УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Агаарын бохирдол нэлээн хүнд байна. Үүнд иргэд энд нэлээд бухимдаж байна. Энд УИХ-аас ямар арга хэмжээ авч байна?
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-аас тогтоол гаргасан. Мөн УИХ-аас гарсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тогтоолын хэрэгжилтийг хангаж биелүүлэх талаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг нэмэгдүүлэх чиглэлээр манай ажлын хэсгээс хоёр удаа Засгийн газар, Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн. Мөн Нийгмийн бодлогын байнгын хороо, Байгаль орчны байнгын хороо хамтарсан хуралдаан гурван удаа боллоо. Байнгын хороодын хурлуудаас зөвлөмж хүргүүллээ. Үндсэндээ нэг жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас, Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос дорвитой ажил хийсэнгүй. Бидний шаардсанаар БОАЖЯ-д найман сард нэг мэдээлэл сонссон. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт энэ асуудлыг хариуцаж байгаа хүн тайлан мэдээллээ ирүүлж байх ёстой, бүр үүрэг болгосон. Гэтэл энэ тайлан мэдээгээ ч ирүүлэхгүй байна. Сүүлд сураг сонссоноор Ерөнхий сайд ахалж байсан Орчны бохирдлыг бууруулах ажлын хэсгийг БОАЖ сайд ахалдаг болсон байна. БОАЖ сайд ямар ажил, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй. 11 дүгээр сарын 5-ны өдөр хоёр байнгын хорооны гишүүд агаарын бохирдлыг бууруулах ажлыг шалгах ажлыг хойшлууллаа. Ингээд маш тодорхойгүй байдалтай ямар ажил хийгдэж байгаа нь мөн тодорхойгүй байна. УИХ хууль тогтоомжийг батлах, батлагдсан хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгах хоёр үндсэн үүрэгтэй. Иймээс хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг шалгая, ажил хариуцсан хүмүүс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эсэхтэй танилцъя, шалгая гэхээр бүх зүйлийг гацааж байна. Бидний зүгээс байнга шаардаж байгаа.
-Сая бүтцээ өөрчилсөн. Баахан сан байгуулаад сүүлийн 10-аад жил 200 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж байна. Энэ жил энэ хэмжээний санхүүжилттэй бүтэц байгуулсан гэж байна. Энэ бүтэц үнэхээр оновчтой зөв ажиллах боломж байгаа юм болов уу. Эсвэл өмнөх 200 тэрбум шиг ямар ч үр дүнгүй утаатай байж байх юм болов уу. Үүнд ямар хяналт тавих вэ?
-200 тэрбум байхгүй байх. Улсын төсвийн тухай хууль батлагдсан. 80 гаруй тэрбум төгрөгийн төсөв орж ирсэн. Харамсалтай нь ажил хариуцсан сайд нь үүнийгээ хамгаалж батлуулж авч гарч чадаагүй тал нь хасагдсан. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөг байгаа байх. Бүх зуухнуудын янданд шүүлтүүр тавина гэж сенсацилсан шүүлтүүр тавиад утаа хэвээрээ байх юм бол өөрөө толгойгоороо хариуцна гэж зунжин ярьсан. Гэвч харамсалтай нь төсвөө батлуулж чадалгүй талыг нь тануулсан. Өнөөдөр ямар төсвөөр ямар бүтэц яаж ажиллах гэж байгаа мэдээлэл бидэнд ирүүлээгүй байна. Уг нь Агаарын бохирдол бууруулах үндэсний хорооноос УИХ дахь ажлын хэсэгт, ажлын хэсгийг үл тоодог юм бол холбогдох Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо манай байнгын хороонд тайлан мэдээллээ ирүүлэх ёстой. Ийм бүтэцтэй боллоо гэдгээ УИХ-д ирүүлж тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар ямар ч тайлан мэдээ ирээгүй байна. Тиймээс одоо хаанаа хэн нь юу хийж байгаа, ямар бүтэцтэй болж байгаа, яаж ажиллах гэж байгаа ажлын төлөвлөгөөгөө танилцуулалгүй жил боллоо. Нэгдүгээр сарын 5 баталсан тогтоолыг харахад тогтоолын зүйл заалт бүрт хугацаатай, хариуцах эзэнтэй, хариуцлагыг нь тооцох агуулгатай тогтоол баталсан шүү дээ.
-Одоо хариуцлага тооцох уу. Эд утааны үе эхэлсэн байхад ямар ч арга хэмжээ авахгүй утаатайгаа л байна шүү дээ?
-Үүнийг УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг асуудал, хүн амын эрүүл мэндийн асуудал, нийгэмд агаарын бохирдолтой холбуулж сургууль цэцэрлэгийн амралт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаднаас оруулж ирэх импортын бараа бүтээгдэхүүн дэмжих, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд уялдуулах гээд маш олон хийгдэх ёстой ажлуудыг хийхгүй байгаад л гол учир нь байна. Хаанаа яаж гацаад байгаа, мөн бид түлшнийхэн үйлдвэрийг нь ч очиж үзэж чадахгүй байна.
-Агаарын орчныг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын мэдэлд байдаг уу?
-Ерөнхий сайд ахалж байсан ч сүүлд бидэнд ирсэн албан бус мэдээллээр Ерөнхий сайд ахлахаа болсон БОАЖ-ын сайд ахлах болсон гэсэн. Өмнө нь БОАЖ-ын сайд байгаль орчныхоо асуудлыг, Нийслэл дээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, харин Ерөнхий сайдын дэргэд орчны бохирдлыг бууруулах гээд гурван хэсэг болчхоод агаарын бохирдлын асуудлыг эзгүйдүүлж бие биерүүгээ чихээд байсан юм. Харин үүнийг БОАЖ-ын сайдад даалгаж нэг толгойтой болгосон байна гэж олзуурхаж байсан ч харамсалтай нь бүр таг зогслоо.
-17 тэрбум төгрөгийн хагас коксжих түлшний үйлдвэр буюу “Амур интэернешнэл” байгууллага байгаа. Та үүнийг өнгөрсөн жил судалж байсан. Хэн хэнд хариуцлага тооцох тухай асуудал яригдах юм бэ?
-Үндэсний АУДИТ-ын газраас өнгөрсөн зун хоёр гурван сар үргэлжилсэн гүйцэтгэлийн АУДИТ хийсэн байна лээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн 200-аад тэрбум төгрөг гэсэн үү нэлээд олон тэрбум төгрөгийн зарцуулалт дээр 2007, 2008 оноос 2016, 2017 он хүртэл зарцуулсан мөнгөн дүн дээр маш олон компаниуд маш олон төслүүдэд зарцуулсан төсвийн болон олон улсын төслийн хүрээнд зарцуулсан хөрөнгө оруулалтын өмнө гүйцэтгэлийн АУДИТ хийсэн байна лээ. Гэвч маш олон төслүүд, ажлууд нь үр дүн багатай, хариуцах эзэнгүй, Шүүх, Прокурор руу шилжээд хэрэгсэхгүй болсон байна гэсэн баахан жагсаалт байна лээ. Уг нь үүнийг Үндэсний хороон дээр авч үзээд шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад манай ажлын хэсэгтэй хамтарч хуралдаад энэ асуудалд цаашид яаж явах вэ, юу ярих ямар ажлыг нэн даруй хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газар УИХ-тай хамтраад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллах ёстой. УИХ-аас “Хэрвээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой хууль эрхзүйн орчны шинэчлэл, өөрчлөлт нэмж хууль тогтоомж батлах ёстой бол оруулж ир” гэж байгаа юм. Нэг жил болж байна энэ хугацаанд нэг ч хуулийн төсөл оруулж ирээгүй байна. Бидний санаачилсан агаарын бохирдлыг бууруулах ажилд агаар цэвэршүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тоног төхөөрөмж гааль НӨТЭ-ийн татвараас чөлөөлөх хууль хаврын чуулганаар орсон. Үүнээс өөр ямар ч хууль, хуулийн төсөл тогтоолын төсөл санаачилж оруулж ирээгүй. Тэгэхээр үүнийг юу гэж харж байна гэхээр УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын асуудлыг шийдсэн. Одоо гүйцэтгэх засаглал, ажил хариуцаж байгаа хүмүүс ажлаа хий. Иргэд олон түмэн, төрийн бус байгууллагынхан маань ажил хариуцаж, төсөв санхүүгээ барьж буй ажлыг гүйцэтгэх ёстой гүйцэтгэх засаглал руугаа энэ асуудлыг шаардах хэрэгтэй байна. Надад Засгийн газар, ажил хариуцсан хүмүүс рүү явуулсан зөвлөмж, шаардлага маш олон бичиг цаас байна. Бичиг явуулаад нэмэргүй байна. Дараагийн асуудал нь яах ёстой юм бэ. Ажил хийж чадахгүй, ажлаа хариуцаж чадахгүй байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг хууль дүрмийн дагуу явах байх.
-УИХ-тай ямар ч холбоогүй гэсэн үг үү?
-УИХ-д ямар ч мэдээлэл ирүүлэхгүй байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)