Ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах марафон АН, МАН-ын дунд ширүүхэн болж өндөрлөлөө. АН шөнө дундаас өмнө нэр дэвшигчдээ тодруулсан бол эрх баригч МАН олон нийтийн хараанаас зугтаж чимээгүйхэн нөөж үлдэв. МАН-ын Бага хурлаар намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэж, танилцуулан нууц санал хураалт явуулах үед заалнаас 11 хүн нэрээ дэвшүүлсэн. Тэдний нэг нь ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле. Салбарын жаргал, зовлонг гарын арван хуруу шигээ мэддэг, туршлагатай, элдэв хэл аманд орооцолдож явсан түүх багатай гээд түүнд сайн тал олон. Гэвч МАН-ын удирдлагуудад Ж.Сауле гэдэг сонголт нэг л таалагдсангүй бололтой. Түүний нэр дэвшүүлэхээс татгалзав.
Тиймдээ ч Х.Баделхан, Т.Аубакир, А.Гылымхан гэсэн гурван хүнийг нэр дэвшүүлэхээр эцэслэсэн юм. Эрх баригч намын эл шийдвэр дэд сайд Ж.Саулегийн дургүйцлийг төрүүлж, цахим орчинд хэн нь хэн бэ гэдгийг бичихээс аргагүй болгов.
Тэрбээр "Ирэх сонгуульд Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад улс төрд төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шудрага ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав.
Манай намаас Х.Бадeлхан түүний нэг омгийн дүү А.Гылымхан, Х.Бадeлханы эгчийн хүү Т.Аубакир (Г.Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Г.Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн) нар нэр дэвшлээ.
Т.Аубакир гэж хэн бэ?
ХААХҮ-ийн дэд сайдаар ах нь зүтгүүлсэн. Гэвч АТГ-аас үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ-д квотоор орсон ч нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль дөхөнгүүт мөнгөө барьж гүйж ирэн албан тушаал авдаг. Албан тушаал аваад ч төрийн албаны шалгалтад унаж ажлаас гардаг.
Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан.
Д.Бауыржан. Н.Тлeухан. Х.Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд бий. Гэвч Х.Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шудрага ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" гэжээ.
Тэгвэл МАН-ын сонголтоор нэр дэвших квотоо өвөртлөөд буй Х.Баделхан, Т.Аубакир, А.Гылымхан гэж хэн бэ???.
Х.Баделханы хувьд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хэлстийн даргаар 1990 оны үед ажиллаж байсан. "Өркен", "Жол" зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан. Аймгийн Засаг даргаар 2000 оноос ажиллаж байгаад 2008, 2016 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон. Одоо гурав дахиа сонгогдохоор ийн зэхэж байна.
Тэрбээр ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдож байсан. Гэвч тэрбээр үүнийг үгүйсгэх мэдэгдэл гаргаж байсан. Түүнчлэн аймгийн бүх замын тендерийг авдаг гэдгийг нутгийнхан ил цагаан хэлдэг.
Түүний ах, дүүс нь аймгийн агентлагын газрын даргаар ажилладаг гээд яриад, уудлавал бараан түүх ихтэй хүн.
Харин аймгийн Засаг дарга А.Гылымханы хувьд БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тусламжаар олгогдсон нэг сая юань буюу 384 сая төгрөгийг ирэх сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан дуулианд холбогдоод буй. Тодруулбал, арслан.мн сайтад мэдээлснээр дээрх мөнгийг 11 төсөл хөтөлбөрт хуваарилах тушаал гаргахдаа дундаас нь 10 сая төгрөг завшсан байж болзошгүй аж.
Түүгээр ч зогсохгүй сөрөг намаас хоёр жилийн өмнө түүнтэй холбоотой тендертэй холбоотой асуудал, хууль бусаар алба хаагчдыг ажлаас нь халсан зэрэг асуудлыг сөхөж байв. Гэвч асуудал дарагдсан. Энэ мэтчилэн хэвлэлээр олон удаа түүнтэй холбоотой асуудал яригдаж байсан. Хамгийн гол нь Х.Баделхан гишүүнтэй "түрүүвч" нэг гэдгийг цөөнгүй улстөрчид гэрчилдэг.
Гурав дахь нэр дэвшигчээр тодроод буй Т.Аубакирын хувьд дэд сайд Ж.Саулегийн хэлснээр Х.Бадeлхан гишүүний төрсөн эгчийнх нь хүү юм байна. Ингэхдээ бүр бас Г.Солтан гишүүний төрсөн ахынх нь хүү аж.
Казахстанд тогтмол амьдардаг. Сүүлийн нэг жил Монголд ажиллаж, амьдарч байгаа гэх. 2016 оны сонгуулийн дараа дэд сайдад яригдаж байгаад хасагдсан. Үүний дараа хотын Гаальд ажиллахаар болсон ч төрийн албаны шалгалтад бүдэрсэн. Уг нь хүн нь боловсролтой ч, түүний бараан сүүдэр нь Х.Баделхан, Г.Солтан гэсэн хоёр ах нь. Ах нарынхаа буянаар, бас хөрөнгө чинээндээ эрдэж багагүй бийлэгжүү загнадаг гэх.
Ингээд үзвэл, Х.Баделхан гишүүний ах, дүү гурав нэгдэж Баян-Өлгий аймгийг "атгах" гэж буй бололтой. Үүнийг нь ч дэд сайд Ж.Сауле уудалчихлаа.
МАН-ын удирдлагуудын хувьд ч Баян-Өлгий аймгаас эмэгтэй гишүүнийг гаргаж ирэх сонирхолгүй юм байна.
Эл санаархал нь ах, дүүсийн холбоо бүхий чөтгөрийн тойргийг таслах хүсэлгүйтэй шууд холбоотой гэж харагдахаар байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрдсэн парламентийн гишүүдийн 65 нь МАН-ынх. Тэдний бараг 40 гаруй нь ЖДҮ-тэй нэр холбогдсон. Гэвч тэдгээрийн олонх нь нэр дэвших квотоо хэдийнэ атгачихсан байсан гэдгийг нэр бүхий гишүүд хэлсэн. Наандаж л О.Батнасан гишүүний хамаарал бүхий этгээд ЖДҮ-гээс зээл авсан. Гэтэл тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл "Энэ чинь надад ямар хамаатай юм бэ. Зээлийг чинь төлсөн" гэх ухаантай үгээр хааж, Ховд аймагт нэр дэвших эрхээ атгасан.
Энэ мэтчилэн намын дарга У.Хүрэлсүх нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэг үгнээсээ буцсан бололтой. Наандаж л Баян-Өлгийн аймгийн тойргоос харахад шүү дээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (25)