2017 оны арваннэгдүгээр сарын 21. Энэ бол У.Хүрэлсүх намын дарга болж, тамга тэмдэгээ гардаг авсан өдөр. Тэрбээр үүнээс сарын өмнө Ерөнхий сайдаар томилогдож, улмаар намын гишүүдийг итгэлийг хүлээж намын дарга хүртэл дэвшсэн өдөр.
МАН-ын хувьд төрийн эрхийг дөрвөн жил барьсан ажлаа хэрхэн гүйцэлдүүлсэнээ дүгнүүлэх цаг ойртож байна. Одоо үлдсэн хугацаа бол намын дарга У.Хүрэлсүхэд маш чухал.
Өнгөрсөн бямба гарагт нам, эвслүүд ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ үеэр эрх баригч МАН ихээхэн анхаарал татсан юм. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболд болон түүний талын хүмүүсийг ангилж нэг тийш нь шийджээ. Шийдсэн ч гэж дээ бараг хөөсөн гэхэд хилсдэхгүй. Энэ нь ч зөв. Учир нь сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаасаа өмнө 20 гаруй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй байх асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сонгуулиар МАН 65-уулаа ялалт байгуулж УИХ-д үнэмлэхүй олонхи болж байсан. Гэсэн ч ЖДҮ, хүчин зэрэг хэрэгт нэр холбогдсон Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр нарын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр 62-уулаа болсон билээ. Эдгээрээс ирэх сонгуульд 40 нь нэр дэвшихээр болсон.
Харин М.Энхболдын талын хүн 20 гишүүн намаасаа нэр дэвших боломжгүй болсон юм. Эдгээр нь М.Энхболд тэргүүтэй Д.Хаянхярваа Ж.Энхбаяр Я.Содбаатар, А.Ундраа Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Н.Амарзаяа, Л.Энхболд, О.Содбилэг, Г.Солтан, А.Сүхбат, М.Билэгт, Ч.Улаан, Х.Болорчулуун, Д.Ганболд, Б.Ундармаа нарын гишүүн.
Ийнхүү МАН дотроо 32, 33-ын бүлэг буюу У.Хүрэлсүх болон М.Энхболдын тал гэж хуваагдаж байсан үед цэг тавьж, У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ-чин гишүүдээсээ салснаа нэр дэвшигчдийг тодруулах процессоор батлан харууллаа.
Нэг үгээр хэлбэл, МАН нэг алхам урагшилж чадлаа. Браво гэж хэлэхээс аргагүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (30)