Жаргалтулгын Эрдэнэбат. Сэлэнгэ аймгийн Засаг ноёноос Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болоход ердөө наймхан жилийн зарцуулсан нэгэн. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулах үедээ УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдоод байсан түүнд итгэл хүлээлгэж танхим удирдах эрх олгосон. Гэвч үүнээс гурван жилийн дараа буюу 2019 онд нийслэлийн Прокурорын газраас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталсан нь Засаг огцрох шалтгаан болж байв. Түүнийг прокуророос шалгах болсон үндэслэл нь өнөө л Тост, Тосон бумын тусгай хамгаалалттай бүс дэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал.
Бүр нарийвчилбал, тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаас 2017 оны есдүгээр сарын 8-нд огцорсноос хойш У.Хүрэлсүх Засгийн газрын толгойлох хүртэл 28 хүрэхгүй хоног үүрэг гүйцэтгэгчээр ажилласан байдаг.
Гэвч эл хугацааг ашиглаж Өмнөговь аймгийн Тост, Тосон бумба, Сэлэнгэ аймгийн Ноён уул, Булган аймгийн Тэшиг сумдын тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тусгай зөвшөөрлийн хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрлийг цуцалж, эзэмшигчтэй нь хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох Засгийн газрын 256 дугаартай “Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол батлах тухай” шийдвэр гаргажээ.
Улмаар уг шийдвэрээ үндэслэн н.Соргогбаатар захиралтай “Элбэг орд” компанид “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” буюу нийт 8397.7 га талбайг нөхөн олговрын зориулалттаар тусгай зөвшөөрөл шинээр олгосмон байгаа юм. Үүнээс нь “Улаан сайр-2” талбайгаа н.Соргогбаатар 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний төрсөн дүү Э.Эрдэнэтөгс нар хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанид ердөө ТАВХАН САЯ төгрөгөөр худалджээ.
Мөрдөн шалгалтын явцад “Хэрх илч” компанийн 31 хувийг Ж.Эрдэнэбат, үлдсэн 69 хувийг түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс эзэмшдэг болох нь тогтоогоод зогсохгүй дээрх тавхан сая төгрөгөөр худалдсан 1463.82 га талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын 7/6063 дугаартай лавлагаагаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан талбайтай бүхэлдээ давхацсан болох нь нотлогджээ.
Эндээс үзвэл, улсын тусгай хамгаалалттай нутагт тусгай зөвшөөрөл авахын тулд “Элбэг орд” гэх компанийг өмнөө барьж, хуулийхныг төөрөгдүүлэх гэсэн явцуухан санаархал байсан нь харагдана.
Түүгээр зогсохгүй эл хэрэг нь илчлэгдсэн учир нь хэргээ нуун дарагдуулах зорилгоор өөр нэгэн компанийг татан оруулсан байдаг. Энэ нь дээрх тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдаж авснаас хойш тавхан сарын дараа “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатын дөнгөж шинээр байгуулаад байсан “Бэст лэнд майнинг” компанид НЭГХЭН САЯ төгрөгөөр худалдсан асуудал.
Энэ талаар Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь “Хайгуул хийгээд юм гарвал чамд ашиг хүртээнэ. Тусгай зөвшөөрлөө Х.Эрдэнэбатад шилжүүлчих” гэсэн гэж мэдүүлсэн бол “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбат “Ж.Эрдэнэбат над руу яриад “Манай дүү Өмнөговьд нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хайгуул хийгээд юм гарвал Ж.Эрдэнэтөгстэй хувь тохирч хувааж авъя” гэсэн” гэж мэдүүлжээ.
Хэргийн эл процесс нь найз нөхөд, гэр бүлийн хүрээллээрээ дамжуулж, албан эрх мэдлээ урвуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөл авч ашиг хонжоо олох гэсэн чөтгөрийн гурвалсан тойрог болох нь харагдаж буй байх. Ингэхдээ бүр хамгийн анх “Элбэг орд” компанид дээрх тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо 2010 онд батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтай бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хуулийг зөрчиж нэг га талбайг 4500 төгрөгөөр бодож олгожээ. Ингэж олгосон талбайгаа дээр хэлсэнчлэн таван сая төгрөгөөр худалдаж аваад “Ашигт малтмал олдвол хувааж авах” нөхцөлтэйгээр өөрийн найз “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатад НЭГ САЯ төгрөгөөр худалдсан байгаа юм.
Түүний эл үйлдлийг мөрдөгчид шалгаад тогтоочихсон. Тиймдээ ч прокуророос 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол баталсан юм.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Ж.Эрдэнэбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгажээ.
Прокуророос тогтоол батлаж хэргийг АТГ-т шилжүүлэв. Үүний дагуу Ж.Эрдэнбатад прокурорын тогтоолыг танилцуулах гэж мөрдөгчид удаа дараа оролдсон боловч тэрбээр тогтоол шийдвэртэй танилцсангүй, зугтсаар өнөөг хүрсэн байна.
Үндсэн хуулийн 1.2-т зааснаар ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Ж.Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон туршлагтай гээд хэн их буруудчихгүй улстөрч, хууль тогтоох байгууллагын нэг эд эс нь. Гэсэн атлаа хууль дуудсан цагт хуулиас зугтаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгээр далайлгаж, хуулийн байгууллагын гар, хөлийг дөнгөлж сууна.
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, халдашгүй байдалтай УИХ-ын гишүүдийг хазаарлах боломж прокурорт ганц бий. Тэр нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх.
Хэрвээ прокуророос аргаа бараад ийм шийдвэр гаргавал тун удахгүй болох УИХ-ын сонгуульд МАН-ынхан барьц алдах нь лавтай. Тиймээс хуулиа дээдлээд прокурорын босго давах уу, эс бөгөөс ийн зугтсаар ирэх сонгуулийг угтах уу.
Нэгэн цагт тэрбээр “Би буруугүй. Хийсэн гэм байхгүй” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл ийн мэдэгдэж байсан шигээ, үнэн, худлын дэнсийг ажиллуулах боломжийг хуулийнханд олгоно уу гэж эрхэм гишүүнээс хүснэм.
Ташрамд дурдахад тэрбээр Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө жилийн орлого нь 99 сая төгрөг, гурван орон сууц, дөрвөн компаниас хувь эзэмшдэгээс нэг нь түүний 100 хувийн мэдлийнх, хадгаламж, бэлэн мөнгө нь 21.9 сая төгрөг гэж АТГ-т мэдүүлж байжээ. Тэгвэл Ерөнхий сайдын албанаас буусны дараа хөрөнгө орлого нь 169.8 сая болж өсөж, хадгаламж, бэлэн мөнгө, картны үлдэгдэл нь 114.3 төгрөг болтлоо 5 дахин нэмэгджээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (689)