УИХ-ын хаврын чуулган хөшигөө татаж, намууд ирэх парламентын суудлын төлөө хүч үзэхээр бэлтгэл ажлаа эхлүүлэв. Энэ удаагийн парламентаар долоон гишүүнийг УИХ-аас онцолсон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Тухайлбал, Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэж, Төрийн түшээ тулгуур Д.Лүндээжанцан, бодитой хэрэгжүүлэгч, идэвхтэй ажилласан Ц.Нямдоржийг Монгол төрийн хууль тулгуур болсныг онцлон тэмдэглэж байна. Ковид-19 вирустэй тэмцэхэд эрүүл мэндийн салбараа манлайлан оролцсон Д.Сарангэрэл, хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд үүрэг ролийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр, УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг ханган ажиллаж УИХ-ын чуулганд оролцсон шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайхан нарыг онцолсон юм.
Ирэх парламентад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай Шүүхийн тухай хууль болон бусад дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийх ажил үлдсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд тэтгэврийн шинэчлэлийн талаар өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг ирэх парламентаар хэлэлцэхээр болов. Учир нь одоогийн тэтгэврийн тогтолцоо үүргээ гүйцэтгэж чадахаа байснаас гадна цаашид энэ хэвээр явбал Нийгмийн даатгалын сан хүнд байдалд орохыг анхааруулав.
Уг хуулийн төсөл өргөн баригдахтай зэрэгцэн зарим эдийн засагчид ч өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Тэтгэврийн даатгалын тогтолцоог өнгөрсөн жилүүдэд шинэчилнэ гэж ярьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс уг хуулийн төслийг яаралчлан шийдвэрлэх шаардлага үүссэн бөгөөд нгэхдээ хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх нь ирээдүйгээ батлан хамгаалж байгаа чухал хэлбэр болно” гэсэн юм.
Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжээс төлж байгаа 17 хувиас дөрөв орчим хувийг хувийн тэтгэврийн санд шилжүүлнэ. Ингэснээр иргэдийн ирээдүйн нийгмийн баталгаа бий болох бөгөөд санхүүгийн зах зээлд том тус болохоос гадна барьцаа хөрөнгө, урьдчилгаагүйгээр байрны урьдчилгаа зэрэгт хамрагдах зэрэг боломж бий болох аж. Тэгэхээр ирэх парламентын хийх гол ажлуудын нэг нь нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх. Мөн намуудын мөрийн хөтөлбөртөө тусгавал зохих, ялалт байгуулахад шийдвэрлэх амлалт ч гэж хэлж болно.
Түүнчлэн энэ долоо хоногт Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнгөрсөн онд Прокурорын газарт хүргүүлсэн авлига, албан тушаалтай холбоотой шалгуулахаар хүргүүлсэн хэргийн явцтай танилцсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үе үеийн парламенттай холбоотой чухал баримт олон нийтэд дэлгэсэн нь олны анхаарал татаад байна. Түүний хэлснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон булхиа явагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудал яригдаж, үүнийгээ хамгаалахын тулд хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилдог. Улмаар хоёр намд байгаа нөлөө бүхий 15 хүнийг худалдаж авдаг систем рүү сүүлийн 15 жилийн хугацаанд орсон хөдлөшгүй баримтаар ил болсон гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон олон асуудал гарч улмаар онцгой дэглэм тогтоож, шалгалтын ажлыг эрчимжүүлсэн. Уг ажлын хүрээнд дээрх асуудлыг олж илрүүлсэн аж. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн яриад байдаг өнөөх МАНАН мафи болон хуулийн байгууллагын нөлөө бүхий эрхмүүд холбоотой байж магадгүй гэсэн таамаг аль хэдийн гарсан. Төрийн эрхийг МАН, АН гэсэн хоёр нам ээлжлэн атгалцаж буй. Сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэлдээ хоёр намын нөлөө бүхий 15 гишүүдийг худалдаж авдаг гэдгийг цохон тэмдэглэсэн. Эндээс үзэхэд МАН, АН-ын намдаа нөлөө бүхий гишүүд ч уг хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үг. Эдгээр гишүүд хэн байж болох вэ гэдэг асуудал олны мэдэхийг хүссэн хийгээд анхаарал татсан чухал сэдэв болоод байна. Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хоёр намын худалдагдсан гишүүд хэн бэ?.
Б.Лхам
Сэтгэгдэл (14)