм бэ. Ийм олон дэмжигчтэй болсон юм бол заавал эвсэлд нэгдэх хэрэг байсан гэж үү?
-ШИНЭ нам хэрвээ байгуулагдаагүй бол дангаараа өрсөлдөх байсан. Ийм боломж ч байсан. Гэтэл Ж.Батзандан, Л.Болд хоёр өнгөрсөн оны зургадугаар сард нам байгуултал манай дэмжигчдийн зарим нь тэдний нам руу хандарсан. Энэ олон иргэний дунд янз бүрийн санаа оноотой хүн байна шүү дээ. Тиймээс бид ярилцаад Буянгийн Б.Жаргалсайханы Бүгд найрамдах намыг дэмждэг нэг хэсэг, Үндэсний ардчилсан намыг дэмждэг нэг хэсэг бүлгийг нэгтгэе гэж шийдсэн. Толгой намуудын хувьд энэ. Үүний ард жижиг 13 нам, 100 гаруй төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид нэгдэж ШИНЭ эвслийг байгуулсан. Энэ удаа эвсэл байгуулж өрсөлдье. Харин 2024 онд дан дангаараа өрсөлдөж болох юм гэсэн хувилбар сонгосон. Ийм л учиртай.
-Тэгэхээр танай намын зарим дэмжигчийг ШИНЭ нам урвуулсан болохоор арга буюу ийм сонголт хийсэн гэж ойлгож болох нь ээ?
-Урвуулах биш юм аа. Үзэл бодлоороо хуваагдсан. Ж.Батзандангийн үзэл бодолд нь итгэж, тэдний намаас нэр дэвших сонирхолтой хүн байна шүү дээ.
-Та гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёрт хэр итгэдэг вэ?
-Дэндүү сайн мэднэ л дээ. Нэгэнт эвсэл байгуулсан болохоор муу гэж хэлэх нь хаашаа юм. Залуу хүмүүс. Л.Болд бид хоёр нас ойролцоо. Ж.Батзандан бол насаар бага л даа. Нас бага ч гэсэн тууштай байж чадвал хол явах залуу. Яахав, авах юм байна, хаях зан ааш байна. Залуу хүн шүү дээ. Зарим үед зөвлөгөө өгдөг л юм. Одоохондоо үг авч байна, яваандаа яахыг мэдэхгүй. Сонгуулийн үр дүн яаж гарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Сонгогчид бидэнд итгэл үзүүлбэл хамтарч ажиллах нь дамжиггүй. Тэгвэл илүү сайн таньж мэдэх байх.
-Эвсэл тарахгүй байх баталгаа бий юү?
-Тэгэх шалтгаан байхгүй. Би өөрөө хүнтэй тэрсэлдэж, урваж шарвадаг хүн биш. Энэ утгаараа миний үгнээс гарахгүй байх.
-Гэхдээ Ж.Батзандан гишүүн “Замын голоос буцах нэгэн байхыг үгүйсгэхгүй” гэж хэлсэн?
-Тэр тэгж хэлсэн бол монголын ард түмэн харах биз. Миний хувьд эвсэл задрахгүй. Яахав, Ж.Батзандан гарлаа гэхэд цаана нь гурван нам үлдэнэ.
-Гэхдээ та нар ШИНЭ намаа түшсэн юм биш үү?
-Яалаа гэж дээ. ШИНЭ гэдэг үг нь бидэнтэй давхацсан.
-Тэгвэл ШИНЭ гэдэг нэрийг ашигласнаараа Ж.Батзандан, Л.Болд хоёрт ашигтай хувилбар болж дээ?
-Яг үнэндээ “Үнэн ба зөв” намын суурийн дээр нэгдсэн юм шүү.
-Иргэд тэгж ойлгоогүй байх.
-Ойлгоно оо. Манай дэмжигчид яг наад асуултыг чинь тавьсан. Яагаад Ж.Батзандан, Буянгийн Жагаатай нэгдсэн юм бэ гэж.
-Та юу гэж хариулсан бэ?
-Чамд хариулсан шиг ээ л хариулсан.
-Ингэж хэлсэнд уучлаарай. Гэхдээ улс төрд урагш алхдаггүй хэдэн хүн байх шиг. Буянгийн Б.Жаргалсайханаас эхлээд?
-Харин хэлээд байна шүү дээ. Манай намын суурин дээр нэгдсэн эвсэл.
-Гэхдээ ийм сонголт хийх хэрэг байсан гэж үү. ШИНЭ намыг хэтэрхий поп байна, Буянгийн Б.Жаргалсайханыг ярихаас цааш хэтрэхгүй, хүн загнаж, шүүмжилсэн хүн гэж иргэд хардаг нь үнэн. Ингэхээр эвсэл гэдэг зүйлийг үнэ цэн юунд орших юм бэ?
-Яахав, хүмүүс тэгж шүүжилдэг. Миний үзэл бодол бол дандаа л хагарч бутрах ямар шаардлагатай юм бэ. Бид нэгдэх цаг ирсэн. Монголын улс төр үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Тиймдээ ч тэд өөрсдөө бидэн дээр ирж “Танай намын суурин дээр дэвшье” гэсэн.
-Бүгдээрээ юү?
-Тэгэлгүй яах юм бэ. “Үнэн ба зөв нам” судалгаагаар АН, МАН-ын араас жагсдаг. Би улс төрд 1989 оноос явж байна. Яахав, хажуугаар нь бизнес хийсэн. Гэхдээ улс төрөөс гараагүй, олон том даргатай хамтарч ажилласан хуучны кадр. Ажлын туршлага байна, улс төрийн мэдлэг байна, намын үйл хэргийг яаж холбодог гэдгийг мэднэ.
-Намын дарга А.Отгонбаатарын хувьд рейтинг өндөр юм билээ.
-Өндөр байлгүй яахав. Би олны танил болгож өглөө. Нам байгуулсан хүн гээд заавал намын дарга байх албагүй биз дээ. Би энэ залуусыг улс төрд бэлтгэж байна. Би үүнийг нуухгүй.
-ШИНЭ эвсэл байгуулагдах үед та яагаад очоогүй юм бэ. Бусад намуудын хувьд намын дарга нараас эхлээд тойрон хүрээлэгчид нь бүгд очсон. Гэтэл та очоогүй?
-Заавал тэгж попорч яах юм. Олны өмнө гарч үг хэллээ гээд яах ч юм. Үйлдлээрээ өөрийгөө илэрхийлэх ёстой гэж боддог. Энэ зангаа хаяж чадахгүй байна л даа. Хэрвээ монголчуудад попордог хүн хэрэгтэй гэвэл би яаж л бол яаж попорч чадна.
-Жишээлбэл?
-Бизнесээрээ байж болно. Монголын 21 аймгийн иргэдтэй өдөр бүр харилцаж байна. Бараа таваарын татан авалтыг хурдан түргэн байлгах асуудлыг би өөрөө гардаж хийдэг. Энийгээ рекламдаж болно. Түүнээс биш “Намын дарга нь би байна” гэх утгагүй. Гол нь залуусаа олны танил болгох нь миний зорилго.
-Олны танил болгохоосоо илүүтэй ёс суртахуунтай байх, ухамсартай, хариуцлагатай байхад сургах нь чухал биш гэж үү?
-Яг зөв. Тэрийг нэгдүгээрт тавьдаг. Манай намын Ерөнхий нарийн бичгийн даргыг хөвсгөлийнхөн андахгүй. Ямархуу ааш авиртай залуу гэдгээс эхлээд хэн бэ гэдгээ харуулсан байх.
-Улс төрд орохоор зүтгэж байгаа залуусыг ярихаас цааш хэтрэхгүй байна гэдэг шүүмжлэлтэй та нэгдэх үү?
-Нэгдэхгүй. Одоо, цаашдаа юу хийх хэрэгтэйг ярьж хэлж байж иргэдийн дэмжлэгийг авах ёстой. Үүний дараа сонгогдвол ажил хийх ёстой хүмүүс. Ярихгүйгээр яаж өөрсдийгөө ойлгуулах юм бэ. АН, МАН-д 30 жил хууртаж, хөөтэй тогоог нь цэвэрлэж ирлээ шүү дээ.
-Та нэг эд, эс нь байсан шүү дээ?
-Тийм. Би 2008-2012 онд сонгогдож ажилласан. Энэ хугацаанд хэд хэдэн томоохон хуулийн төсөл батлуулсан. Оюутолгойг бүтнээр нь алдаж байна гэдгийг ярьж хэлж, шүүмжилсэн. Үгүй ядаж Эрдэнэт үйлдвэрийн жишгээр гэрээ байгуулаач гэж гуйсан. Би үүнийг хаа ч хэлнэ. Гэтэл С.Баярцогт, С.Баяр нар яасныг түмэн мэднэ. За, Оюутолгойг алдсан. Үнэн биз. Санхүүд нь шалгалт хийх эрхгүй, монголчууд ямар ч хяналт тавих эрхгүй. Энэ утгаар нь алдсан гэж хэллээ. Нэгдүгээрт, 34 хувийг нь үнэгүй авах ёстой гэж би бодож байсан. Хоёрдугаарт, ямар шаардлага тавьсан бэ гэхээр, эсвэл 34 хувь эзэмшээд хэрэггүй. Хөрөнгө оруулалтаа гаднынхан өөрсдөө хийг. Бид авах ёстой татвараа ханатал нь авъя гэсэн. Татварыг бол яаж л бол яаж зохиогоод олон татвар авч болно шүү дээ. Олон ч удаа гуйсан, шаардсан. Даана ч дийлсэнгүй. Өдөрт сая ам.доллар алдаж байна гэж хэлсэн хүн нь шүүх хурал дээр “Хохирогч байхгүй хэрэг” гэсэн гээ биз дээ. С.Баярцогт нь нэр дэвшинэ гэсэн байх аа.
-Та Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй гэдгийг харсан болоод уу, эсвэл С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хүмүүст дургүй байсан болоод Оюутолгойг эсэргүүцдэг байсан юм уу?
-Хувь хүнийхээ үүднээс тэдэнтэй ямар ч холбоогүй. Ямар хамтарч бизнес хийсэн биш. Хамтарч улс төр хийсэнгүй. Сургууль төгсөөд л Л.Энэбиш даргаас эхлээд том хүмүүстэй ажилласан хүн байхгүй юу би, эднийг бодвол. Тэр үед Н.Энхбаяр, С.Баяр, С.Баярцогт сураггүй байлаа шүү дээ.
-Сураггүй нөхдүүд том том төсөл ярьлаа гэж та дургүйцсэн юм биш үү?
-Мэдэхгүй. Юм үзээгүй шалдан банди нар эрх мэдэлд хүрснийхээ дараа эрх мэдлээ ашиглаж мөнгөний араас явсан байхгүй юу.
-Тэгэхээр нь та дургүйцсэн байх нь?
-Тийм. “Та нар ингэж болохгүй. Ард түмний баялаг” гэж эсэргүүцсэн. Түүнээс биш С.Баяртай хундага тулгаж архи ууж үзсэн биш. Оюутолгойг алдах гээд байна аа гэж хэлсээр байтал алдсан даа, хөөрхий. Чи надаас парламентад суухдаа юу хийсэн бэ гэж асуух байх. Би түрүүлээд хариулчихая. Урт нэртэй хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ аваргын нэртэй албан бланк дээр бичсэн болохоос биш уг нь “бууддаг” Мөнхбаяр бид хоёр энэ хуулийг санаачилсан юм шүү дээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн надаас өмнө дөрвөн жил парламентад суусан туршлагатай гэдэг утгаар нь хандсан. Тэнэг ч байж дээ. Хуулийн төсөл санаачилсан гишүүн өөрийнхөө нэртэй албан бланк дээрээ бичих ёстой гэдгийг ч мэдэхгүй. Гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүн өөрийнхөө нэртэй албан бланк дээрээ бичээд танилцуулсан. Ц.Даваасүрэн, Мөнх-Оргил, Г.Баярсайхан бид хэд энэ хуулийг уг нь санаачилж оруулсан юм шүү дээ. Үүний хүчинд Ноён уулаа аварч үлдлээ.
Дахиад нэг зүйл. Би 1997 онд Ганц худагт хоригдож байлаа. Хилсээр шүү.
Тэнд байхдаа хоригдлуудын яриаг сонсонгоо дүгнэлт хийсэн. Гишүүн болоод гавьяат хуульч С.Нарангэрэл гуайтай хамт Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьсан. Даанч хав дарагдсан л даа. Уг нь 2012 онд дэвшиж чадсан бол батлуулах байсан юм. Гэтэл намын Бага хурал дээр намайг ганцааранг нь унагаасан. Эцэст нь Эрүүгийн хуулийг хэдэн хүн өөрчлөх самарсан юм билээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УЕП асан, гишүүн асан Д.Дорлигжав нарын гараар орсон. Эцэстээ Х.Нямбаатарын гараар ороод дуусах шив дээ.
-Өмнөх сэдэв рүүгээ оръё. 2016 оны сонгуулиар та дүүтэйгээ хамт нэг тойрогт өрсөлдсөнөөс болж та хоёр хоёулаа унаж, З.Нарантуяа ялалт байгуулсан. Та хоёрын аль нэг нь нэрээ татаж болоогүй юм уу?
-Анх тоогүй юм. Гэтэл яг хугацаа дөхтөл нэг тойрогт оноолт таарчихсан. Солих гэтэл хугацаа өнгөрчихсөн байсан. Яг үнэндээ нэрээ татаж болоогүй юм. Дүү Завханд нэр дэвшинэ гэсэн. Хэдий миний дүү ч гэлээ амьдрал зохиосон хувь хүн шүү дээ. Үзэл бодол өөр, итгэл үнэмшилтэй. Монгол Улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах хүсэлтэй байгааг би мэдэхгүй. Минийхийг тэр мэдэхгүй. Манайхан их сонин. Гаднын улсад бол ах, дүү битгий хэл, эхнэр, нөхөр бүр эцэг, хүү хоёр ч өрсөлддөг. Ах, дүү юм чинь болохгүй гээд Америкийн Сенатад өрсөлдөх юм уу. Сонгох, сонгогдох эрх нь Үндсэн хуулиар нээлттэй биз дээ.
-Тэр ч тийм. Гэхдээ нэг гэр бүлээс гаралтай хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ ашиг сонирхолын зөрчилтэй болох вий, ханцуйн дотроо наймаалцах вий гэж иргэд болгоомжилдог. Яг ийм зарчмаар улс төрийг ашиглаж байгаа гэр бүл ч цөөнгүй бий шүү дээ?
-Хэрвээ тийм бодол агуулж байсан бол хоёул хоёулаа унаж байхаар нэг нь нэрээ татна биз дээ. Өөр өөрийн гэсэн бодолтой болохоороо л эргэж буцаагүй. Ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс байсан бол нэгэндээ зай тавьж өгөх байсан байх.
Яг үнэндээ АН-ын З.Нарантуяа ч гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй байсан шүү.
Нөхөр нь Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан. Хуулиа бариад явбал олон заалт зөрчсөн үйлдэл. Хэд хоногийн өмнө АТГ-д өгч байна лээ.
-Та Завханд өрсөлдөнө. Таны дүү Ш.Батсамбуу хаана нэр дэвших юм бэ?
-Мэдэхгүй. ШИНЭ намын дэд даргаар ажилладаг. Мэдэж байгаа байлгүй.
-Та дүүгээ улс төрд ороход яаж хүлээж авсан бэ?
-Яахав дээ. Нэг тойрогт өрсөлдөхөд нэгнийгээ хэрэггүй гэсэн. Би “Миний дүү хэрэггүй” гэхэд “Та хэрэггүй” гэсэн. Чиний хэлдэгээр ахмад хүн боль гэж байгаа юм байлгүй. Уг нь улсын суудалд ахмад хүн суух тохиромжтой гэж үг бий.
-Та бие даагчдыг нэг их ойшоож харахгүй байх шиг санагдсан?
-Бие даагч бол цөлд төөрсөн хүнтэй адил. С.Жавхланг хар, О.Баасанхүүг хар. Аргаа бараад АН-д элслээ. АН яахав дээ, шавхруу цуглуулж дэвшүүлдэг нам. Элссэн юм бол дуугай л элсэнэ биз дээ, юун олон юм ярьдаг юм. Бие даагчийн зовлонг гишүүн асан З.Алтай голыг нь олж хэлсэн байна лээ.
-Завхан аймагт нэр дэвшигчдээс хэн нь хамгийн өндөр рейтингтэй байна вэ?
-Судалгаагаар Ц.Цэрэнпунцаг, намайг, З.Нарантуяа гэсэн байна лээ.
-Засаг дарга Д.Батсайханы хувьд?
-Нэр хүнд муутай юм билээ.
-“Царцаанд” санаа зовж байна уу?
-Оны өмнө нүүгээд очсон байна лээ. Тэрэнд ч нэг их санаа зовохгүй байна. Харин АН, МАН-аас сонголт хийвэл Монголд юу ч өөрчлөгдөхгүй. Үүнийг л сайн мэдэж байна.
-Гэхдээ монголчууд хэчнээн муу хэлсэн ч эцэстээ нөгөө л намаа сонгодог шүү дээ?
-Яг тийм. Чи “ШИНЭ намтай яагаад эвссэн юм бэ” гэж асуусан даа. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Өрсөлдөх хэмжээний хүч хэрэгтэй байна. ШИНЭ эвсэл дунд муу нэртэй хүн байна уу. Аргаа бараад Буянгийн Б.Жаргалсайхан, манай А.Отгонбаатар хоёрыг Боролдой, Долдой хоёр болгож шоолох жишээтэй. Намайг шүүмжлэх юм байхгүй. Би дээр “Хөгжлийн хөтөлбөр” гэдэг нэвтрүүлгээр орохдоо нэг кг үхрийн махыг 12 мянга биш 1200 төгрөг гээд хэл хальтраад хэлчихгүй юү. Тэрийг эвлүүлж цацаж байна лээ. Арга ядсан юм даа, хөөрхий.
-“Үнэн ба зөв” намаас хэдэн хүнийг нэр дэвшүүлэх бэ?
-Нийт 19 хүн нэр дэвшинэ. Үүнээс олон болбол санхүүжилт нь дийлдэхгүй юм билээ.
-Танай нэр дэвшигчид зардлаа өөрсдөө гаргах уу?
-Тэгж л таарна.
-Санхүүгийн боломжтой хүн хэр олон юм дээ. Эсвэл та зардлын нэг хэсгийг даах юм уу?
-Нэр дэвших боломжийг нь би гаргаж өглөө. Үүнээс өөр яах юм бэ. Хоёрдугаарт, манай намаас нэр дэвшсэн залуусын олонх нь амьдралаа залуулах ажил төрөлтэй, хувийн жижигхэн бизнестэй. "Өөрийнхөө зардлыг даа. Гэхдээ бага зардал гарга" гэсэн. Намаас нэг ч төгрөгийн татаас авахгүй. Харин ч зардал гаргахгүй сонгууль хийх ёстой гэсэн шаардлага би тавьж байгаа.
-ШИНЭ эвсэл аль намын мөрийн хөтөлбөр дээр тулгуурласан бэ?
-Аль алиных нь юм бий. Бид гол нь эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд анхаарна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хуулийн хувьд бүр заримыг нь шинээр бичнэ гэж заасан. Манай намаас нэр дэвших залуус боловсролтой, мэдлэгтэй, ёс суртахуунтай, хүмүүжилтэй, төлөвшсөн.
-Тэгэхээр та бусад намаас нэр дэвшиж байгаа залуусаас илүү ёс суртахуунтай залуусыг бэлтгэж гаргаж ирсэн гэсэн үг үү?
-100 хувь илүү. Монгол Улсын төлөө зөвөөр санаа зовдог залуус. З.Нарантуяа, Н.Учрал хоёрыг харсан биз дээ. Чуулган завсарлах гэж байхад “тэтгэврийн шинэчлэл” гэх ухаантай хуулийн төсөл өргөн барьж байх шиг. Ичээсэй. Ард түмнийг хоосон үгээр хуурахаа больмоор байна.
-Магадгүй энэ залуус таны итгэл найдварыг алдвал яах вэ. Яв гээд намаасаа хөөж чадах уу?
-Чадахгүй яах вэ. Зөв байя гэвэл ёс зүйтэй байх ёстой.
-Ахмад улстөрчдийг зайлуулах хэрэгтэй гэж ярих боллоо. Таны үед ч мөн ялгаагүй тэгж л ярьж байсан. Одоо эргээд харахад танд юу бодогдох юм?
-1996 оны сонгуулиар хавтайруулчихсан юм. Тухайн үеийн залуу улстөрч болох Ц.Элбэгдорж, Да.Ганболд тэргүүтэй хүмүүст төрийн эрхийг итгэж өгсөн. Гэтэл бүх өмч хувьчлал юу боллоо. Дараа нь С.Зориг агсан амиа алдсан. Төр үймсэн. Эндээс харахад, дан залуучууд төр удирдана гэж байхгүй. Туршлага дутна. Зүг чигээ алдана. Төрийг удирдах нь ёс зүй, хариуцлагаас гадна туршлага, тууштай зан хэрэгтэй. 1996 оноос хойш нэг ч лидер төрж гарсангүй.
-Та өөрийгөө лидер хүн гэж боддог уу?
-Надад өөрийгөө харуулах нөхцөл бүрдээгүй. 1998 он буюу Ерөнхий сайдаар Ж.Наранцацралт, намын даргаар Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Энэбиш гуай байх үед намайг хотын даргад ярьж байсан юм. Эцэстээ М.Энхболдыг тавьсан л даа. Хэрвээ би хотын дарга болсон бол газрын наймаа энэ тэр гарахгүй байсан. Ядаж л хот төлөвлөлтийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх байсан.
-Гэхдээ тухайн үед асуудлыг шийдэх, эргэж хараад дүгнэх хоёр өөр биш гэж үү?
-Би хот байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтэй хүн. Хотыг яаж хөгжүүлэхийг мэднэ. Хэрвээ би тухайн үед хотын дарга болсон бол улс төрд “пауз” авахгүй байсан. Үгүй ядаж манай нутгаас хоёр Ерөнхийлөгч төрсөн. Тэдний ард урдуур нь гарч гүйсэн бол магадгүй Ерөнхий сайд, намын дарга болох боломж байсан л байх. Гэхдээ бизнесээ сонгосон. Азаар Их хуралд нэг удаа сууж үзэж байж дампуу газар гэдгийг нь мэдсэн.
-Та одоо 61 настай байх аа?
-Тийм. ДЭМБ-аас 60-70 насыг ахмад нас, 70-80 насыг өндөр нас гэж тодорхойлдог. Ер нь хүнийг насаар нь ад үзэх нь зохисгүй зүйл л дээ. Л.Түдэв гуайн оролцсон нэвтрүүлгийг үзэж суухад сэтгүүлч “Хэрвээ та Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол юу хийх байсан бэ?” гэж асуухад “Би өрх бүрийг үйлдвэрлэгч болгоно” гэж бодсон. Гэтэл миний өмнүүр хар муур гүйсэн. Тэр хар муур өнөөдрийг хүртэл Монголд гай учруулж байна” гэж хэлсэн. Би ч гэсэн ингэж боддог.
-Ерөнхийлөгч гэснээс та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү. Тийм санаатай гэж сонссон.
-УИХ-д нэр дэвшээгүй байж тийм агаарын юм бодоод ч яахав. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж хэлж байсан хүн дэвшиж, сонгогдож байсан тохиолдол гурван удаа гарсан. Ц.Элбэгдорж бол “Хэзээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Ард түмнийхээ төлөө зүтгэнэ” гэж хэлдэг байсан шүү дээ. Гэтэл яалаа.
-Ер нь улс төрд орох нь хоолойгоо боомиллуулахын цондон юм биш үү?
-Чадахгүй хүн тэгж байгаа юм. Чаддаг хүн бол ард түмнээсээ өндөр үнэлгээ авна. Яг л Ю.Цэдэнбал шиг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Хожмын нэг өдөр Ц.Элбэгдоржийг магтаж суухыг үгүйсгэхгүй. Монголчууд туйлшрамтгай гэж най алга.
-Улстөрчид хийсэн гэмээсээ болж бусдын шантаажинд орж байна. Сонгууль боллоо. Өрсөлдөгчид чинь таныг зүгээр суулгахгүй байх даа?
-Намайг юугаараа шантаажлах юм бэ. Уул уурхайн бизнесгүй. Төрөөс тендер авч үзээгүй. Төрд шахаа хийгээгүй. Эхнэрээ солиогүй. Элдэв хүүхэнтэй явалдаагүй. Ганцхан зүйл ярих байх. Нарантуул зах. Нарантуул захыг битүүлсэнгүй гэж шүүмжилдэг. За, битүүллээ гэж бодъё. Тэгвэл Хархорин, Дүнжингарав, Шөнийн захыг хар. Түрээслэгчид түрээсийнхээ мөнгийг дийлэхээ больлоо. Нарантуулын наана байсан бөмбөгөр зах шатсан. Оронд нь “Баялаг ундраа” захын барилга барьсан. Нэг зүйл хэлье. Битүү байшин дотор зарах боломжгүй зүйл гэж байна. Ядаж л пийшин, яндан зэргийг яаж зарах вэ. Нөгөө талаасаа задгай захыг уламжлалт гэдгээр нь авч явж байна.
-Гэхдээ манайх чинь жилийн дөрвөн улиралтай. Түрээслэгчид өвлийн улиралд хэцүүхэн байгаа харагддаг.
-Арванхоёроос нэг сар л даа. Би өөрөө Дэнжийн мянгын зах дээр наймаа хийж хөл дээрээ боссон хүн. Өвөл зогсохын зовлонг мэднэ.
-Тэр тусмаа анхаарах ёстой биш гэж үү. Та Дэнжийн 1000-д битүү зах барьсан. Түүн шиг байж болохгүй гэж үү?
-Нарантуулд лангуу түрээслэгчдийн олонх нь өндөр түрээс төлөх боломжгүй. Хамаа алга. Битүү зах барьж болно. Орвол ор гэж болно. Боломжтой нь орлоо гэхэд боломжгүй нь хаачих юм бэ.
-Ядаж орчны тохижилтоо хийж болдоггүй юм уу?
-Жил бүр засдаг. Энэ жил бүх талбайгаа цементээр хучих төлөвлөгөө бий. Гэтэл коронавирус гарчихсан.
-Нарантуул зах хэчнээн га газартай юм бэ?
-Нийт 26 га.
-Та жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг үү?
-Сайн мэдэхгүй байна. Улиралд нэг га талбайд 26 сая байна уу даа. Төлбөр саяхан нэмэгдсэн болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Цахилгааны төлбөр, ус, түрээс гээд өчнөөн юм бий. Ийм байхад битүү зах болгочихвол хэн түрээсээ төлж дийлэх юм бэ.
-Нийт хэчнээн түрээслэгчтэй юм бэ?
-7000-8000 орчим байх. Мундаг баян хүмүүс биш шүү дээ. Цөөн хувь нь боломжтой.
-Нарантуул захын газрыг улсаас буцааж аваад дахин төлөвлөлт хийнэ гэвэл та өгөх үү?
-Зах байгуулах гэж таван жил хөдөлмөрлөсөн хүн, би. 1995 оны есдүгээр сараас 1999 оны есдүгээр сарын 1-нд бүтээн байгуулалтын ажил дууссан. Тухайн үед ийм бүтээн байгуулалт хийсэн хүн байхгүй шүү.
-Ингэж хэлсэнд уучлаарай. Хашаа, сендвичин саравч барьсан гээд хэлчихэд буруудахгүй биз дээ?
-Хог асгадаг байсан газар юм шүү. Бохирын шугам ил байсан гэвэл итгэх үү. Дарь эхийн овооноос хэдэн мянган метр куб шороо асгаж тэгшилсэн гэж бодно. Өндөр газартаа 1.8 метр, намдаа 60 сантметр шороо асгасан. Бүтэн зургаан сар шороо зөөсөн гээд боддоо.
-Улсаас буцааж аваад дахин төлөвлөл хийнэ гэвэл та яах вэ?
-Түрээслэгчдийг нь яах гэж байгаа юм бэ.
-Урт цагааны гудамжийг дахин төлөвлөж, орчин үеийн барилга барих гэж байна. Магадгүй ийм шийдвэр эрт, орой хэзээ нэг цагт гаргахыг үгүйсгэхгүй?
-Урт цагааны барилга аргагүй. Нурах гэж байгаа юм чинь. Хэрвээ улсаас буцааж авна гэвэл хөрөнгө оруулалтын гурван сая ам.доллар нэхэмжилнэ. Гэхдээ ерөнхий төлөвлөгөө хийж хотын захиргаагаар батлуулсан.
-Нарантуул захыг уу?
-Яг тийм. 2010 оны үед байна уу даа, ерөнхий төлөвлөгөө хийж хотын захиргаагаар батлуулсан. Нэг хэсэгт нь худалдааны төв, бусад газарт нь орон сууц барих юм.
-Яагаад өдий болтол гацав?
-Хөрөнгө оруулалт. Санхүүжилтээ бүрэн босгоогүй байж эхлүүлчихвэл ажил тарамдана. Хоёрдугаарт, Нарантуул худалдааны төвийн түрээслэгчдийн боломж тааруу байна.
-Яв гээд гаргаж чадахгүй гэж үү?
-Яаж чадах юм бэ. Чи чадах байсан уу.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (806)